Иргэд жагсаал хийж Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорсон долоо хоног

 Нэгдүгээр сарын 19-ний өдөр дөнгөж амаржсан нялх биетэй ээжийг хүүхдийн хамт ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ халад, гэрийн шаахайтай нь хүйтэн машинд суулгаж авч явсан асуудал сошиалд шуугиан тарьж, иргэдийг бухимдуулсан. Улмаар нэгдүгээр сарын 20-ны өдөр иргэд сайн дураараа Сүхбаатарын талбайд цуглаан хийж УОК-ыг огцрохыг шаардсан. Мөн өдрийн орой УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан.

Мөн хөл хориог сулруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин шат дараатайгаар худалдаа үйлчилгээний газруудыг нээсэн. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэе.


ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР 107 ИРГЭН ИРЛЭЭ


УОК-оос нэгдүгээр сарын 22 болон нэгдүгээр сарын 31 -нд БНСУ-аас 2 удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авах хуваарийг баталсан. Хуваарийн дагуу өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардсан.

Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирсэн бөгөөд жирэмсэн-5, бага насны хүүхэдтэй гэр бүл-22, эрүүл мэндийн шалтгаантай-12, саатуулах байранд байсан-19, бусад шалтгаантай 107 иргэн байна.


БНЭУ-ААС МОНГОЛ УЛСАД ОЙРЫН ХУГАЦААНД ВАКЦИН НИЙЛҮҮЛНЭ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна.

БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцууллаа. Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна. 

Талууд вакцин нийлүүлэх хүрээнд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 150 монгол эмчийг цахим сургалтад хамруулж эхэллээ. Тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах ажил бэлэн болсон бөгөөд вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцох юм.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН НАР ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ ӨГЛӨӨ


Covid-19 цар тахал дотоодод гарч 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн улс даяар хатуу хөл хорионы дэглэм тогтоон ажилласан.  Энэ хугацаанд УОК-ын гаргасан шийдвэртэй холбоотойгоор  нэлээдгүй асуудал үүсч ирсэн. Нэгдүгээр сарын 19-ний өдөр Өргөө амаржих газарт амаржсан эх халдвартай нь батлагдаж ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Шилжүүлэх явцад нялх биетэй ээжийг халад, гэрийн шаахайтай нь  машинд суулгаж авч явсан асуудал сошиалд олны дургүйцлийг хүргэж шүүмжлэл дагуулсан. Улмаар иргэд сайн дураараа нэгдэн Сүхбаатарын талбай дээр цуглаан хийж УОК-ыг огцрохыг шаардсан. 

Мөн өдрийн орой Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар  Төрийн ордонд мэдээлэл хийж, тус тусын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэх болсоноо албан ёсоор мэдэгдсэн.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР БОЛНО


Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы  нэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж,

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн саналыг 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр авахаар тусгажээ.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг дангаар нь зохион байгуулж явуулахад 28 тэрбум төгрөгийн зардал шаардлагатай, харин Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэг тэрбум орчим төгрөг шаардагдах тооцоо гарсан. Иймээс зардал хэмнэх үүднээс Улсын Их Хурлын нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамт явуулах нь зүйтэй гэж үзсэн. 

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.1 хувь нь дэмжсэнээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.


ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ 95.2 ХУВИЙН САНАЛААР ОГЦРУУЛЛАА


Монгол Улсын Ерөнхий сайдыг өөрийнх нь саналаар огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж  хуралдаанд оролцсон 17 гишүүний 13 нь буюу 76.5 хувь нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон. УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа байнгын хорооны дэмжсэн Монгол Улсын Засгийн газар огцрох хүсэлтийг дэмжиж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  60 гишүүн буюу 95,2 хувийн саналаар дэмжив. 

Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайд томилогдтол үүрэгт ажлаа хийхийг УИХ-ын тогтоолд тусгалаа. 

 Ерөнхий сайд огцорсноор У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ  огцорч байгаа юм. 

АТГ-ЫН ДАРГЫГ ЕРӨНХИЙ САЙД ТОМИЛОХ ЗААЛТАД ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИЛАА


Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавилаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ


УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулан өглөө.

Монгол Ардын намын Бага хурлын 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн IX хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн хугацаанд нь УИХ-д саналаа оруулна гэлээ.

С.Тайшир
Оллоо. мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tuilshral 2021-01-23 10:23:21
    Mongolchuud temtsej b.o Tuilshirch bolohgui
    108.162.219.55
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-01-23 05:10:54
    АН -г Эбэ булшилсан нь бүрч тодорхой болов.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах