А.Амбасэлмаа: Улаанбаатарт 16 тохиолдол нэмэгдсэний нэг нь ХӨСҮТ-ийн эмч байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул, Орхон,  Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт 12940 хүнд шинжилгээ хийснээс 16 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Уг  16 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 15 нь гэр бүлийн, орцны ойрын хавьтлууд ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүсээс илэрлээ. Баянгол дүүргийн 12-р хорооны 19-р байрны орцны хавьтал 9 хүн байна. "Монос"-д ажилладаг хүнтэй холбоотой гэр бүлийн халдвар авсан 2 хүн байна. Бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээнд илэрлээ.  ХӨСҮТ-ийн нэг ажилтны шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Улаанбаатар хотод нийт 756 тохиолдол бүртгэгдлээ. 
 

Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй.  

Дотоодын нийт тохиолдол 1082 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1584 болж, 1046 хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, Нэгдүгээр эмэнэлэгт нийт  526 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 55, хөнгөн 462 хүн байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 10 гаруй кластер өвчлөл бүртгэгдсэн. Иргэн Д-ын голомт 48 тохиолдолтой, Төмөр замын голомт 16 тохиолдол, 9-ийн голомт 58 тохиолдол гурван байршилд бүртгэгдсэн, хамгийн том нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой голомт 387 тохиолдол 9 байршилд бүртгэгдсэн,  "Ачтан" эмнэлэгтэй холбоотой 72 тохиолдол, "Мөнххада" компанийн голомтод 28 тохиолдол, Баянгол дүүргийн 5 орон сууцанд 16 тохиолдол,  Баянзүрх дүүргийн 17-р хорооны 32 тохиолдол байна" гэв.


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus