ЭМЯ: 2 тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагчаас, 31 нь бусад голомтын хавьтлуудаас илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 7-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, 2 автолаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт 14225 хүнд хийгдсэн шинжилгээнээс 33 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Хоёр нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч байна. Бусад нь өмнө нь гарч байсан голомтуудын гэр бүлийн хавьтлууд байна. "Манххада" ХХК, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, "Ачтан" эмнэлгийн гэх тэм батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох гэр бүлийн хүмүүсээс илэрсэн. Түүнээс гадна орцны хавьтал ялангуяа Баянгол дүүргийн 6-р хороонд нэг орцны 6 хүн өвчилсөн. Баянгол дүүргийн 6-р хорооны 65-р байр, 43А байр, 57-р байруудад голомттой холбоотой халдварууд гарч байна. "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг учир үргэлжилсэн голомтлог байдал үүсээд байна. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн 5,6-р хорооны иргэдийг шинжилгээнд хамруулах ажил өчигдөр оройноос эхлэн үргэлжлэн явагдаж байна. Тухайн хорооны айл өрхийн бүх хүнийг голомтын илрүүлэг хийх шинжилгээнд хамруулж байгаа юм. Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 571 болсон байна.

Бусад аймгуудад халдварын тохиолдол нэмэгдээгүй.

 Дотоодын нийт тохиолдол 897 боллоо. 

Өнөөдөр 7 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Үүний 6 нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан хүмүүс гарсан. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1395, эдгэрсэн 896 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  488 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 3, хүнд 12, хүндэвтэр 150, хөнгөн 323 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д  хүнд 2, хүндэвтэр 74, хөнгөн  172, нийт 252 хүн эмчлэгдэж байна. Цэргийн төв эмнэлэгт 223 эмчилгээнд байгаагаас, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 76, хөнгөн 138 хүн байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 хүн эмчлэгдэж байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 6 хүн ажиглалт тандалтад байна.

"Ачтан" эмнэлэгт үүссэн голомттой холбоотойгоор эмнэлгийн ажилтан 21 хүн өвчилсөн байна. Эдгээрийн гэр бүлийн хүмүүсээс 18 тохиолдол илрээд байна. Нийт 39 тохиолдол болсон байна.

Орцны хавьталтай холбоотойгоор орцноос үүссэн 6 тохиолдлын нэг нь "Мөнгөнгүүр" эмнэлгийн лаборант байсан учраас тус эмнэлэг дээр халдварын голомтын хариу арга хэмжээ зохион байгуулах тандалт судалгааны ажил хийгдэж байна. Тус эмнэлгийн эмч, ажилтан, өвчтөн нийлсэн нийт  141 хүнийг шинжилгээнд хамруулсан. Үүнээс нэг эмчийн шинжилгээнд коронавирусийн халдвар иэлрсэн бусад хүмүүсийнх сөрөг гарсан байна. 32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарласан байна.  Мөн орцны нэг халдвар нь ИНЕГ-т ажилладаг хүн байсан учраас тус газарт тандалт судалгаа шинижлгээг үргэлжлүүлэн хийсэн. Нийт 171 хүнд шинжилгээ хийж 21 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарласан байна. Шинжилгээ авах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. 

С.Тайшир
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus