Газар хөдлөлт болж, коронавирусийн эсрэг вакциныг МУ-ын эмийн бүртгэлд бүртгэсэн долоо хоног
 Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 

НЭГДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРӨӨС ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭГДЛЭЭ


Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний өдрөөс эхлэн хөл хориог сулруулж халдвар хамгааллын дэглэмийн дор зарим салбаруудын үйл ажиллагаа  хэвийн явагдаж эхэлсэн.

Нийслэлийн хэмжээнд  үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа салбарууд:

1.Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
2.Барилгын материалын худалдаа, модны зах
3.Авто техникийн зах
4.Ресторан, кафе, цайны газар
5.Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп
6.Хувцас захиалга засвар үйлчилгээ
7.Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ
8.Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
9.Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар
10.Цүнх захиалга
11.Нүдний шил захиалга, засвар
12.Цоож түлхүүр, цаг засвар
13.Хими цэвэрлэгээ, угаалга
14.Гэрэл зураг
15.Айл нүүлгэх үйлчилгээ
16.Эд бараа түрээслэх үйлчилгээ
17.Нийтийн бие засах газар
18.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
19.Авто засвар, дугуй засвар


МОНГОЛ УЛСЫН ЭМИЙН БҮРТГЭЛД PFIZER, ASTRAZENECA, MODERNA-ГИЙН ВАКЦИНЫГ БҮРТГЭЛЭЭ


2021 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар дэлхийн 41 оронд есөн үйлдвэрлэгчийн вакциныг 24 сая хүнд хийгээд байна. ДЭМБ-аас 2020 оны 12 дугаар сарын 31-нд Pfaizer вакциныг бүртгэсэн.

Монгол Улсын хувьд хүн амын вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр байхгүй. Иймд манай улсын хувьд коронавирусийн вакцин бүртгэх журмыг боловсруулж баталсан. Үүний дагуу  Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд энэ сарын 11-ний өдөр бүртгэсэн гэдгийг ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан хэллээ. Вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон. Ингэснээр вакциныг богино хугацаанд Монголд оруулж ирж, иргэдээ дархлаажуулах ажилд ахиц гарч байгаа юм. Вакцин орж ирэхэд халдварын өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулна. Дараа нь халдварын эрсдэл өндөртэй иргэд, ахмад настнуудыг дархлаажуулах дарааллаар нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна гэж тооцоолж байгаа юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 98 ХУВИЙГ ДОТООДООС ХАНГАЖ ЭХЭЛЛЭЭ


Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 93 сая ам.доллараар "ДЦС-IV" төрийн өмчит хувьцаат компанийн дөрвөн турбингенераторыг өргөтгөж Төвийн бүсийн эрчим хүчний системд холболоо.  Ингэснээр манай улс ОХУ-аас авдаг эрчим хүчний импортыг хоёр дахин бууруулж, хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. 89 МВт-аар өргөтгөсөн нь 10 аймгийн төвийг эрчим хүчээр, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадал гэсэн үг юм.

Цахилгаан станцын өргөтгөлийг "ДЦС-IV" болон ОХУ-ын "Уралын турбин завод" компанийн инженер, техникийн ажилчид хамтран хийлээ. Туслан гүйцэтгэгчээр "Ган цагаан өргөө", "Морьтон", "ББЗБ", "Эрчим сервис", СММ", "Монкран консалтинг", "Бестпрайс", "Ханжинбулаг", "Шинэ эхлэл төсөөлөл", "Ди Ти Юу" компани ажиллажээ. "ДЦС-IV" компани Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг үйлдвэрлэж байна.


УЛААНБААТАР ХОТ, ХӨВСГӨЛ АЙМАГТ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО


Олон Улсын Газар хөдлөлтийн судалгааны байгууллагын мэдээллээр (EMCS-CSEM) нэгдүгээр сарын 12-ны өглөө ОХУ-Монгол улсын хилийн орчимд орон нутгийн цагаар 05:33 цагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн.

Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт  6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6  магнитудтай газар хөдлөлт болсон байна.

Эдгээр газар хөдлөлт нь  Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгдсэн  байна.

 Монгол Улсад 30 жилийн өмнө буюу  1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ.

ХУВИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО


Энэ сарын 13-ний өдөр  Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад дараах хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Тодруулвал зөвхөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн сургуулиудад суралцаж байгаа оюутан суралцагчдыг боловсролын зээлд хамруулдаг байсан бол төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Ингэснээр 2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр 2,8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг, өмнө нь хүсэлт гаргасан 5000 гаруй оюутан болон дээрхи шаардлагыг хангасан хувийн өмчийн их дээд, сургуулийн оюутнууд шинээр хүсэлт гаргаснаар  зээлд хамрагдах боломжтой болж байна.

АЛТАНБУЛАГ БООМТООР НЭВТРЭХ АЧАА ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООСОН ХУГАЦААГ ХОЁРДУГААР САРЫН 1 ХҮРТЭЛ СУНГАЛАА


Энэ сарын 13-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоосныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх эрсдлийг бууруулах үүднээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүнс, эм , эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрүүлнэ. Ингэхдээ гадаадын тээвэрлэгчийн ачаатай чиргүүлийг боомтын хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлж авах байдлаар ачаа тээвэрлэлтийг зохион байгуулна.

Энэ хүрээнд хүйтний улиралд ажиллах ариутгалын цэг байгуулах, хилийн хяналтын болон автотээврийн байгууллагын албан хаагчид байрлан ажиллах түр байр барих, хяналтын камерийн систем суурьлуулах ажлууд хийгдэнэ.

С.Тайшир

Оллоо.мн
 


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-01-16 15:00:17
    ЖЭ. тэнгэр болгоотугай
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах