Хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

“Хяналтын тухай” хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар нар болон Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Дональд Макрей, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ажилтнууд, холбогдох албаны төлөөлөгчид оролцов.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү үг хэллээ. Тэрээр “Хяналтын тухай хуулиар иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна. Мэргэжлийн хяналтын байгууллага аливаа осол, аюул гарсан хойно нь хяналт тавих бус эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн туслалцаа, хамтын ажиллагаан дээр суурилж ажлаа явуулдаг байх шаардлагатай байна” гэв.

Хэлэлцүүлгийн эхэнд Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Дональд Макрей олон улсын хяналтын туршлага дээр үндэслэн  илтгэл тавилаа.

Тэрээр юун түрүүн “Хяналтын тухай” хуулийн төслийг бусад улсад жишээ болохуйц хуулийн төсөл болсон талаар онцлоод Монгол Улсын энэхүү шинэчлэлийн талаар өөр бусад улсад танилцуулж туршлага болгосон хэмээв.

Мөн тэрээр "Зарим улс оронд хяналт шалгалтын тоо бага бол  аюулгүй байдал алдагдана гэж үзэх нь бий. Гэтэл энэ бол буруу ойлголт юм. Эрүүл ахуй, ариун цэврийн эрх бүхий байгууллагууд бизнесийн байгууллагуудын 51 хувьд нь биет шалгалт хийхэд хяналт ихтэй Украйн улсад Европын холбооны гишүүн орнуудтай харьцуулахад  5 дахин их хүн халдварт өвчнөөр нас бардаг нь тогтоогдсон. Мэдээж бүгдийг шалгах арга зүй үр дүнтэй байдаггүй. Ямар ч улсад өдөр тутам бүх аж ахуй, нэгжийг хянаж шалгах боломж, нөөц бололцоо байхгүй. Харин эрсдэлд суурилсан хяналт нь хяналт шалгалт хаана хэрэгцээтэй байгааг эрсдэлд үндэслэн тогтоодог” гэв.

Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Дональд Макрейн илтгэлтэй холбогдуулан ажлын хэсгийн гишүүд болон холбогдох албаны төлөөлөгчид асуулт асууж, харилцан санал солилцлоо.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.