Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхийг хүүхдийн хамт ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүндэг бус хандсан явдал олны дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулсан. Үүнтэй холбогдуулан өчигдөр Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргасан.
Өнөөдөр өглөө болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр Ерөнхий сайд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг ярьсан гэнэ.
МАН-ын Удирдах зөвлөл одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдана. Танхимын хоёр сайдынхаа оронд шинэ томилгоо хийгээд явах уу аль эсвэл танхимаараа огцрох уу гэдэг нь МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээс хамаарах нь.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т “Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна.” гэж заасан байдаг.
С.ЦОГ