Х.Баттулга: Тусгаар тогтносон улс мөнгөгүй гэж хэлж ерөөсөө болохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга МҮОНРТВ-д цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө.

“ҮНДЭСНИЙ СОЁЛОО ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮНДСЭН АЖИЛ УЧРААС ӨӨРӨӨ ҮЛГЭРЛЭЕ ГЭЖ ШИЙДСЭН”

Өнөөдөр манай студид надтай ярилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирээд байна. Та сүүлийн үед телевизээр монгол бичгийн хичээл заагаад хүмүүсийн сонирхлыг бас татаж, мөн хэл ам ч дагуулж байх шиг байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ? Ер нь хичээл заах нь Ерөнхийлөгчийн үндсэн ажил мөн үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн ажлуудын нэг нь үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх байдаг. Өмнөх Ерөнхийлөгч нар морин хуур, Монголын нууц товчоог залах гэх мэтээр энэ ажлыг хийж байсан. Энэ хичээл бол түүний нэг хэлбэр. Бид нар бол кирилл бичгээр сурч боловсорсон үеийн төлөөлөл. Би 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа “Мөнх тэнгэрийн бичиг” нэртэй хүүхдүүдийн уран бичлэгийн уралдаанд очиж шагнал гардуулсан. Энэ уралдаанд ӨМӨЗО, Буриадын иргэд ирж оролцдог. Энэ арга хэмжээн дээр очоод нэг цаг орчим болохдоо би юу гэж бодсон бэ гэхээр, хэн нэгэн хүүхэд босож ирээд “Та нэрээ бичнэ үү” эсвэл “Та монгол бичиг мэдэх үү” гэж асуувал би юу гэж хариулна аа гэж бодсоор байгаад дуусаж байх жишээтэй. Ингээд өөрөө хичээгээд хоёр, гурван сарын хугацаанд монгол бичгээ сурсны дараа үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх нь Ерөнхийлөгчийн үндсэн ажил учраас өөрөө үлгэрлэе гэж шийдээд, монгол бичгээ сэргээх, уралдаан зарлах байдлаар оролцоог нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа юм. Янз бүрээр хэлэгддэггүй улс төрийн албан тушаалтан гэж байхгүй байх аа.

Дэлхий даяар цар тахлын аюул дэгдээд нэг жил орчим болж байна. Нэг талаас нь харвал ард иргэдээ өвчний аюулаас хамгаалах ажил байгаад байдаг. Нөгөө талаасаа эдийн засаг нь уначих гээд, амьжиргаа дордоод байдаг зовлон байх юм аа. Энэ асуудлыг та хэрхэн харж байна вэ? Бизнесийн хүн байсан шүү дээ.

-Дэлхий даяараа энэ өвчинтэй тулгараад жил болж байна. Манай улс өнгөрсөн жилийн өдий үеэс эхлэн хилээ хааж, өвчнөөс сэргийлэх янз бүрийн арга хэмжээ авсан. Авахаас ч өөр арга байхгүй. Гэтэл эргээд эдийн засаг эргэлт, хүнээр яривал цусны эргэлт зогсчихож байгаа юм. Хөгжсөн, эрүүл эдийн засагтай орнууд мөн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Манай орны хувьд нэн хүндрэлтэй нэг жилийг даван тууллаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс шуурхай арга хэмжээнүүдийг авсан. Одоо бид ямар асуудалтай нүүр тулж байна вэ гэхээр амьжиргаа, орлогын асуудал руу орж байна. Бид мөнгөгүй байна гээд суугаад байж болохгүй л дээ. Миний зүгээс хэд хэдэн саналыг тавьсан. Цар тахал гараад нэг жил боллоо, цаашдаа нөхцөл байдал улам хүндэрнэ шүү гэж хэлсэн. Тухайлбал, 2021 он гарахаас өмнө төсвөө тодотгох шаардлагатай гэж үзэн 2021 оны улсын төсөвт хориг тавьсан. УИХ-ын олонх хүлээж аваагүй. Тэвчиж болох хөрөнгө оруулалтуудыг зогсоож, эргээд хуримтлагдсан мөнгөө үйл ажиллагаа нь зогсчихоод байгаа аж ахуйн нэгжүүддээ оруулаач ээ гэдэг санааг хэлсэн.

Мөн Салхитын мөнгөний ордыг энд ярих хэрэгтэй байх. Хоёр жил өнгөрч байна. Тухайн үед иргэдтэй уулзаад явж байхад хамгийн их хэлсэн санал нь тэтгэврийн зээл байсан. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулсан. Боломжит нэг хувилбар нь асар  их зөрчил, авлига, хээл хахуулийн асуудалд холбогдсон Дундговь аймгийн нутагт оршдог Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж, иргэдээ 6 сая хүртэлх тэтгэврийн зээлээс чөлөөлөх байсан. Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулна гэдэг нь бизнесийн утгаараа тодорхой хэмжээний бонд юм уу үнэт цаас гаргаад, үүгээр банканд байгаа өрүүдийг худалдаж аваад, тэр худалдаж авснаа борлуулалтаар төлж байгаа юм. Жишээ нь энэ цар тахал гарсан тохиолдолд тэтгэврийн зээлийн өр нь хөгшчүүдэд асар их дарамт болох байсан. Энэ ажил бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн зөв шийдвэр гаргасан байна гэдгийн баталгаа юм.

Сая шинэ жилийн өмнө би нэг санал тавьсан. Бусад орны туршлагаар нэг сая хүртэлх төгрөгийг өрх бүрд өгч, өрхийн орлогод нэмэр болгоё, үүний 800 мянгыг ваучераар, 200 мянгыг бэлнээр өгье гэдэг санал. Нийтдээ 900 орчим мянган өрхийг дэмжсэн арга хэмжээ авч, 800 мянган төгрөгийн ваучер нь худалдан авалт болоод ирэхээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг хадгалж үлдэх боломж байгаа юм.

-Та сая 900 мянган өрхөд 800 мянгыг ваучераар, 200 мянгыг бэлнээр өгье гэлээ. Гэтэл Сангийн сайд төсөвт мөнгө байхгүй гээд байгаа. Өчигдөр та УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барьсан. Төсөвт мөнгө байхгүй гээд байгаа энэ байдлыг яаж шийднэ гэж харж байна вэ?

-Энд улсын төсөв яагаад мөнгөгүй байгаад байгаа юм бэ гэдэг асуудал байна. Хэн төсвийг мөнгөтэй байлгах ёстой юм? Энэ бол Засгийн газрын ажил. Сангийн сайдын менежментийн ажил. Хэрвээ Сангийн яам мөнгөгүй гэж байгаа бол тэр хүн ажлаа муу хийж байна гэсэн үг. Чаддаг хүнд нь ажлаа өг гэсэн зөвлөмжийг өгмөөр байгаа юм.

Би Баасан гарагт УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Оффшор бүсэд хулгайлагдсан, нууцлагдсан мөнгийг Монголд оруулж ирэхэд төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай. Тэгэхээр Монголбанканд данс нээгээд оффшор бүсээс орж ирсэн мөнгийг байршуулж, тэр мөнгөөр ваучер олгох ажлыг мөнгөжүүлэх УИХ-ын тогтоолыг гаргаж өгөөч гэсэн. Энэ төслийг УИХ-аар хэлэлцэх үед тодорхой яригдах байх гэж бодож байна.

“ОФФШОР БҮСЭЭС МӨНГӨ ОРУУЛААД ИРЭХЭЭР ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ ХААГААД БАЙЖ БОЛОХГҮЙ, ӨНӨӨДӨР ТУЛГАМДААД БАЙГАА ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБООТОЙ ГАРЧ БАЙГАА АСУУДЛУУДЫГ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ”

-Оффшор бүсэд нуусан байсан мөнгийг оруулаад ирэх нь байна шүү дээ?

-Оффшор бүсээс мөнгө оруулж ирэх ажил сүүлийн хоёр жилд маш идэвхтэй явж байгаа. Одоо ч үргэлжилж байгаа.

-Гэтэл өөр эх сурвалжууд оффшор бүсээс мөнгө орж ирээгүй, тийм юм байхгүй гэсэн зүйл ярьж байна л даа?

-Тэр сандраад байгаа хүмүүс дансан дахь нуусан мөнгөө үзэхээр тэр мөнгө нь байгаад байгаа болохоор л тэгж яриад байгаа байх л даа. Жишээ нь чи нууц мөнгөтэй байлаа гэж бодъё. Ерөнхийлөгч оффшор бүсээс мөнгө оруулж ирлээ гэхээр нь дансаа шалгахаар мөнгө нь байж байвал орж ирээгүй байна шүү дээ л гээд байгаа байх. Хамгийн их сандарч байгаа хүмүүс тийм мөнгөтэй холбоотой болов уу гэж бодож байна.

Дахиад хэлэхэд өрхийн тэргүүн ажилгүй, мөнгөгүй, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй, хүүхдүүдээ өлсгөж байгаа бол өрхийн тэргүүний буруу биз дээ? Тиймээс Засгийн газар маань мөнгөгүй гэж хэлж болохгүй ээ. Тусгаар тогтносон улс мөнгөгүй гэж хэлж ерөөсөө болохгүй гэж би боддог. Монгол Улс бол асар их баялагтай орон.

-Тэгэхээр оффшор бүсэд гаргасан нууц мөнгө байгаад байна шүү дээ? Тэр мөнгө орж ирээд Монголбанкны данс руу орох юм байна.

-Монголбанкны данс руу оруулаач гэсэн тогтоолын төсөл өргөн барьж байгаа юм.

-Энэ мөнгө улсын төсөв, Сангийн яамны данс руу орохгүй юм байна?

-Улсын төсөвт орохгүй. Сангийн яам руу ороод ирвэл төсвийн алдагдлыг хаах гээд байна шүү дээ. Байнга л тийм ажил хийдэг.

-Энэ асуудал шүүхээр нотлогдсоны дараа Монголбанк руу шилжих үү?

-Тогтоолын төслөө урьдчилаад барьж байгаа юм. Яагаад гэвэл хулгайлагдсан мөнгийг буцаагаад оруулаад ирэхээр төсвийн алдагдлыг хаагаад байж болохгүй. Өнөөдөр тулгамдаад байгаа цар тахалтай холбоотой гарч байгаа асуудлуудыг шийдэх монголчуудын өөрсдийнх нь мөнгө гэж ойлгох хэрэгтэй.

-Таны ярьж байгаа ваучер ямар учиртай, зорилготой вэ?

-Цар тахалтай холбогдуулан ялангуяа Азийн орнууд ваучер олгох арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн. Энэ бол дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэлбэр. Яагаад гэвэл нэг сая төгрөг өгөөд согтууруулах ундаа, тамхи, эсвэл импортын барааны худалдан авалт хийлгэхгүйгээр зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжих зорилготой юм. Энэ талаар МҮХАҮТ-тай хамтарч бүх судалгааг гаргасан.

-Та оффшор бүсээс мөнгө оруулж ирнэ гээд тогтоолын төсөл санаачиллаа. Гэтэл таныг өөрийнхөө мөнгийг оффшорт нуусан гэж ярьж, бичиж, хардаж байна?

-Нэгдүгээрт, би бизнесийн салбараас улс төрд орж ирсэн, мөнгийг хадгалахын эсрэг байдаг хүн. Мөнгийг байнга эргэлтэд оруулж байх ёстой гэж боддог. Хоёрдугаарт, би өөрөө ч сайн ойлгохгүй нэг схемийг сүүлийн арваад жил ярьж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бас энийг ярьж байсан. Энэ яриад байгаа хүмүүс өөрсдийнх нь асуудал хүндрээд эхлэхээр ярьж байгаа болов уу. Тухайн үед нь би энэ асуудлыг нэг их тоогоогүй. Гаргаж ирж яриад байгаа хүмүүс тэр орлогыг тодорхойлох юм бол өөрсдөө аваарай л гэж хэлж байгаа.

-Яг үүнтэй холбоотой нэг зүйл яригдаад байдаг л даа. Таны хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд өр зээлийнхээ баримтыг үгүй хийж байгаа гэж яриад байна?

-Би огт сонсоогүй юм байна. Нягтлан бодогч, санхүү хариуцсан хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Надад хувийн компани байхгүй, хувьцаат компанийн хувь эзэмшдэг. Тэр компаниуд өөрсдийн удирдлагатай, төлөөлөн удирдах зөвлөл, санхүүтэй. Ямар дээр үе байгаа биш дээ? Одоо орчин үед аж ахуйн нэгжүүд өр ширээ устгадаг юм байдаг юм уу? 1921 оноос өмнө болдог л байсан байх.

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖЛЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА БОЛ ӨӨР ЮУ Ч ХИЙСЭН ЭСЭРГҮҮЦЭХ ЮМ БАЙНА ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ АВСАН”

-Саяхан Хүүхдийн төлөө фонд байгуулагдсан. Та ч энэ ажлыг дэмжсэн. Ард иргэд ч дэмжиж хандив өргөсөн. Манай МҮОНРТВ-ээр шууд нэвтрүүлэг нь явсан, мөнгөн хөрөнгө болон эд материалын хандив чамгүй цугларсан. Гэтэл тантай ойр байдаг улсууд Хүүхдийн төлөө фондтой нэр холбогдож, тэдний нэр дээр байгуулсан гэсэн хардалт үүссэн. 2021 он бол сонгуулийн жил учраас таны пиар яваад байна гэж хардаад байна л даа. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Бид нар 30 жилийн турш хүүхдүүдийн төлөө, ирээдүйнхээ төлөө юу ч хийгээгүй шүү дээ. НҮБ-ын Хүүхдийн төлөө сангаас орж ирж байгаа дэмжлэгийг авдаг. Сүүлдээ гадны шашны байгууллагууд орж ирж хүүхдүүд дээр менежмент хийгээд эхэлсэн. 1990 оноос өмнө хүүхдийн төлөө маш их ажлууд хийгдсэн байдаг. Хүүхдийн хөгжмийн зохиолч, хүүхдийн номын зохиолч, хүүхдийн номын зураач гэж байсан, хүүхэлдэйн кинотой байсан. Одоо бид хүүхдийн төлөө гэх бүх юмаа устгасан. Эргээд энэ талаар судалгаа хийгээд, Хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулах оролдлогыг төрийн бус байгууллагуудын санаачилгаар гаргасан байна. Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд танилцуулсан, Соёлын яам нь дэмжсэн байна. Энэ эсэргүүцээд байгаа хүмүүсийг би гайхаад байгаа юм. Хүүхдийн төлөө ажлыг эсэргүүцэж байгаа бол өөр юу ч хийсэн эсэргүүцэх юм байна гэсэн ойлголтыг авсан. Маш их хэмжээний мөнгө цугларсан байна лээ. Түүхэндээ анх удаа байх. Би бол их бахархалтай хүлээж авсан. Тэр байтугай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийг авч хэлэлцээсэй, энэ санг авч яваасай гэсэн бодолтой байгаа. Эмзэглээд байх сэдэв биш. Харин хүүхдүүдийн төлөө юм хийхгүй байгаа нь эмзэглэх асуудал юм. Бид ийм эмгэнэлт байдалтай тулж ирсэн байна гэдгийг л харсан.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэснээс Үндсэн хууль, шүүхийн дээр гарлаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дамжуулан эрх мэдлээ тогтоох оролдлогууд явж байна гэж ярьдаг. Ер нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн маань өнгөрсөн хугацаанд хэр эв нэгдэлтэй ажиллаж чадав?

-1992 онд батлагдсан Үндсэн хуулиар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл буюу төрийн гурван өндөрлөгийн тогтолцоог бий болгосон байдаг. Өөрөө улс төрд орж байсан учраас мэдэх байх. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хоорондоо асуудалтай байдаг байсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш одоогийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав Монгол Улсын өмнө тулгамдаад байгаа асуудлуудаар маш олон удаагийн уулзалт, хурлуудыг хийсэн. 2017 оноос хойш л гэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 41 удаа хуралдаж, 54 зөвлөмж гаргасан байх жишээтэй. 2009-2017 онд найман жилийн хугацаанд 25 удаа хуралдсан байна. Өнөөдөр бид шинэ нийгэм, ардчилсан тогтолцоог сонгоод 30 жил боллоо. Энэ бол бид юу олсон, юу алдсанаа дүгнэх хугацаа гэж бодож байна. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэхгүй асуудал гэж байхгүй. Шашин хоорондын асуудал, газар нутгийн асуудал, сая хэлсэн монголчуудын ирээдүй, хүүхдийн асуудал, эдийн засаг, Сангийн сайд нь яагаад монголчууд мөнгөгүй, төсөв хөрөнгө байхгүй гэж ярьдаг болсон, уул уурхай гэж сүүлийн 20 жил явлаа, орлого нь хаашаа ороод байгаа юм, яагаад баян хоосны ялгаа их болчихсон юм, яагаад үйлдвэр барьсан хүн өрөнд идэгддэг юм гэх мэт. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн Монгол Улсынхаа төлөө гэсэн байр суурин дээр нэгдэж, энэ асуудлуудыг шийдэж байна.

Ташрамд хэлэхэд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөө хоёр гишүүнд талархаж явдаг.

-Та Ерөнхийлөгч болсноосоо хойш Ардчилсан намын үйл ажиллагаа, дотоод хэргээс хөндийрсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн жил эхэлчихсэн явж байна. Та Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших үү?

-Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажлаа хурлаа хийж олонхоороо шийддэг. Тэр зарчмаараа л явна.

-Та Ардчилсан намаас дэвшинэ биз дээ?

-Явдаг процессоороо шийдэгдэх байх.

“МАНАЙ ӨНӨӨГИЙН ТОГТОЛЦООГООР НЭГ ХҮН УДИРДААД БАРИВЧИЛГААНУУД ХИЙГЭЭД БАЙХ БОЛОМЖ БАЙХГҮЙ”

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө хэд хэдэн баривчилгаа явсан. Ард түмэн сайн мэдэж байгаа. Шинэ оныг Ерөнхий сайд асан, сайд асан хэд хэдэн хүн шоронд өнгөрөөлөө. Энэ баривчилгааны ард таныг байна, зохион байгуулалтад нь оролцсон гэсэн яриа яваад байдаг л даа?

-Манай өнөөгийн тогтолцоогоор нэг хүн удирдаад баривчилгаанууд хийгээд байх боломж байхгүй. Ерөнхийдөө авлигатай тэмцэнэ гэдэг ажлыг олон жил ярьсан. Төрийн өндөр албан тушаалд байсан хүмүүс тодорхой хугацаанд асар их баяжаад зүгээр яваад байдаг асуудал жирийн үзэгдэл шиг болох гээд байна. Бид үүнийг яриад байдаг, одоо дасах тал руугаа орж байна. 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшихэд ард иргэдийн зүгээс авлигатай тэмцэх асуудлаар асар их хүлээлттэй байсан. Авлигатай тэмцэх газар мөрдөх ажиллагаа явууллаа, прокурорт танилцууллаа, прокурор саналаа хэлээд шүүхэд очдог. Энэ тогтолцоонд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхад л энэ ажил өөрөө явдаг болов уу.

-Яг үүнтэй холбоотой нэг асуулт байна. УИХ-аар хэлэлцээд байгаа Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийн асуудал. Энэ заалтаар таны хэлээд байгаа албан тушаалтнуудын хэрэг, цагаан захтнуудын хэрэг шийдэгдэж, чөлөөлөгдөөд гараад явчих юм байна?

-Хуулийнх нь гарцыг олоод харчихсан юм байна лээ л дээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ хүлээгээд авчих юм бол маш олон хүн хөөн хэлэлцэх хугацаагаар суллагдах юм байна лээ. Олон улсын авлигын конвенцид авлигатай холбоотой хэрэг хөөн хэлэлцэх хугацаанд ордоггүй. Энийг хуулийнх нь гаргалгаагаар олчихсон байгаа ч нийгэм хүлээж авахгүй. Яагаад гэвэл өнөөдөр ядуурлын түвшингээ харах хэрэгтэй. Иргэдээс сонгогдож албан тушаалд гараад эргээд өөрсдөө баяждаг байдал иргэдийн бухимдлыг хүргэж байгаа учраас явахгүй болов уу гэж бодож байна. Мөн Авлигатай тэмцэх газрын даргыг томилох эрхийг Ерөнхий сайдад олгож байна гэдэг бол маш буруу үйл явдал. У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг концессийн гэрээний асуудлаар огцруулсан. Засгийн газрын гишүүд нь том том концессийн гэрээнүүдийг авчихсан гэсэн үг. Кабинетийн гишүүд авлигатай тэмцэх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа обьектууд шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайд буюу төсвийг ерөнхийлөн захиран зарцуулах эрхтэй хүн Авлигатай тэмцэх газрын даргыг томилбол сайд нар эргээд асуудалд орооцолдох, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүд концессийн гэрээ өгсөн гэдэг шиг асуудлууд ар араасаа хөвөрнө. Нэг нам дандаа УИХ-д олонх байхгүй, хэзээ нэгэн цагт сөрөг хүчин олонх болно гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй болов уу.

“МАНАЙХ ШИГ ДАЛАЙД ГАРЦГҮЙ ИЙМ ТОМ ГАЗАР НУТАГТАЙ УЛС ОРНЫ ХУВЬД ТӨМӨР ЗАМ БОЛ НЭН ТЭРГҮҮНД ШИЙДЭХ АСУУДАЛ ЮМ”

-Та төмөр замтай холбогддог. Төмөр зам арваад жил яригдлаа. Хэд дэх Ерөнхий сайд дээр төмөр зам баригдаж байна вэ?

-Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа 2010 онд УИХ-өөр төмөр замын бодлогыг батлуулсан. Яам бол бодлого ярих ёстой газар учраас бодлогоо батлуулсан. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд зовлон үзсэн. Бараг арван жилийн турш хэдхэн олигарх бүлэглэл төрийнхөнтэй нийлж энэ ажлыг гацаасан. Одоогийн Ерөнхий сайд бараг долоо дахь Ерөнхий сайд байх. Энэ асуудлыг маш хурдтай ойлгоод энэ ажлыг эхлүүлсэн. Жил хүрэхгүй хугацаанд 800 орчим км төмөр замыг барьсан. Төмөр зам барьж болж байна гэдгийг харуулж байна. Манайх шиг далайд гарцгүй ийм том газар нутагтай улс орны хувьд төмөр зам бол нэн тэргүүнд шийдэх асуудал юм. Энэ төмөр зам баригдсанаар Монгол Улсын эдийн засаг 3-5 дахин тэлнэ.

-Бас нэг ийм юм байна. Төмөр замыг бол барьчих шиг боллоо. Гэтэл төмөр замаар зөөх юм байхгүй болчихсон юм биш үү?

-Төмөр зам бариулахгүй гэж арван жил үзсэн, барьчихаар нь ачих юм байхгүй ээ гэж байна. Говийн бүс, баруун, зүүн бүсийг холбосон төмөр замаар Зүүн Ази руу гарна, далай руу гарна. Төмөр зам дагуу 100 км радиус дотор 160 гаруй орд байна. Энэ ордуудаас боловсруулалт хийх юм бол өнөөдрийн ядуурлын асуудлаас гарах ийм л том бодлого юм.

-160 гаруй орд гэдэг нь төмөр зам дагуух ордууд гэж ойлгох уу?

-Бодлогоо гаргахдаа ордуудын байршлыг тооцож гаргасан. Төмөр зам тавигдаад эхлэхээр 160 гаруй орд дэд бүтэцтэй болж, үнэ цэн нь өснө. Бид Үндсэн хуульдаа үүнийг заачихсан. Газрын доорх баялаг ард түмнийх байна гэдгийг л хэрэгжүүлэх гэж яваа хүн шүү дээ, товчхондоо.

-Танд баярлалаа.

Бусдад түгээх
  • gplus