ЭМЯ: Энэ сарын 16-ний шөнө Нэгдүгээр эмнэлэгт хэвтсэн өвчтөнөөс коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа "2021 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул, Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт 15300 хүнд шинжилгээ хийсэн. Таван тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

4 нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүсээс илэрсэн. Нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-ны шөнө ирж хэвтсэн хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Биеийн байдал хүнд байна. Тухайн өвчтөнийг тусгаарлан шинжилгээ хийсэн бөгөөд эмчилгээ, тандалт судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байна.

Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй.  

Дотоодын нийт тохиолдол 1016 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 38 хүн эмчлэгдэж гарсан байна.

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1517, эдгэрсэн 947 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт  нийт  559 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 4, хүндэвтэр 41, хөнгөн 512 хүн эмчилгээнд байна.

С.Тайшир
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus