
УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж 4 асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Авилгатай тэмцэх тухай хуульд хориг тавьсан. Энэ хоригийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхэд АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа. Энэ хуулийг нэлээд нягталж үзэх ёстой. Ялангуяа оффшортой тэмцэж байгаа, оффшорын мөнгө орж ирсэн энэ үед яаралтай хэлэлцэх шаардлага байгаа ч сайн нягталж судлах нь зөв юм. Ерөнхийлөгч энэ сарын 8-нд Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм эдийн засгийн бэрхшээлийг даван туулах тухай онцгой арга хэмжээний УИХ-ын тогтоол өргөн барьсан. Өнөөдөр нэгдүгээр сарын 25-н. Гэтэл энэ тогтоолыг одоо хүртэл хэлэлцээгүй байна. УИХ-ын намрын чуулган удахгүй завсарлах гэж байна. Коронавирусийн цар тахлын хүнд хэцүү үед МАН-ын бүлэг Засгийн газраа огцруулчихаад ард түмнээ бодохгүй байна. Энэ тогтоол аж ахуйн нэгж, өрхүүдээ дэмжсэн. Гэтэл УИХ-аар үүнийг хэлэлцүүлэхгүй байна. Энэ мөнгийг олгоход 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Үүний эх үүсвэрийг оффшороос оруулж ирж болно. Оффшороос орж ирсэн мөнгөөр төсвийн цоорхойг нөхөж болохгүй.
Мөн Ерөнхий сайдын томилгоог хэлэлцсэн. Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг АН-ын бүлэг дэмжих боломжгүй. Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газарт хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн. Танхимаараа хариуцлага хүлээж байна гэж огцорсон хэрнээ Засгийн газрынхаа Хэрэг эрхлэх газрын даргыг Ерөнхий сайдаар томилох нь ёс зүйгүй үйлдэл" гэлээ.
С.ЦОГ
Оллоо.мн