Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Нийслэлчүүд дахин хатуу хөл хорионы дэглэмд орсон долоо хоног өнгөрч байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс коровируст халдварын тохиолдол илэрсэн учир УОК-ийн саналаар Засгийн газраас долоо хоногийн лхавга гарагаас эхлэн 14 хоногийн хатуу хөл хорионы дэглэм тогтоолоо. Энэ мэт долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явлуудыг тоймлон хүргэе. 
 
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг сонголоо
 
Удтал маргаан, дуулианы бай болсон МҮОНРТ шинэ захиралтай боллоо. Тодруулбал, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг томилсон юм. Түүний хувьд их эмч мэргэжилтэй ч  хэвлэлийн салбарт багагүй хугацаанд ажилласан. НЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг албан тушаал хашиж байсан гэх намтартай. 
 
Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
 
2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл 14 хоног нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. 
Энэ хугацаанд эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлш, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт, малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт, Улсын онц чухал болон стратегийн ач холбогдолтой обьект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт, Нийтийн тээвэр, такси, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, банк, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, оршуулга, хүүхэд хамгаалал, төрийн захиргаа гэсэн салбарынхан хэвийн ажиллах шийдвэр гарсан юм. 
“Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
 
Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай зарлиг гаргалаа
 
Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судлан тодорхойлж, “Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн Соёл урлагийн их сургууль, Монголын Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гаргаж буй санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж, монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухааныг монгол түмний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс мөн хэмээн үзэж, дээрх зарлигийг гаргажээ.
 
Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг өргөн барив
 
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Тус хуулийн төслөөр дараах төрлийн харилцааг зохицуулахаар тусгажээ. 
•      Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг 3 хувиас, алдангийг 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцох;
•      Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд, бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх;
•    Барьцаалан зээлдүүлэх газар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд  бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш гэрээ байгуулж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар гэрээ хүчин төгөлдөр үйлчилж буй зээлдэгчийн болон 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд байгуулсан зээлийн гэрээний барьцаалуулсан хөрөнгийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглохоор тусгасан байна.
 
О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.