Я.Содбаатар: ЗГ-аас хөрөнгө гаргах асуудлыг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Шадар сайд Я.Содбаатар “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гурван шийдвэр гаргалаа. 

1. УОК-ын хуралдаанаас гаргасан саналын дагуу улсын хэмжээнд тавигдсан байсан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байсан хугацааг нийслэл Улаанбаатар хотоос бусад 21 аймагт 2021.03.31 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд явж ирсэн дэглэм юм. 

2. Хилийн боомттой холбоотой тогтоол гарлаа. 2020.01.26 оны өдөр Засгийн газрын тогтоолоор БНХАУ-тай хиллэх хилийн автозамын хөдөлгөөнийг дипломат шугамаар харилцан тохиролцож, түр хязгаарласан. Үүнээс хойш жил болох гэж байна. Нийт 20 боомтыг зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 31 хүртэл түр зогсоогоод байсан. Энэ хугацааг 2021.03.31 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Гэхдээ өмнөх жишгийн дагуу тусгай үүргийн нислэг, ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдана. 

3. Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө гаргах асуудлыг шийдвэрлэсэн. Дотоодын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдийн байр хоолны зардалтай холбоотой, тусгаарлах байранд байгаа мэргэжлийн байгууллагууд, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын байр хоолны зардалтай холбоотой хөрөнгө гаргах болсон. Тухайлбал, төв орон нутгийн халдварын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа 212 цагдаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох, ШӨХТГ-ын албан хаагчдад илүү цагийн хөлс, коронавируст халдварын тархалтын үед хэрэглэсэн хамгаалах хэрэгсэл хувцас хэрэглэлтэй холбоотой тодорхой байгууллагуудаас ирсэн зардлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хөрөнгө гаргах асуудлыг шийдвэрлэлээ" гэлээ.

 

О.ОНОН

Оллоо.мн

 

 

Бусдад түгээх
  • gplus