ЭМЯ: ''Сонгдо'' эмнэлгийн нэг лаборант, нэг энхийг сахиулагч, бусад голомтоос 19  тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, 2 автолаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораториудад  нийт 22993 хүнд хийгдсэн шинжилгээнээс 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагчаас коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 409 болж байна. ХӨСҮТ-ийн нэг сувилагч халдвартай гарлаа. 19 нь шинээр үүсээд байгаа голомтоос бүртгэгдсэн байна. Үүнд Баянгол дүүргийн 6-р хорооны 65-р байр, 12-р байрны хүмүүсийн 2 дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Эндээс найман хүнд илэрсэн. "Мөнххада" ХХК-ний нэг ажилтан түүний гэр бүлийн дөрвөн хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. "Ачтан" эмнэлгийн ажилтан нэг хүнээс мөн гэр бүлийн хавьтлуудаас коронавирус илэрлээ. Гэр бүлийн хавьтлын хүн бол "Сонгдо" эмнэлэгт лабораторийн эмч хийдэг хүн байна. "Сонгдо" эмнэлэгт халдвар илэрсэн тул тус эмнэлгийн нийт эмч, ажилчид болон зааланд үйлчлүүлж байсан гээд 160 гаруй хүний шинжилгээг аваад байна. Шинжилгээ авах ажил үргэлжлэн явагдаж байна. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 603 болсон байна. 

Бусад аймгуудад халдварын тохиолдол нэмэгдээгүй.

 Дотоодын нийт тохиолдол 930 боллоо. Үүнээс 450 тохиолдол нь эдгэрч гарсан байна. 

 Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1429, эдгэрсэн 896 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  522 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 23, хүндэвтэр 127, хөнгөн 187 хүн эмчлэгдэж байна. 

"Ачтан" эмнэлгийн голомт үргэлжлэн гэр бүлийн халдвар болон дамжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 45 байна. Үүнээс 21 эмч,  гэр бүлийн болон бусад хавьтлын 24 тохиолдол байна. "Мөнххада" компанийн голомтын хувьд ажилтан 8 хүн, гэр бүлийн 16 хүн, нийт 24 тохиолдол болсон байна. 

Хяналтад байгаа ойрын хавьтал 1328 хүн байсан. Үүнээс ажиглалт тандалтын хугацаа дуусч,  шинжилгээ сөрөг гарсан 234 хүнийг гэрийн хяналтад шилжүүллээ. Ингээд ойрын хавьтлын 1094 хүн хяналтад байна. Мөн хоёрдогч хавьтлын  2252 хүн байсан. Үүн дээр  200 гаруй  хүн нэмэгдэж, нийт 2455 хүн болсон. Мөн 400 гаруй хүнийг гэрийн ажиглалтаас гаргаж,  хоёрдогч хавьтлын 2050 хүн хяналтад байна. 

Баянгол дүүргийн 5,6-р хороонд голомтын илрүүлэг шинжилгээ хийгдэж байгаа. Нийт 18584 хүнээс шинжилгээ авсан байна. Үүнээс 13262 хүний  шинжилгээний хариу гарсанаас 6 тохиолдол батлагдлаа. Энэ 6 тохиолдол 65-р байр, 12-р байрны ойрын хавьтлуудын давтан шинжилгээнээс илэрсэн байна" гэв. 

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus