ЭМЯ: ''Мөнххада'' компаний голомтод 4, Баянзүрх дүүрэгт 8 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори,  НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул, Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт 16854 хүнд хийгдсэн шинжилгээнээс 12 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

 Илэрсэн 12 тохиолдол Улаанбаатар  хотод бүртгэгдсэн. "Мөнххада" компанийн голомттой холбоотой ажиглан тусгаарлалтад байсан гэр бүлийн хамааралтай 4 хүний давтан шинжилгээнээс, Баянзүрх дүүргийн 17,12-р хорооны гэр бүлийн хавьтлын 8 хүний шинижлгээнээс тус тус коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатар хотын нийт тохиолдол 664 боллоо.

Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй

Дотоодын нийт тохиолдол 990 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 38 хүн, ХӨСҮТ-ээс 14 хүн эдгэрч  Хан-Уул дүүргийн эмнэлгийн хяналт руу шилжлээ. 

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1491, эдгэрсэн 909 хүн байна. ХӨСҮТ /245/,  Цэргийн төв эмнэлэг /135/, Хан-Уул дүүргийн эмнэлэгт  нийт  571 хүн эмчилгээнд байна.

Нэгдүгээр сарын 14-нд батлагдсан тохиолдоос зарим хүн бие нь өвдөж эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн үедээ эмнэлгийн үйлчилгээ авахаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Тийм учраас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг хяналтад авч, 100 -аад ажилчдаас шинжилгээ авсан. Урьдчилсан байдлаар шинжилгэнүүд сөрөг гарсан. ХӨСҮТ-д нэг өвчтэй хүн очиж үйлчилгээ авсан тул  эмч, ажилчид гээд үйлчилгээ үзүүлсэн  21 хүнээс шинжилгээ авсан. 10 хүнийг ойрын хавьтлаар тооцож тусгаарласан байна. Мөн "Энэрэл" эмнэлэгт очсон тул 90 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу  сөрөг гарсан. Батлагдсан тохиолдлоос нэг хүн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст ажилладаг байсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн газрын 100 гаруй хүнийг ажиглалтад авч , 10 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаад байна. Нийслэлд 10 голомт байгаагаас 3 голомт идэвхитэй байна" гэв.


С.Тайшир
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus