Я.Буянжаргал: Нэг хүн үндсэн өвчнөөрөө нас барсан, дагалдах онош нь коронавирусийн халдвартай байсан
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар мэдээллийг хийсэн.

Мэдээллийн дараа ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "ХӨСҮТ-д 22 хүн коронавирусийн халдвар гэсэн оноштойгоор эмчлэгдэж байна. Өглөө 08:20 цагт 30 настай эмэгтэй амаржиж  3.2 кг жинтэй хүүтэй болсон. Эх хүүхдийн биеийн байдал хэвийн байна. ХӨСҮТ-д 25 настай  жирэмсэн эмэгтэй маш хүнд гэсэн оноштой эмчлүүлэж байгаа. Энэ эмэгтэйд халдварын эсрэг эмчилгээг холбогдох зааврын дагуу хийхийн зэрэгцээ ураг хамгаалах эмчилгээг давхар хийж байгаа. 2 эмч 6 эмнэлгийн ажилтан тусламж үйлчилгээг үзүүлж байгаа.

Цэргийн төв эмнэлэг дээр 195 хүн эмчилгээнд байгаа. Маш хүнд 2 хүн, хүнд 6, хүндэвтэр 53 хүнд эмчилгээ хийгдэж байна. Маш хүнд хүний нэг нь 51 настай эрэгтэй хүн. Коронавирусийн халдвар нь эмчлэгдэж эдгэрсэн бөгөөд 2 удаагийн шинжилгээ өгөхөд сөрөг гарсан  боловч үндсэн оношоороо нэлээд хүндэрч байна. Зүрхний шигдээстэй, тархины судасны хатууралтай, цочмог инфакт гэсэн оноштойгоор эмчилгээ хийгдэж байгаа. Мөн 53 настай эмэгтэй зүрхний хэм алдалттай уушигны өвчтэй хүнд эмчилгээ хийгдэж байна. 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр 194 хүн эмчилгээнд байна. 102 нь эмч эмнэлгийн ажилтнууд бусад нь эмчлүүлэгчид байгаа юм. Баянзүрх дүүргийн эрчимт эмчилгээнд үндсэн өвчнөөр  16 хүн эмчлэгдэж байна. Эмчилгээнд байсан нэг хүн өчигдөр эндсэн байна. 76 настай хүн биеийн байдал нь маш хүнд байсан. Үндсэн өвчин нь цээжний булчингийн сулрал,  амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерын даралт ихсэлттэй,  чихрийн шижингийн хэв шинж хоёртой, элэгний C вирусийн архаг үрэвсэлтэй  байсан хүн үндсэн өвчнөөрөө зүрх судасны дутагдлаар нас барсан.  Дагалдах онош нь коронавирусийн халдвартай байсан. Шилжүүлэх боломжгүй маш хүнд хүн байсан учраас  нэгдсэн эмнэлэг дээр нь  шаардлагатай бүх эмчилгээг хийж, халдвартын эмч нар очиж зөвлөгөө өгч ажилласан.

СХД-ийн нэгдсэн эмнэлэг дээр 23 хүүхэд, 25 сахиур эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байгаа. Бүх хүний шинжилгээ сөрөг гарсан байна.

ХСҮТ дээр 277 эмч, эмнэлгийн ажилтан, 201 өвчтөн,  44 сахиур байна. Эрчимт эмчилгээний тасагт 5 хүн  хүнд, нэг хүн маш хүнд байгаа. Маш хүнд байгаа хүн маань элэгний хорт хавдартай үсэрхийлэлтэй, элэгний үйл ажиллагааны дутагдалтай хүн. Эмчилгээний үйл явц хэвийн явагдаж байгаа. ХСҮТ-ийг цаашдаа бүрэн тусгаарлах болсон тохиолдолд хийгдэх ажын төлөвлөгөө бүрэн хийгдсэн байгаа" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus