2020: Цахим орчинд дуулиан дэгдээсэн үйл явдлууд
Оллоо.мн сайд өнгөрсөн онд цахим орчинд хамгийн их олны анхаарлыг татсан үйл явдлуудыг тоймлон хүргэе?
 
Тэтгэврийн зээл тэглэх Ерөнхийлөгчийн амлалтаар эхэлсэн 2020 он
 
2020 оны босгон дээр Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ Тэтгэврийн зээл тэглэнэ хэмээх мэдэгдэл хэсэгтээ л дуулиан дэгдээв. Энэ дагуу парламент арилжааны банкны зээлтэй ахмадуудын зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийг баталж банкны зээлтэй 229 мянга 400 ахмадын 763 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөллөө.
 
Сар шинийн баярыг тэмдэглэнэ, тэмдэглэхгүй
 
Коронавируст халдвар БНХАУ-д эрчимтэй тархаж эхэлснээс үүдэн манай улс хилийн боомтуудаа хаав. Үүнтэй зэрэгцэн коронавируст халдвараас хэрхэн сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас өгч,  нийтийн хамарсан урлаг спортын бүхий л арга хэмжээг цуцалж, бүх шатны боловсролын сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлсэн юм.  Үйл явцтай зэрэгцэн цахим орчинд “Сар шинийн баярын тэмдэглэнэ, тэмдэглэхгүй” гэх асуудал хамгийн их маргаан дагуулав. Төрийн тэргүүний зүгээс Сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглох зарлигийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлэв. Энэ дагуу УОК, Засгийн газраас Цагаан сарын баярын өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь шийдвэр гаргасан юм.
 
Анх-Отгон буюу тээвэрлэгдэж ирсэн анхны тохиолдол
 
2020 оны гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатарын онгоцоор Монгол Улсад ирсэн Францын иргэнээс коронавирус илэрч, цахим орчинд хамгийн эрэлттэй сэдвийн нэг болов. Коронавируст халдварын анхны тээвэрлэгдэж ирсэн тохиолдол учраас эхний өдрүүдэд Монголчууд цахим орчинд бухимдалтайгаар хүлээн авсан юм. Гэвч удалгүй түүнд Анх-Отгон гэх нэрийг өгч, эрүүл энхийг хүсэж байв.  
 
Анх-Отгоны хувьд ХӨСҮТ-д 47 хоногийн турш эмчилгээ хийлгэж эдгэрээд, тавдугаар сарын 2-нд эх орон луугаа буцсан юм.  
 
С.Жавхлангийн гомдол
 
Улс төрийн амьдралд өрнөж буй үйл явдлууд хэзээний олон нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ ч утгаараа УИХ-ын 2020 оны сонгууль тойрсон үйл явдлууд цахим орчинд  хандалт өндөртэй сэдвийн нэг байсан юм.
 
УИХ-ын найм дахь сонгуулийн үр дүн гарсны дараа УИХ-ын гишүүн С.Жавхлангийн гомдол цахим орчинд хандалт өндөртэй байв. Тэрбээр энэ удаагийн сонгуульд  Ардчилсан намаас төрсөн нутаг болох Увс аймгаас нэр дэвшсэн. Харин Увсчууд түүнд итгэл үзүүлээгүй, хариуд нь С.Жавхлан “Би дахин Увс аймагт ирэхгүй, Увсынхан миний дүүг битгий сонсоорой” хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн юм.
 
Хорих ангиас нэр дэвшигчид
 
2020 оны найм дахь удаагийн УИХ-ын сонгууль анхаарал татсан үйл явдлын нэг бол хорих ангиас нэр дэвшигчдийг тойрсон асуудал байв. Сонгуулийн сурталчилгааны явцад нэр дэвшигчдийг бөөнөөр нь цагдан хорьж, сонгуульд өрсөлдөх эрх чөлөөг нь хязгаарласан энэ үйл явдал Монголын улс төрийн түүхэнд хараар бичигдэн үлдлээ.   
 
Тодруулбал, УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч Сэлэнгэ аймагт Ж.Эрдэнэбат,  УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ардчилсан намаас нэр дэвшигч С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс нэр дэвшигч Х.Бат-Ялалт нар  ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас өрсөлдөв.
 
Улмаар  УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Жаргалтулгын Эрдэнэбат тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр үргэлжлүүлэн ажиллахаар болсон юм.
 
Монголчууд анх удаа байгалийн баялгаасаа хувь хүртлээ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа ногдол ашиг тараалаа. Тус компанийн хувьцаа эзэмшигч 2.512,768 иргэн, 486 аж ахуйн нэгжид ногдох нэгж хувьцаанд нь 90₮ буюу нийт 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус компани олгосон юм.
 
 
Монгол Улс коронавирусын халдварыг дотооддоо алдаж, хатуу хөл хорионы дэглэмд шилжлээ
 
 Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч 21 хоног тусгаарлагдаад гэртээ гарснаас хойш дөрөв хоногийн дараа өөрөөс нь болон түүний эхнэрээс коронвируст халдвар илэрсэнээр нь Монгол Улс цар тахлыг дотооддоо алдлаа. Ийнхүү хүн амын дунд халдвар гарсан тул Гамшгаас хамгаалах хуулийн дагуу Монгол Улс анх удаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Гэсэн ч халдварын багц тохиолдлууд Сэлэнгэ, Дарханд багц тохиолдлууд илэрч, хатуу хөл хорионы дэглэмийг сунгасан юм. Үр дүнд өнөөдрийн байдлаар аймгуудад илэрсэн халдварын голомтыг цомхтгон дарж, дэглэмийг бууруулсан ч нийслэлийн Баянзүрх дүүрэгт дахин халдварын багц тохиолдол илрэв. Иймээ хатуу хөл хорион дэглэмийг ирэх оны нэгдүгээр сарын 6 хүртэл үргэлжлүүлэхээр болж байна.
 
ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа
 
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын энэ оны аравдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргахаар болсон шийдвэрээ танилцууллаа.
 
2019 оны аравдугаар сард Монгол улсыг энэхүү жагсаалтад оруулж, нэн даруй хэрэгжүүлэх ёстой зөвлөмжүүдийг өгөөд байсан юм.
 
Улс даяараа долоон сарын хугацаанд цахилгаан дулаанаа үнэгүй хэрэглэнэ
 
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Засгийн газраас бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах шийдвэр гаргав. Засгийн газрын шийдвэрийн дагуу журам гарч, хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцахаар боллоо. Учир нь шийдвэр гарахтай зэрэгцэн цахилгаан хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар,  шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгдсэн юм.Иймээс ачааллыг бууруулахаар журам хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.