2020: Улс төрийн онцлох үйл явдлууд

Olloo.mn мэдээллийн сайт 2020 оны улс төрийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 
 

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж, 30 мянган хонь бэлэглэв



2020 оны улс төрийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлын нэг бол Ерөнхий Х.Баттулгын урд хөршид хийсэн айлчлал байв. Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д хүрэлцэн очиж,  БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзсан юм. 

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү үйл явдал нь хоёр орны иргэдийн дунд хэсэгтээ онцлох сэдэв байв. 

БНХАУ-д цар тахлын нөхцал байдал хүндхэн байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү айлчлал хийсэн явдал БНХАУ-ын Дарга Ши Жиньпин  гүн талархал илэрхийлж, “Дусал ус мэт ачлал үзүүлвээс дундаршгүй булаг мэт хариу барь юу” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн уг айлчлал нь цар тахал  гарснаас хойш  БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал байв. 

Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга 30 мянган хонио өнгөрсөн намар БНХАУ-ын хүлээлгэн өгсөн юм. 
 

Н.Номтойбаярыг түдгэлзүүлж,  Б.Батзоригийг чөлөөллөө



УИХ-ын сонгуулийн жилийн эхэнд МАН-ынхан нэг гишүүнээ УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж, намаасаа хөөх шийдвэр гаргалаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Тодруулбал, Н.Номтойбаярыг гэм буруутай эсэхийг шүүхээс тогтоох хүртэл түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэв. Энэхүү үйл явцтай зэрэгцэн МАН-ын Хяналтын хороо Н.Номтойбаярыг олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан, удаа дараа зодоон цохион хийсэн асуудалд холбогдож намын нэр хүндийг унагасан учраас хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэн намаасаа хөөсөн юм. Энэ бол нэгдүгээр сарын төгсгөлд болсон үйл явц. 

Харин сонгуулийн өмнөхөн буюу дөрөвдүгээр сард Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө. Түүний хувьд гуравдугаар сард гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн байдаг. Учир нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхад ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд зээл авсан асуудал үүссэн. Тиймээс ХХААХҮ-ийн салбарыг хариуцаж байсны хувьд ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв хэмээн үзэж, хүсэлтээ хүргүүлсэн. Улмаар түүний хүсэлтийг УИХ-ын гишүүд олонх дэмжиж, гишүүний албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. 
 

МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж, АН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээр болов 



 

Өнгөрч байгаа оны бас нэгэн онцлон дурьдах сэдэв бол парламенйтын ээлжит сонгууль байлаа.  УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд нийт 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшсэн 485 хүн, бие даан нэр дэвшсэн 121 нийт 606 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгосон юм.  Тодруулбал, МАН-аас 76, АН-аас 76, Монголын ногоон намаас 15, Та бидний эвсэл, МАХН, ИЗН, МУНН-ын эвслээс 74, Шинэ нам, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН-ын эвслээс 72, Зөв хүн-Электорад эвслээс 53, Ард түмний намаас нэг, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 13, Хөгжлийн хөтөлбөр намаас долоо, Эх орончдын нэгдсэн намаас нэг, Сахигтун-Үндсэн хуулийн 19 эвслээс 34, “Ард түмнээ хайрлая” намаас нэг, “Зон олны нам”-аас 30, “Дэлхийн монголчууд нам”-аас гурав, “Ард түмний олонхын засаглал” намаас 24, “Их эв” намаас нэг, “Гэр хороолол, хөгжлийн намаас дөрөв, бие даагч 121 нэр дэвшигч өрсөлдсөн юм. 

Сонгуулийн үр дүнгээр МАН 62, АН 11, Зөв хүн электорат эвслээс 1, бие даагч 1, та бидний эвслээс нэг нэр дэвшигч сонгогдов. 

 

У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар улирав 



УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн МАН-ынхан Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг, УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан томиллоо. 

Шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимаа бүрдүүлж, Ерөнхийлөгч, чуулганаар хэлэлцүүлж, тангаргаа өргөсөн юм. Түүний танхимд Я.СОДБААТАР Шадар сайдаар томилогдсон бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ,  Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.САРАНГЭРЭЛ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР,  Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН, Зам тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН, Гадаад харилцааны сайд Н.ЭНХТАЙВАН, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН, Соёлын сайд С.ЧУЛУУН, Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН, Барилга хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР, Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.АРИУНЗАЯА нар томилогдон ажиллаж байна. 

С.Эрдэнэ ялагдлаа хүлээн зөвшөөрч, Ц.Туваанд АН-ын даргын албыг түр орлон гүйцэтгэж байна

УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүн гарахад Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ялагдлаа хүлээж,  ажлаа хүлээлгэн өгсөн. Одоогоор тус намын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Туваан ажиллаж байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн дуншсан Ардчилсан намын Их хурал арванхоёрдугаар сард цар тахлын нөхцөл байдлаар үүдэн цахимаар хуралдлаа. Гэвч хурлын дараа намын дарга С.Эрдэнэ Их хурлыг хууль бус гэж үзэн Ц.Тувааны ашиглаж буй тамгыг хүчингүй болгосон тухай асуудал хөндөгдсөн. Уг Ардчилсан нам энэ удаагийн Их хурлаар намын дүрмэндээ өөрчлөлт оруулж, шинэ дүрмийн дагуу намын дараагийн даргаа сонгох чигтэй байсан ч ийнхүү тамга тэмдэгтэй холбоотой маргаан дэгдлээ. Ингэснээр Ардчилсан намын дараагийн дарга сонгох асуудал он дамнан үргэлжлэхээр болж байна. 

Ж.Эрдэнэбат хорих ангиас сонгогдов 

Парламентын сонгуулийн нэгэн онцлох үйл явдал нь хорих 461-р ангид хоригдож буй нэр дэвшигч тойрогтоо хамгийн өндөр санал авсан явдал байв.  

УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгийн 13-р тойрог 3 мандаттай бөгөөд нэр дэвшигч Ж.Эрдэнэбат ялалт байгуулж, Сэлэнгэчүүдийн итгэлийг дахин хүлээв. Мөн Ж.Эрдэнэбатаас гадна УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшигч С.Баярцогт, Хөвсгөл аймагт нэр дэвшигч Д.Ганболд, Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайхан, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс нэр дэвшигч Х.Бат-Ялалт нар хорих 461-р ангиас сонгуульд оролцсон нь улстөрийн түүхэнд бараанаар бичигдэх 2020 оны парламентын сонгуулийн нэгэн түүх байв. 


ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮД 

2020.01.24

-УОК-ын саналаар гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо. Коронавируст халдварын нөхцөл байдлаас үүдэн хичээл сургалтын үйл ажиллагааг цахимаар үргэлжлүүлж, 2019-2020 оны хичээлийн жилийг өндөрлүүлсэн юм. 

2020.02 сар

-Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, Сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг явуулахгүй байх

-Сар шинийн баяраар иргэд хол зорчихгүй, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэхийг зөвлөх

2020.03 сар Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай хуваарийн дагуу татаж авах шийдвэр гаргав. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Стамбул хотоор дамжуулан татаж авахаар болов. 

2020.03 сар

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн, ард иргэд, хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр дараах долоон шийдвэрийг Засгийн газар дараах шийдвэрийг гаргалаа.

1. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС бүх аж ахуйн нэгж, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэх

2. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР авахгүй байх

3. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдээс ААНОАТ авахгүй бөгөөд бүрэн чөлөөлөх

4. Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгоно.

5. Малчдаас ноолуур авахад зориулж 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгох

6. 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд сар бүр 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгож байна. 

7. Шатахууны үнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэв

2020.05 сар 

Цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлэх багц арга хэмжээний хүрээнд  хүүхэд, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст зориулсан тогтоол гаргав. Үүнд:

-0-18 насны хүүхэд бүрт 10 дугаар сар хүртэл 100 мянган төгрөг олгох боллоо. 

-Хүнсний талоныг эмзэг бүлгийн 112 мянган хүнд олгодог. Шийдвэр аравдугаар сарын 1 хүртэл энэ хэрэгжив.

-Хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдэд сар бүр 100 мянган төгрөг нэмж олгосноор 288 мянган төгрөг авдаг болох

-Өнчин хүүхдүүд мөн сар бүр 288 мянган төгрөг авна. Тэд 188 мянган төгрөг авдаг юм.

-Малчдын орлого, ноолуурын салбарыг дэмжих үүднээс малчин өрхүүдэд ноолуурын урамшуулалд кг тутамд 20 мянган төгрөг олгоно.

-Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг хийхээр товлосон. Нийслэлд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмыг хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр "XIII зуун цогцолбор" газарт хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон бол орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулахыг ҮИБНЗБХ-оос аймаг, сумын засаг дарга нарт зөвшөөрлөө. 

2020.08 сар

-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, их, дээд сургууль, коллежийн хичээл 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлэх шийдвэр гарлаа.

2020.11 сар 

-Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, Засгийн газрын тогтоол гаргав.

2020.12 сар 

-Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр төлөх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Тодруулбал, улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар боллоо. 100 м.кв-аас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэж байна. Өөрөөр хэлбэл тухайн айл өрх 120 м.кв талбайтай байранд амьдардаг бол 20 м.кв талбайд ногдох дулааны мөнгөө л төлнө. 

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • о 2020-12-30 06:22:31
    Монголд чадварлаг боловсон хүчин байдаг боловч янз бүрийн замаар төрийн албаны суудалд очсон хулгайч, луйварчингууд тэдний замд нь том ачаа болдог. Төрийн албан...
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах