ЭМЯ: Өнөөдөр 38 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, автолабораториуд, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд аймгийн салбар лабораториудад  нийт 14035 хүнд хийгдсэн шинжилгээнээс 38 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Илэрсэн 38 тохиолдлын 32 нь Баянзүрх дүүргийн голомтоос хамааралтай нэмэгдсэн. Сувилагч 2, үйлчлэгч нэг, өвчтөн 6, сахиур 4, гэр бүлийн хамааралтай 17, бусад  2 хавьтал батлагдсан байна.  Баянзүрх дүүргийн голомтоос нийт 226 тохиолдол батлагдсан байна. ХСҮТ-ийн хавьтал болсон  126 хүнд 2 дахь удаагийн давтан шинжилгээ хийхэд 4 хүнээс коронавирус илэрсэн. Батлагдсан 2 тохиолдлын гэр бүлийн хавьтлаар 3 хүн, тухайн тасагт хамт ажилладаг  нэг хүнээс илэрсэн байна. Мөн нэг тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эмч халдварт өртсөн байна. Энэ сарын 18-ны өдөр Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн байна.

 Ингээд Улаанбаатар хотод нийт 376, Сэлэнгэд 217, Орхонд 25, Дархан-Уулд 45, Архангайд 3, Дорноговьд 32, Говьсүмбэрт  4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.  Дотоодын нийт тохиолдол 702 боллоо. 

Өнөөдөр 34 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1175, эдгэрсэн 745 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  420  хүн эмчилгээнд байна" гэв.

Мэдээллийн дараах асуулт, хариулт


-Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн  ажилтан болон "Тэнүүн-Огоо" компаний ажилтнаас халдвар илэрсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?
-Дөрвөн том эмэнэлэгт халдвар гараад байна тэгвэл бусад эмнэлгүүдийн хувьд халдвар хамгаалал ямар байгаа вэ? Мөн өрхийн эмнэлэгт халдвар гарсан гэсээн мэдээл байна?


Д.Нарангэрэл "Дөрвөн эмнэлэг халдварын том голомт болоод байгаа. Одоогоор улсын хэмжээнд 60 гаруй эрүүл мэндийн байгууллагын ажилтан өвчлөөд байна. Өрхийн эмнэлэгт халдвар гарсан гэсэн мэдээлэл байхгүй байна. Харин хоёрдугаар хавьтлын хүн өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдол бий. Тухайн үед нь халдвар хамгааллын дэглэмийг сахиж ариутгал халдваргүйжүүлэлт, тандалт судалгааг  хийсэн" 

А.Амбасэлмаа "Өчигдрийн батлагдсан тохиолдлын нэг нь  "Тэнүүн-Огоо" автобус баазын жолооч байсан. Хамгийн сүүлд энэ сарын 24-нд ажилдаа очсон бөгөөд гэр бүлийн хүнээсээ халдвар авсан. Гэр бүлийн хүн нь халдвартай хүний ойрын хавьтал байсан. Халдвар авсан жолооч "Чингэлтэй- Зунжин" чиглэлд явдаг байсан. Тэр чиглэлийн автобусны жолооч нарыг тусгаарласан байгаа. Мөн бусад ойрын хавьтлын хүмүүсээс шинжилгээ авсан. Иймд энэ сарын 20-24-ны хооронд "Чингэлтэй-Зунжин" чиглэлийн автобусаар зорчсон иргэд шинжилгээнд хамрагдана уу.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн ажилтан халдвартай нь батлагдсан. Энэ хүний гэр бүлийн хүн халдвартай байсан учраас халдвартай хүний ойрын хавьтлаар энэ сарын 21-нд тусгаарлагдсан. Энэ хүний шинжилгээ өчигдөр батлагдсан бөгөөд ойрын хавьтлын хүмүүсийг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан. Тухайн хэлтсийн 14 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаж,  74 хүнийг шинжилгээнд хамруулсан. Мөн өргөтгөсөн байдлаар тухайн цагдаагийн хэлтэстэй холбогдуулан 250 хүнийг шинжилгээнд хамруулж байгаа"

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus