Дэлхийн хамгийн хачин цахирмаа цэцгийг ургамал судлаачид шинжлэх ухаанд бүртгэлээ

Ихэнх хүмүүс цахирмаа цэцгийг гоё сайхны илэрхийлэл гэж төсөөлдөг. Цахирмаа цэцгийн гоёмсог хэлбэр бүхий өнгөний зохицол, дэлгэрэх үед үүсэх анхилам үнэр, дэлбээн дээрх чамин хээ хуар зэрэг нь энэ төсөөлөлд хүргэдэг болов уу.

Цахирмаа цэцгийн овогт одоогоор 25000 гаруй бие даасан зүйл бүртгэгдсэн бөгөөд дээр дурдсанаас ядаж нэг юмуу хоёр шинжүүдээс агуулсан байдаг.

Хатан хааны ботаникийн цэцэрлэгийн ургамал судлаачид 2019 онд Мадагаскараас нэг зүйлийн цахирмаа цэцэг олоод шинэ зүйл мөн болохыг батлах судалгааны ажил нь 2020.11.05-нд “Botanical magazine” хэвлэгдсэн байна. Судлаачдын өгүүлснээр тус зүйл нь сарнай цэцэг шиг анхилуун үнэртэй ч дэлхийн хамгийн үзэмжгүй цахирмаа цэцгээр нэрлэгдээд байна. Энэ шинэ зүйлийн цахирмаа цэцгийн латин нэрийг "Gastrodia agnicellus" гэж оноосон.

Судлаач Йохан Херманс: -“Энэ цахирмаа үзэмж муутайг дурдах ёстой. Учир нь цэцгийн дотор талын улаан, гадна талын хүрэн өнгө нь түүнийг амьтантай илүү төстэй харагдуулдаг”.

Хэдий үзэмж муутай харагдсан ч эрдэмтэд шинэ зүйлийн цахирмааг олох үед ихэд сэтгэл хөдөлсөн байна. Учир нь биологийн шинэ зүйлийн нээлт нь урьд өмнө мэдэгдээгүй асуудлыг шийдвэх шинэ боломж олгож болох талтай байдаг. Gastrodia agnicellus зүйлийг шинээр бүртгэсэн нь сайн мэдээ ч муу мэдээ нь гэвэл энэ зүйл нь endangered буюу устаж байгаа зүйлд тооцогджээ.

Судлаач Мартин Чик: -“Бидний өмнө тулгараад байгаа бодит байдлыг дутуу үнэлж болохгүй. Өнөөдөр манай гаригийн таван ургамлын хоёр нь устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа тул Еndangered (EN) буюу устаж болзошгүй ургамлын зүйлүүдийг алга болохоос нь өмнө олж, таньж, нэрлэж, хадгалж үлдэх нь цаг хугацаатай уралдаж хийх ажил болоод байна” гэжээ.



 

МУШУА
Г.Бүрэнбаатар

Бусдад түгээх
  • gplus