Тусгай үүргийн нислэг үйлдэхээр болж, цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гарсан долоо хоног

ХӨЛ ХОРИОГ ДӨРӨВ ХОНОГООР СУНГАВ


Засгийн газар энэ сарын 4-ний өдөр ээлжит бусаар хуралдаж, цаг үеийн асуудлаар холбогдох шийдвэрүүдийг гаргасан. УОК хөл хориог үргэлжлүүлэн 14 хоногоор сунгах шийдвэрийг дэмжсэн ч Засгийн газрын хуралдаанаар уг саналыг дэмжээгүй бөгөөд дөрөв хоногоор сунгах шийдвэр гаргасан.  Хөл хорионы дэглэм 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

ИРЭХ ДАВАА ГАРАГААС ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ХЭВИЙН ГОРИМД ШИЛЖҮҮЛНЭ


Засгийн газар энэ сарын 4-ний өдөр ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Эрдэмтдийн зөвлөл, мэргэжлийн 11 байгууллагын хамтарч гаргасан эрсдэлийн үнэлгээгээ бусад төрийн байгууллагууд санал асуулга, үнэлгээ зөвлөмж авсан. Энэ дагуу УОК хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах саналыг Засгийн газрын хуралдаан орууллаа. Засгийн газраас хатуу хөл хорионы дэглэмийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс дөрөв хоногоор сунгах шийдвэр гаргалаа. Ингээд энэ сарын 11-ээс эхлэн зэрэглэлээ буруулж, худалдаа үйлчилгээний газруудыг хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргаад байна. Гэхдээ шинэ голомт үүсэж, нөхцөл байдал хүндрэх юм бол хатуу хөл хорионы дэглэмд дахин шилжүүлэх шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Дэлхий нийтийн хамарсан цар тахал халдварын нөхцөл байдал бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгахаас аргагүй байдалд оруулж байна. Нөгөө талаас иргэдийн амьжиргаа эдийн засгийн нөхцөл байдал хатуу хөл хориог сунгахад хүндрэл дагуулж байна" гэлээ.

ЦАГААН САРЫН БАЯРЫГ НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХГҮЙ


Мөн Засгийн газрын хуралдаанаас Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Дэлхийн улс орнууд үндэсний уламжлалт баяруудаа олон хүн цугларч нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаж байгаа. Манай улсын хувьд ч мөн Цагаан сарын баярын арга хэмжээг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа.
 

1769 САЛБАР БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУД ХАСХОМ-ЭЭ ШИНЭЧЛЭН БҮРТГҮҮЛНЭ


Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй. АТГ-аас мэдүүлэг гаргагчдын 2020 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр meduuleg.iaac.mn цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу 1769 салбар байгууллагын албан тушаалтнууд 2020 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж бүртгүүлэх юм. Энэ онд Соёлын яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний геологийн алба, Биеийн тамир, спортын улсын хороо, Төрийн тусгай хамгаалалтын газар, Соёл, урлагийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг яам, агентлаг шинээр байгуулагдсан нь мэдүүлэг гаргагчдын тоонд өөрчлөлт орохоор байна.

Монгол Улсад бий болсон коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулан албан тушаалтнаас 2020 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааны бэлтгэлийг хангах чиглэлээр АТГ-аас уг мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий  албан тушаалтнуудыг хамруулан сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Энэ хугацаанд тус газраас төрийн байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

 

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ ТОМИЛОВ


Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 7-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар  “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай” асуудал хэлэлцсэн. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүний сонгуульт хугацаа дууссантай холбогдуулан Үндэсний зөвлөлийн гишүүдийг хуульд заасны дагуу чөлөөлж, томилж асуудлыг Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 10-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр, Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилсон. Харин Үндэсний зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдааны явцад нэрээ татсан тул МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэг сул орон тоо гарсан. Иймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг уг сул орон тоонд нэр дэвшүүлэхээр төрийн бус байгууллагуудаас 20 нэр дэвшигчийг санал болгосны дагуу нэр дэвшигчдийг нэгбүрчлэн танилцуулж, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулахад нэр дэвшигч Дашигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авчээ. Нууц санал хураалтад Байнгын хорооны 15 гишүүн оролцсон байна.

Нэр дэвшигч Д.Оюун-Эрдэнэ нь сэтгүүлч мэргэжилтэй, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон бөгөөд Үндэсний зөвлөлийн гишүүнээр дахин томилуулахаар төрийн бус байгууллагаас нэрийг нь дэвшүүлжээ.

Ингээд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Дашигрэнцэнгийн Оюун-Эрдэнийг томилох санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 38 нь буюу 69.1 хувь нь дэмжиж, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан.
 

Л.МӨНХТҮШИГ: АНУ-ЫН ЗАХИАЛГАТ ХӨЛСНИЙ НИСЛЭГ БАЙСАН БӨГӨӨД ИРСЭН 38 ХҮНИЙГ ''КЕМПИНСКИ'' ЗОЧИД БУУДАЛД ТУСГААРЛАСАН


 Энэ сарын 7-ний өдөр ГХЯ-ны Консулын газрын дарга Л. Мөнхтүшиг УОК-ын шуурхай хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсан. 


Л. Мөнхтүшиг: Өнгөрсөн хугацаанд дотоодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Солонгос улс руу үйлдэгдэх байсан тусгай үүргийн нислэгүүд цуцлагдсан. Дотоодын нөөц бололцоо тусгаарлах байртай уялдуулан эхний нислэгээр ирсэн хүмүүс тусгаарлах байрнаас гарсны дараа ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж энэ сарын 15-ны өдөр Солонгос улс руу тусгай үүргийн нэг нислэг үйлдэх шийдвэр гаргалаа. Энэ нислэгээр 150-160 орчим иргэнийг авчирна. Нислэгт хамаарах хүмүүсийн хувьд  арваннэгдүгээр сард нислэгийн тийзээ баталгаажууулсан байсан иргэдийг тэргүүн ээлжинд авна. Дотоодод үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан ГХЯ өнгөрсөн өдрүүдэд хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг ЭСЯ-аар дамжуулан авч байгаа.  Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 6787 хүрээд байна. Үүнээс БНСУ-д 4692 иргэн байгаагаас нэн яаралтай ирэх хүсэлтэй иргэд 1500 хүрсэн байна. 

Өчигдөр шөнө /2021/01/06/ Улаанбаатарт газардсан нислэгтэй холбоотой ташаа мэдээлэл сошиал орчинд нэлээдгүй явж байна. Нислэгтэй холбоотой залруулга хэлэхэд энэ нь МИАТ компанийн ачаа тээврийн карго нислэг байгаагүй.  АНУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ өнгөрсөн хугацаанд томилолтын хугацаа нь дууссан дипломат ажилтнуудаа буцаах, буцсан ажилтнуудын оронд томилогдож шинээр ирж байгаа дипломат ажилтнуудаа авах  хүсэлтийг ГХЯ-нд тавьсан. ГХЯ-наас дотоодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан уг асуудлыг нэлээдгүй хугацаанд  хойшлуулж ирсэн. АНУ-ын засгийн газар өөрийн дипломат ажилтнуудаа тээвэрлэх асуудлын хүрээнд монгол улсын нөхцөл байдлыг хүндэтгэж иргэдийн тусгаарлах байранд нөлөөлөхгүйгээр, монгол иргэдийг авчрах онгоцонд суудал авахгүйгээр МИАТ компанийг дэмжсэн хөлсний нислэг байсан. 

Энэ нислэгээр АНУ-ын ЭСЯ-ны 30 , НҮБ-ын ажилтан 3, Монголын 5 иргэн ирсэн. Энэ таван иргэнтэй холбоотой асуудлын хувьд 2 иргэн нь арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Сөүл рүү ниссэн, нэг нь Солонгос улс руу нэвтрэх нөгөөх нь АНУ руу зорчихоор төлөвлөж байсан. Харамсалтай нь тодорхой зөрчлийн улмаас тухайн улсууд хилээрээ нэвтрүүлээгүй учир Инчеоны нисэх буудалд 10 гаруй хоносон. Энэ  тохиолдолд тээвэрлэж ирсэн компани нь буцаах ёстой байдаг. Нэг нь  эмч бөгөөд БНСУ руу эмчилгээнд явсан өвчтөнийг ажлын зайлшүй шаардлагаар хүргэж өгөөд ирж байгаа юм. Мөн 2 хүний хувьд ар гэрийн хүн нь маш хүнд өвчтэй байсан учраас сахиураар явсан хүн эргэж ирсэн . Таван монгол иргэнийг гадаад улсын захиалгат нислэгээр авчрах хүсэлтийг дипломат шугамаар тавьж шийдвэрлүүлсэн. Ирсэн 38 хүнийг Кемпински зочид буудалд тусгаарласан.
 

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ӨРХ БҮРД НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА


Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 9 сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр  УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна.

Цар тахлын аюул гамшгийг даван туулахын тулд ард иргэддээ мөнгөн тусламж үзүүлэх, худалдан авалтаар нь дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлэх зэрэг нэн оновчтой, тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж буй дэлхийн улс орнуудаас манай улс туршлага судалж, цаг алдалгүй авч, хэрэгжүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг эндээс үзнэ үү.

С.Тайшир
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-01-09 04:38:14
    УОК той тооцоо хийх хүмүүс бөөгнөрч байгаа шүү.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2021-01-09 09:20:42
      МАНгараа сонгосон мангуунууд тэнэгтэхээ больцгоо гэр гэртээ тусгаарлагдаа.
      172.69.252.137
      Мэдэгдсэн Хариулах