ЭМЯ: 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ, ард иргэдийн дунд халдвартай хүн байх магадлалтай байгаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори,  НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт 12200 хүнд хийгдсэн шинжилгээнээс 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Илэрсэн 13 тохиолдол Улаанбаатар хотод нэмэгдсэн. 10 тохиолдол нь "Ачтан" эмнэлгийн ажилчид болон тэдгээрийн гэр бүлтэй холбоотой хавьтлаас илэрлээ. 2 нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс улбаатай орцны дамжсан халдвартай холбоотой  гэр бүлийн хүмүүсээс илэрсэн бол нэг тохиолдол нь Голомт банкны нэг ажилтнаас илэрлээ. Үргэлжлүүлэн тандалт судалгаа илрүүлэг хийгдэж байна. Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкны салбараар арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш үйлчлүүлсэн хүмүүс харъяа цэгүүдэд очиж шинжилгээ өгнө үү. Улаанбаатар хотод нийтдээ 540 тохиолдол боллоо. Бусад аймгуудад халдварын тохиолдол нэмэгдээгүй.

 Дотоодын нийт тохиолдол 866 боллоо. 

Өнөөдөр 2 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1362, эдгэрсэн 889 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  462 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 3, хүнд 11, хүндэвтэр 138, хөнгөн 310 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д маш хүнд 1 , хүнд 4 , хүндэвтэр 62, хөнгөн  165, нийт 232 хүн эмчлэгдэж байна. Цэргийн төв эмнэлэгт 210 эмчилгээнд байгаагаас, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 76, хөнгөн 125 хүн байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 13 хүн эмчлэгдэж байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 7 хүн ажиглалт тандалтад байна.

"Ачтан" эмнэлгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 1082 хүнийг  ажиглалт тусгаарлалтад хянагдаж байна. Мөн дам хавьтлын  1800 гаруй хүнийг гэрийн ажиглалт тусгаарлалтад байлгаж байна. Ачтан эмнэлгийн голомттой холбоотой халдварын тоо 26 болсон байна. Ачтан эмнэлгээр эмчилгээ үйлчилгээ хийлгэж байсан ард иргэд мөн харъяа цэгүүд дээр шинжилгээ өгнө үү. 

Цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр биш нэг ажилтан өвчилсөн. Өвчилсөн нэг хүний гэр бүлийн хоёр хүн өвчилсөн байна" гэв.

Мэдээллийн дараах асуулт хариулт


-Хан-Уул дүүргийн яаралтай түргэн тусламжийн сувилагчаас халдвар илэрлээ гэсэн мэдээлэл байна. Энэ нөхцөл байдал ямар байна?
-Засгийн газраас вакцин оруулж ирэх төлөвлөгөөг баталсан. Энэ тал дээр ЭМЯ ямар чиг үүрэгтэй ажиллаж байна вэ?

А.Амбасэлмаа: Хан-Уул дүүргийн сувилагчийн тухайд ийм зүйл байхгүй ташаа мэдээлэл байна. Баянгол дүүргийн Ачтан эмнэлгийн тухайд халдвар илэрхээс өмнө тусламж үйлчилгээ үзүүлсэн учраас сэрэмжлүүлгийн зорилгоор 7 хүнээс  шинжилгээ авахад сөрөг гарсан. Эмчилгээний зардлын тухайд би нарийн сайн мэдэхгүй байна.  Ер нь бол эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа газрууд нэг л стандартаар шинж тэмдгийн эмчилгээнээс гадна вирусийн эсрэг эмчилгээ, антибиотик эмчилгээ, дархлаа дэмжих эмчилгээ гэсэн эмчилгээнүүдийг стандартын дагуу өвчний зэрэгт нь тохирсон эмчилгээг удирдамжийн дагуу хийж байгаа. 

Д.Нарангэрэл: Ер нь бол хаанаас ч сэжигтэй тохиолдол илрэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд нийслэлийн хэмжээнд бүрэн бэлтгэлтэй байгаа.  Тийм болохоор гэртээ байж өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү. Вакцины тухайд ЭМЯ төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Эхний ээлжинд хүн амын 20 хувийг, дараагийн ээлжинд 60 хувийг хамруулна. Эхний ээлжийн 20 хувийг хамруулахад ДЭМБ -ын яаралтай зөвшөөрөл өгсөн вакциныг өөрийн эмийн бүртгэлд яаралтай горимоор бүртгэж хэрэгжүүлэх журмыг гаргасан байгаа. Нэгдүгээр ээлжинд коронавирсийн голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулна. Нийт 52 мянган эмч, эмнэлгийн ажилчид бий. Энэ хүмүүсийг хамруулсны дараа архаг хууч өвчтэй 75-аас дээш настай хүмүүсийг хамруулна. Мөн голомтод ажиллаж байгаа төрийн хүчний байгууллагын ажилчдыг хамруулах юм. Вакцийн хүйтэн хэлхээний асуудлыг судлан ажиллаж байна.

-Тэг зогсолт хийх талаар Засгийн газарт яригдаж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. ЭМЯ-ны зүгээс энэ тал дээр ямар нэгэн санал өгсөн байгаа юу?

Д.Нарангэрэл: Тэг зогсолтын хувьд ЭМЯ дангаараа уг асуудлыг шийдэхгүй. Цар тахал гамшгийн хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ, ОБЕГ, ХХААЯ, МХЕГ гэх мэт 17 байгууллагын төлөөлөл орсон хүмүүс эрсдэлийн үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээн дээр үндэслэн ЭМЯ саналаа Засгийн газарт хүргэдэг. Одоогоор ийм санал гаргаагүй байна. 



С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus