2020 он: Монгол Улсын онцлох 15 үйл явдал

1. COVID-19 БА МОНГОЛ

 

2020 оны эхээр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарч дэлхийг бүхэлд нь  донсолгосон цар тахлын дэгдэлт буурахгүй хүрээгээ тэлэн өргөжиж байна. COVID-19 өвчний сорилт Монгол Улсын бэлтгэл хийгээд бэлэн байдал, зохион байгуулалт, төр засгийн зүгээс ард олноо гэсэн бодлогын мөн чанарыг шалгалаа. Улс орнуудад халдвар нэмэгдэхийн хэрээр гадаадад ажиллаж амьдардаг монгол иргэдийн амьдрал хүндэрч эхэлсэн нь өнөөдөр ч дуусаагүй үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 28-наас хойш МИАТ-ийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ татаж эхэлсэн ч хүрэлцээ, хуваарилалт тааруу, хэл ам таталсан хэвээрээ. Дотоодод халдвар бүртгэгдмэгц цочирдож хөл алдсан Засгийн газар, Улсын Онцгой Комисс гадаад дахь иргэдээ “тас мартаж” эрсдэлт нөхцөлд бүтэн сар “түгжээд” он дуусахын босгон дээр хайя хүүе болов.Энэ нь эрх баригчдын үйл ажиллагааны үг, үйлдлийн зөрүүг илчлэн харууллаа.

Манай улс өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээс өнөөг хүртэл арван нэгэн сарын турш хилээ хаасан ч халдварыг зөөж авчрах явцад хариуцлага, зохион байгуулалт алдсанаас цар тахлын өвчлөлийг дотооддоо алдлаа. Өөрөөр хэлбэл ам, ажил хоёр нь алд дэлэм зөрж хэлбэрдүүлэн назгайраад дэг журмыг мөрдүүлэхдээ хөл хорьсон, үгүй нь мэдэгдэхгүй явсаар халдвар тархсан гэж хэлж болно. Засгийн газар, Улсын Онцгой Комисс халдварыг тогтоон барьж чадсан цорын ганц улс гэдгээрээ дэлхийд гайхагдаж Гиннест бичигдэнэ хэмээн хийрхэл мөрөөдөлдөө мансуурч, магтаал сайшаалд бялуурч байх хооронд цар тахал аль хэдийнэ Монголд тархсан байжээ.

Засгийн газар, Онцгой Комиссоос онцгойлон шалгаруулж тусгаарлалтын үйл ажиллагаа эрхлэх эрх авсан сувиллаас халдвар эхэлсэн гэж 2020 оны 11 дүгээр сарын 11-нд мэдээлснээс долоо хоногийн өмнө халдвар тээгч ХӨСҮТ-д хандсан ч шинжилгээ авахгүйгээр буцаасан гэх мэдээлэл бий. Хил хязгаарын боомт, төмөр зам дагаж үүссэн халдварын голомтуудыг бүрэн илрүүлж хяналтдаа авч чадлаа гэж зарлаж байгаа бололвч Амгалан дахь Гаалийн ажилтан, түүний хүүгээс, тэрчлэн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан 2 өвчтөн, тэдний ойрын хавтлын 60 хүн-бүгд 62 хүнээс короновирус илэрсэн нь ийм хардлага төрүүлж байгаа юм. Уг обьект ЭМЯ-ны хяналтад огт ороогүй байсан бөгөөд тандалтын зорилгоор гаалийн байцаагч нарыг шинжилгээнд хамруулахад өвчилсөн нь нотлогджээ. Тухайн ажилтан хаанаас халдвар авсныг тодорхойлж чадаагүйг албаныхан мэдээлсэн. УОК бүтэн арван сарын турш “халдвар тархах эрсдэл”-ийг иргэддээ анхааруулсан хэрнээ энэ хугацаанд өөрсдийн бэлэн байдлаа гүйцэд хангаж чадсангүй. Төлөвлөлт, зохион байгуулалт тааруу байсны гор нь гарч эхэллээ. Энэ нь Монголын улс төр, нийгэм, эдийн засаг бүхэлдээ COVID-19 цар тахлыг хэрхэн даван туулах бэлэн байдал, стратеги төлөвлөгөө ямархуу түвшинд байгаа ерөнхий дүр төрхийг илтгэн харуулж байгаа юм. Эрүүл мэндийн яам үнэнд гүйцэгдэж 2020 оны 12 дугаар сарын 20, 21-нд  Улаанбаатар хотноо БЗД-ийн эмнэлэгт COVID-19-ийн шинэ том голомт үүслээ гэж арга буюу хүлээн зөвшөөрөв. Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг өөрчилж, 12 дугаар сарын 23-наас  2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл нийслэл Улаанбаатар хотыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв. Ингэснээр монголчууд шинэ оноо хөл хорионы дэглэмтэйгээр угтаж байна.

Дэлхийн бүх улс орон иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж эрсдэлээс сэргийлэх ажлыг эдийн засгаа унагахгүй бэхжүүлж хөгжүүлэхтэй зэрэгцүүлж хослуулсан. Харин Монгол Улс ингэж чадсангүй. Ажилгүйдэл ба ядуурлыг урьд хожид байгаагүйгээр цэцэглүүлэн хөгжүүлэв. Ганцхан сарын хөл хорионд мянга мянган жижиг, дунд үйлдвэрлэлийнхэн үүд хаалгаа барьж мянга мянган иргэд ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Ядуурлын түвшин огцом нэмэгдэж 50 хувьд хүрсэн мэдээлэл байна. Хонь шиг номхон, хүлцэнгүй, сүүн сэтгэлт дуулгавартай ард түмэндээ хоноцын сэтгэлгээ гаргаж хойт эцэг шиг хатуурхсан Монголын Засгийн газрыг эрдэмтэн мэргэд, эдийн засагчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, худалдаа наймаа, аялал жуулчлалынхан, баялаг бүтээгчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн сэтгүүлчид зэрэг нийгмийн салбар бүрийнхэн, ТББ-ууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, МҮЭ-ийн холбоод зай завсаргүй шахаж шаардсаны үр дүнд сая Монголын Засгийн газар 2020 оны 12 дугаар сарын 13-нд ээлжит бус хуралдаанаа хийж зарим шийдвэр гаргав.

Ингэснээр 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл 900 мянган өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэв. Эл хөнгөлөлтөд төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, уул уурхайн холбоо, Банк, ББСБ-ууд, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид, интернет болон үүрэн телефоны компаниуд зэрэг нэр бүхий есөн салбараас бусад аж ахуйн нэгжийг хамруулсан байна. Эдгээрийн төлбөрийг улсын төсвөөс биш харин “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн олсон орлогоос хуримтлуулсан 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тогтжээ.

Өмнө нь гэр хорооллынхонд зориулж сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан бол энэ удаагийн Засгийн газрын шийдвэрээр 75 хувь бууруулсан байна. 100 метр квадратаас доош хэмжээтэй талбай бүхий орон сууцанд суугчдад цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн дээрх хөнгөлөлт үйлчлэх бөгөөд хэрэв түүнээс илүү гарвал эзэмшигч өөрөө хариуцахаар заасан байна. Харин өмнө нь дотооддоо короновирусыг алдаагүй байх үед гаргасан ажиллагсдын НДШ, хүн амын орлогын албан татварыг тэглэсэн шийдвэрээ үргэлжлүүлсэнгүй. Мартжээ. 2021 оноос шинэ хуулийн дагуу НДШ ба ХАОАТ-ын хувь хэмжээ нэмэгдэж байгаа.

Дээрх шийдвэр гарсны дараах өдрүүдэд Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ дээд цэгтээ тулж энд тэндгүй эвдрэл гэмтэл гарч эхэлсэн тул Засгийн газар ахиж яаравчлан хуралдаж цахилгаан дулааны хэрэглээний хэрэгцээг өмнөх 2019 оны дүнгээр тогтоож, илүү гаргасан нөхцөлд иргэд өөрсдөө төлөхөөр тогтоосон байна.

Коронавирус, коронавирус гэж айлган цочоож авч байгаа арга хэмжээ нь хугацааны хувьд дандаа сонгуулийн хугацаатай таарч байгаа нь санаандгүй зүйл биш. Урьд өмнө нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд УИХ-ын сонгуулийн хугацаатай таарч байсан, энэ удаад авч хэрэгжүүлнэ гэж хэлж ярьж байгаа арга хэмжээнүүд мөн л ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаатай таарч тохирч байна. Өөрөөр хэлбэл эрх баригчид COVID-19-ийн учруулж байгаа аюул заналыг өөрсөддөө ашигтай байдлаар эргүүлэн энэ халдварт өвчнөөс айж эмээсэн, ажилгүй , орлогогүй болсон монголчууд хүссэн ч, эс хүссэн ч өөрсдөд нь саналаа өгөх байдалд хүчээр оруулж байна гэж зарим судлаачид үзэж шүүмжилж байна.

2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний байдлаар манай улсад дотоодын халдвар 605, гадаадаас ирсэн хүмүүсээс илэрсэн 464, нийтдээ 1069 бүртгэгдээд байна.

 

2.COVID-19 БА ГАДААД ӨР

 

Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ эдийн засгаа хэрхэн хамгаалж авч үлдэх вэ гэдэгт ухаан бодлоо уралдуулан уран нүүдэл хийж стратеги тактик, прагматик бодлого боловсруулж хэрэгжүүлсэн жил боллоо 2020 он. Манай улсын хувьд Засгийн газраас эдийн засагт чиглэсэн олон төрлийн арга хэмжээ авч байгаа мэт харагдаж, ярьж хэлж байгаа ч тэдгээр нь хангалттай хэмжээний үр дүн авчирсангүй.Засгийн газрын тэргүүн мэдэгдэл хийж, хоёр ч удаа цар тахлын нөхцөл дэх эдийн засгийн хийгээд эрсдлийн арга хэмжээгээ зарлалаа.

2019 оны 3 дугаар сарын 27-нд гарсан Засгийн газрын тогтоолоор цар тахлын эсрэг 40 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зарласан. Энэ 40 гаруй арга хэмжээтэй залгуулж саяны зарласан 23 арга хэмжээг уншиж үзэхэд огноог нь хуулж бичсэнээс бусдаар яг адилхан байгаа юм. Ямар ч шинэ сэтгэлгээ, шинэ зүйлгүй. Өмнөх тогтоол нь “Ковид-19” цар тахлын үеийг ашиглан нийгмийн эмзэг асуудлууд дээр дөрөөлж сонгуульд санал авах гэсэн зорилготой байсан бол Засгийн газраас сүүлд гаргасан 23 арга хэмжээ бүхий шинэ тогтоол нь өмнөхөө хуулбарлаж ард иргэдээ хуурч мэхэлсэн шинжтэйг Монгол Улсын ХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эдийн засагч Б.Лхагважав “үнэхээр гутамшигтай тогтоол” гэж “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа хурцаар шүүмжилжээ.

Иргэд, аж ахуй нэгжийн зээл, түрээс, нийгмийн даатгал, татварын хуримтлагдсан асуудлууд шийдэгдээгүйн дээр иргэд, байгууллагууд урьд хожид хэзээ ч байгаагүй өндөр өрийн дарамттайгаар 2021 оноо угтаж байна.

Монгол Улсын хүн амын дийлэнх олонх нь дундаж давхаргынхан. Статистикийн байгууллагын өнгөрсөн нэгдүгээр сарын судалгаагаар 59 хувь нь дундаж бүлэгт хамаардаг гэж гарчээ. Гэтэл дундаж давхаргынхан COVID-19-ийн нөлөөнд хамгийн их дарамтлуулж, “торгуулийн суман” болж хувирав. Энэ байдал 2021 онд энэ хэвээр цааш үргэлжилбэл дундаж давхаргынхан халамжийн хэсэг рүү шууд гулсан орно. Ажилгүйдэл, ядуурал дээд цэгтээ тулна гэдгийг эдийн засагчид хэлж ярьж анхааруулсаар байна.

Хөл хорионы үед хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол зөвхөн 13 хувь нь л хязгаарлагдмал хүрээнд ажиллажээ. Ажлын байр 152 мянгаар хорогдож тийм хэмжээний хүн ажилгүй болсон байна. Хэрэв хатуу хөл хориог үргэлжлүүлбэл нэмж 430 орчим мянган ажлын байр алдах эрсдэлтэйг МҮХАҮТ-ын судалгаанд дурджээ.

Манай Улс 2020 онд ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан нааштай мэдээлэл байгаа ч Монгол Улсын өр үлэмж нэмэгдэж Үндэсний Аюулгүй Байдлын хэмжээнд хүрсэн байна. Уг асуудал УИХ-ын оны эцсийн чуулганы танхимд хүчтэй яригдав. Хамгийн сүүлийн мэдээллээр Монгол Улсын Засгийн газрын гадаад өр дөрвөн тэрбум гаруй ам.доллараас долоон тэрбум ам.доллар болж өсчээ. Энэ бол аюулын харанга мөн. 2020 он шувтрахын даваанд Монгол Улсын төв банк БНСУ-ын “Самсунг” компаниас ахиад 100 сая ам.долларын зээл аваад түүнийгээ нууцын зэрэглэлд оруулж өргөн олон түмнээс далдалсан гэсэн шуугиан дэгдэв. Хятадын төв банкинд ч бас тамтаггүй их өртэй бололтой. Тэгэхээр ирэх жилүүдийн эдийн засагт өөдрөг төсөөлөл харагдаж өгөхгүй болоод байна.

 

3.COVID-19 БА УИХ-ЫН СОНГУУЛЬ

 

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулав. 2020 оны УИХ-ын сонгууль COVID-19 нэрийн дор хаалттай болсноороо онцгойрон ялгарч түүхэнд бичигдэж үлдэв. Бас Монгол Улсын түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүй олон бие даагчид өрсөлдсөн нь нэг талаас хүн амын олонхи улстөрийн намд итгэл алдарсны илэрхийлэл, нөгөө талаас санал хуваагдах нөхцөлийг бүрдүүлсэн онцлогтой сонгууль болж өнгөрсөн билээ. Хөл хорионы үеийн энэхүү хаалттай сонгуульд эрх баригч нам үнэмлэхүй олонхийн санал авсан. МАН 62, АН 11, МАХН тэргүүтэй “Та бидний эвсэл”-ээс нэг, “Зөв хүн электорат” эвслээс нэг, бие даан нэр дэвшигч нэг гэсэн бүтэцтэй парламент Монголд бүрэлдэв. Санал өгсөн иргэдийн дөчөөдхөн хувийн санал авсан эрх баригч МАН парламентад 80 гаруй хувийн суудал эзэлж, үлдсэн нь бусад хүчинд хуваагдсан байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар мөнгө тараах, төрийн бүх шатны албан хаагчдын хүчийг сонгуульд дайчлах,сонгогчдын нэрсийн жагсаалтыг будлиулах, айл өрхийн нэр дээр тэнд оршин суудаггүй хүмүүсийг бүртгэх, гадаадад амьдарч байгаа монголчуудын сонгуульд санал өгөх эрхийг хасах, хууль хүчний байгууллагууд эрх баригчдын луйвар булхайг хамгаалах, бусад намын, эвслийн нэр дэвшигчдийн нэр төрийг гутаан доромжлох зэрэг уламжлалт ужгирсан хар пиар урьдын адил үргэлжилж улам ч хүчээ аван хүрээгээ тэлсэн байна. Сонгуулийн ерөнхий хороо эрх баригч хүчинд үйлчилж, хамгийн ноцтой нь Сонгуулийн тухай хуулийн заалтуудыг туйлын бүдүүлгээр зөрчиж,тухайлбал иргэдийн санал өгөх хуудсыг нууцын тэмдэггүй, тусгайлсан дугаар тэмдэглээгүйгээр хавтгайруулж, санал өгсөн хүмүүсийн хуруунд арилдаггүй бэхээр тэмдэглэгээ тавиагүй зэрэг нь сонгуулийн луйвар булхайг хавтгайруулах боломжийг улам нэмэгдүүлэв. Хар машин ажилладгаараа ажиллаж, тоо хэмжээг будлиантуулан дээш доош нь хэдэн зуу, мянгаар нь үсэргэж, цэг таслалын алдаа мадгаа гаргадгаараа гаргажээ. Энэ нь иргэд сонгогчдын дургүйцлийг ихээхэн төрүүлэв. Улс төрийн нам эвсэл, бие даагч нар луйврын сонгууль болсон гэдэгтэй санал нэгдэж, өөрсдийн байр суурь дээрээ баттай зогссон хэвээр 2021 онтой золгож байна. Өнгөрсөн хугацаанд нам эвсэл, бие даагчид Ерөнхийлөгч Х.Баттулгад 2020 оны УИХ-ын сонгууль луйвар булхайн сонгууль болсныг илчилсэн хөдөлшгүй баримт нотолгоо бүхий шаардлагыг хоёр ч удаа хүргүүлсэн байна. Хууль хяналтын байгууллагуудад ч мөн ханджээ.

УИХ-ын сонгуулийн санал хураалтыг дахин явуулах, зарим хэсэг хороодод саналыг гараар тоолохыг шаардсан байна. Сонгуулийн санал авах хуудас нь тусгай нууцлалтай байх ёстой гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, санал өгөгч хүмүүсийн хуруун дээр тэмдэглэгээ хийгээгүй, нэг хаяг дээр олон хүний нэрийг бичсэн, гадаадад байгаа болон нас барсан хүний нэрийн өмнөөс санал өгсөн зэрэг ноцтой баримтууд нь бүгд батлагджээ. Гэвч үүнд өнөөг хүртэл үнэн зөв, шударга хариулт өгөгдөөгүй байна.

УИХ-ын сонгуулийн үр дүнтэй холбоотой хэрүүл маргаан намжаагүй байхад орон нутгийн сонгуулийг эрх баригчид мөн л хөл хорионы нөхцөлд хаалттай зохион байгуулав. Өнгөрсөн сонгуулийн өмнөх нийгмийн уур амьсгалын байдалд эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдээс нэг бус удаа шинжилгээ хийж үзэхэд санал өгөх насны хүн амын 70 хувь нь МАН, АН-ыг сонгохгүй гэдэгт санаа бодол нь төвлөрч байсан байна. Тэр тусмаа “60 тэрбумын хэрэг”, “ЖДҮ-гийн зээл” нэртэй луйвар булхайд амтшиж гаршсан хэмээн МАН-ыг нийгэм даяараа жигшин эсэргүүцэж байв. Гайхалтай нь сонгуулийн үр дүн бүр эсрэгээрээ гарчээ. 

Энэ нь сонгуулийг томсгосон тойргоор явуулсан, олон нам эвсэл, бие даагчид нэр дэвшиж сонгуульд өрсөлдсөн нь санал хуваагдаж, МАН-д ашигтайгаар эргэсэн байж болох ч хар машин зэрэг луйвар булхайтай сонгуулийн үр дүнд эргэлзэх иргэдийн эргэлзээ тээнэгэлзлийг хэвээр үлдээж, сонгууль луйвар булхайтай болж байгаа нь Монголд ардчилал устан арилж, дүр эсгэсэн ардчилсан дарангуйлал тогтож байгаагийн нотолгоо гэж үзэх явдал улам өргөжин гүнзгийрэв.

 

4.COVID-19 БА ЕРӨНХИЙЛӨГЧ, ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН АЙЛЧЛАЛ

 

Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны эхэнд цар тахлын бүс нутаг гэгдэж байсан БНХАУ-д гэнэт айлчлав. Түүний айлчлал монголын ард түмний хувьд урьдчилан төсөөлөгдөөгүй санаандгүй сюрприз байсан юм. Таван цагийн хугацаатай үргэлжилсэн уг айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хүнд хэцүү цаг үед “айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдгийг харуулж хөрш зэргэлдээх гүрэндээ чадах ядахынхаа хэрээр тусалж, дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпинд 30 мянган хониор хандив өргөж буй “Батламж” бичгээ өөрийн биеэр гардуулав. Улмаар 2020 оны төгсгөлд Монголын ард түмний чин сэтгэлийн бэлэг 30 мянган хонины хандив жинхэнэ эзэддээ хүрчээ. Сонирхолтой нь Хятадын засгийн газар уг бэлгийг Хубэй мужийн Ухань хотод оны эхээр анх дэгдсэн аюулт цар тахлын үеэр Хятадын тал бүрээс энд ирж ажилласан хэдэн мянган эмч, сувилагч, онцгойгийнхон зэрэг эрэлхэг зоригт эх оронч охид, хөвгүүддээ хүн тус бүрт хайрцаглан нэр зааж хаяглан хүргүүлснийг Синьхуа  агентлаг мэдээлсэн байна.

Дэлхий ертөнц, хүн төрөлхтөнийг нэлэнхүйд нь хамран тархсан COVID-19 цар тахлын аюул энэ мэтээр хөрш зэргэлдээх улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлж гүнзгийрүүлэх, ард түмнүүдийн найрсаг харилцааг өргөжүүлэн тэлэхэд ямар нэг байдлаар нөлөөлж түлхэц үзүүлсэн нь 2020 оны нэг онцлох үйл явдал байлаа.

Дэлхий нийтээр цар тахлын хөл хорионы үед дээд хэмжээний харилцан айлчлал мэдэгдэхүйц хэмжээгээр хумигдаж цөөрсөн хэдий ч Япон Улсын Ёсихидэ Суга-гийн шинэ Засгийн газрын Гадаад хэргийн сайд Т.Мотэги анхныхаа айлчлалыг Монгол Улсад хийв. Т.Мотэги сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийжээ.  Тэрээр Япон Улсын Засгийн газраас хоёр улсын иргэд бизнесийн зорилгоор харилцан зорчих, урт хугацаанд Япон Улсад оршин суух манай иргэдэд Япон Улсад зорчих визийг олгож эхэлснээ мэдээлж, Япон Улсын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ноу-хау-г идэвхтэй татаж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Японы Засгийн газраас Монгол Улсад 25 тэрбум иень буюу 233 сая орчим ам.доллартай тэнцэх урт хугацааны нэн өндөр хөнгөлөлттэй зээл олгох гэрээнд айлчлалын үеэр гарын үсэг зурсан байна. Үүнийг нь Монгол Улс цар тахлын аюулыг даван туулах зориулалтаар ашиглаж буй билээ.

Эл айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улсын түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг улстөр судлаачид нэгэн дуугаар онцолсон аж.

Тэрчлэн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайваны 2020 оны есдүгээр сарын 20-нд ОХУ-д айлчилж ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийв. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа хоёр тал илэрхийлсэн байна. Нийтийг хамарсан цар тахлын аюулыг давж гарахад нь зориулж Монгол Улс, монголын ард түмэн ОХУ, Оросын ард түмэнд 30 мянган хоньтой тэнцэх хэмжээний мах бэлтгэж нийлүүлэх хүсэлтэй байгаагаа Монгол Улс 2020 онд  мөн адил илэрхийлсэн билээ.

 

5. COVID-19 БА ЖДҮ-ЧИД: ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ БИШ, ХАРИН АЛБАН ТУШААЛ ДЭВШИЦГЭЭВ

 

Төрийн өндөр албан тушаалтнууд давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан асуудал 2019 онд шуугиан тарьж нийгмийг бухимдуулсан.Тэдгээр албан тушаалнуудад хариуцлага хүлээлгэх асуудлаар уг хэрэг 2020 онд үргэлжлэх ёстой байв. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч ЖДҮ бол гэмт хэрэг, жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлж ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хатуу арга хэмжээ авч хариуцлага тооцно гэдгээ мэдэгдээд байв.Гэвч тэр нь нийгмийн бухимдал дургүйцлийг түр зуур намжааж гал унтраах башир арга байсан нь удалгүй тайлагдав. Учир нь ЖДҮ-чид хариуцлага хүлээх биш, харин албан тушаал суга дэвшсэн 2020 он болж өнгөрснийг монголчууд бүгдээрээ харцгаав. ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар өнөөдөр Монгол Улсын Шадар сайдын алба хашиж, Улсын онцгой комиссыг толгойлон COVID-19-ийн хатуу хөл хориог зохицуулан ажиллаж байгаа бол ЖДҮХС-гаас 950 тэрбумын зээл авсан УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх болж дэвшээд Дархан хотод цар тахлын хөл хорио тогтоож, өдөр бүр төв телевизээр гарч айл бүрийн хойморт чанга дуугаар зарлиг захирамж буулгаж суугааг монголчууд харцгаасан. Шүүхээр зарим хэрэг нь эхнээсээ хэлэлцэгдсэн ч хуулийн хариуцлага эдлэхгүйгээр торгууль хүлээгээд өнгөрсөн нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс эхлээд нэг биш бий. Дэлхий нийтээрээ цар тахалд өртөгдөж амь наана, там цаана байхад юун хариуцлага хүлээлгэхтэй мантай. Үхэл дагуулсан COVID-ын дэргэд ЖДҮ юу юм гэх нь холгүй байцгаана. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракцад л багтаагүй бол хариуцлага тооцох тухай сая ярьж болох юм гэх өнгө аястай байцгаана.

“Амь насаа алдахаас айхгүй байна, ард түмнийхээ итгэлийг алдахаас л айж байна” гэж ярьсаар төрийн толгойд гарч ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр газар дээр биш тэнгэр дээр, өрх гэр,ард иргэдийнхээ дэргэд биш өндөр уулын оройд дэрвэж, үүлэн дээгүүр диваажин мөрөөдөн хөвж явна.

 

6. COVID-19 БА ХҮНИЙ ЭРХ

 

Нийтийн эрүүл мэндийг хамгаалах эгзэгтэй цаг үед ард иргэд нийгмийн эмх цэгцийг илүүд эрхэмлэж төр засгийн ямар ч шийдвэрийг үг дуугүй биелүүлж, үргэлж хүлцэнгүй явж ирэв. Эрхээ нэхэж дуугарахаас илүү эвлэрч, дасан зохицож байлаа. Үүнд нь эрдэж бардсан эрх баригчид “даварсаар даварсаар дагвын орон дээр гарав” гэдгийн үлгэрийг үзүүлж хатуу чанга хөл хориогоор далимдуулж хүний амьд явах эрхийг хязгаарласан кейсээр 2020 онд Монгол Улс анх удаа олон улсын хүний эрхийн өдрийг угтав. НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллагууд цар тахлын хөл хорионы үед хүний эрхийг аль болохоор зөрчихгүй байх анхааруулга, зөвлөмжийг хангалттай өгч байсан ч тэр нь Монгол төрийн нэг чихээр ороод нөгөөгөөр нь сум шиг шунгинан сугарч гарсаар эдүгээг хүргэв.

ХЭҮК-т 2020 он гарсаар 670 санал иргэдээс ирснээс 68 нь COVID-19-тэй холбоотой гомдол байжээ. Дотоодод COVID-19 анх илрэхэд төрийн байгууллага халдвар авсан иргэний нэр, зураг, регистрийн дугаар бүхий хувийн мэдээллийг нийтэд “цацсан”-аас тухайн хүнийг нийгэм даяараа үзэн ядаж, жигшин зэвүүцэв.Үүний уршгаар халдвар авсан иргэн сэтгэлээр унаж гутран, ойр хавийнханд нь давхар гадуурхагдах эрсдэл үүсч, хамгийн ноцтой нь дараа дараагийн хүмүүс хэн хэнтэй уулзсан, хэзээ хаагуур явсан маршрутаа нууж хаах буруу жишиг тогтооход хүргэсэн нь өвчлөлийг хумих биш улам тархах нөхцөлийг буй болгожээ. Халдваргүй нь батлагдаад тусгаарлалтаас гарч ирсэн 4, 17 настай хүүхдүүдийг байр сууцны орцныхон нь оруулахгүй гадуурхаж хөхөө өвлийн хүйтэнд хэдэн цаг гадаа зогсоосон харгис хэрцгий үйлдэл ч гарчээ. Орон нутгаас ирсэн иргэд төрийн хоёр өөр шийдвэр, түүнийг хэрэгжүүлэгч алба хаагчдын нэгдсэн ойлголт зохион байгуулалтгүйгээс 22-ын товчоон дээр тээврийн хэрэгсэлд хонон өнжин дугаарлахдаа эрүүл мэндийн үйлчилгээ авч чадалгүй эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарав. Мөн тусгаарлалтаас гарсан иргэдийг гэрийн ажиглалтад хянахын тулд хаалган дээр нь анхааруулж сэрэмжлүүлэх бичиг тэмдэг нааж бусдад гадуурхагдах нөхцлийг санамсаргүйгээс бус санаатайгаар бий болгосон байна.

Энэ бол төрийн анхаарал, болгоомж хэтэрхий хэлтийж цадиг замбараагаа алдсаны илрэл. Хамгийн ноцтой нь халдварын дэгдэлтийг хумих нэрийн дор Үндсэн хуулиар олгосон хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж монгол хүний амьд явах эрх тамгатай цааснаас хямдхан болсон нь даанч харамсалтай.

 

7. ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТООЦОГДОХ ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ

 

Монголчууд цар тахлаар хүрээлүүлж, дотооддоо өвчлөлийг алдсан ч гар хумхиж зүгээр суусангүй. Анх удаа нийлж нэгдэж байгаад томоохон бүтээн байгуулалт хийж чадсан нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,6 км төмөр замын төсөл болж байна. 2019 оны хавар шав тавьж бүтээн байгуулалтын ажил эхэлсэн нь өнөөдөр 85 хувьтай үргэлжилж буй. Дэлхийн жишгээр тооцож үзвэл манай улс гуравдугаар зэрэглэлийн төмөр зам барьж байгаа юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар байгаа нь эл төслийн ирээдүйн үр өгөөжийг илтгэнэ. Төмөр замын талаарх бодлого хэрэгжиж, шинэ төмөр зам ашиглалтад орсноор томоохон орд газруудаа дэлхийн тээвэр, худалдааны гинжин хэлхээнд холбож чадах юм.

Төслийн санхүүгийн үр ашгийн хувьд төмөр зам баригдаж үйл ажиллагаа эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд Монгол Улс 13.5 их наяд төгрөгийн орлого олно. 20 жилийн хугацаанд 13.5 их наяд төгрөгийн орлого олж, 8.8 их наяд төгрөгийн зардал гаргаж, 3.5 их наяд төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллана гэж тооцоолжээ. Мөн Зэвсэгт хүчин, аж ахуйн нэгжүүд цаашид төмөр зам барих боломжийн техник, тоног төхөөрөмжтэй болж дадлага туршлага хуримтлуулна. Монгол Улсад ган үйлдвэрлэх аж үйлдвэрлэл хөгжихийн эхлэл нь шинэ төмөр зам болж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Харин хүмүүс төмөр замын төсөл хэрэгжүүлж байгаатай холбогдуулан хэлж байгаа дараах шүүмжлэл өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Нэгд, Таван толгойн нүүрс дуусахад их хэмжээний зардал гаргаж барьсан төмөр зам элсэнд булагдах уу? Энэ талаар өнөөгийн эрх баригчид бодсон бол уу? Ийм харамсалтай түүх дэлхийн олон улс орон, ялангуяа хөгжиж байгаа орнуудад давтагдсан байдаг. Хоёрт, уг төмөр замыг байнга ашиглахын тулд түүнийг дагуулж хот суурин газрууд үүсэх ёстой. Хот суурин газруудад үйлдвэрлэл байж ажлын байр бий болно, түүнчлэн тэнд оршин суугчдын тогтвортой суурьшилын асуудлыг шийдэхийн тулд боловсрол, эрүүл мэндийн байгууллага байгуулах, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай. Одоогоор ийм бодлого байхгүй байгаа бололтой.

Түүхий нүүрс түлшинд хэрэглэхийг нийслэл хотод болиулахад чиглэсэн утаагүй түлшний 2 үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулж, агаарын бохирдлыг тавин хувиар бууруулсныг мэргэжилтнүүд бас тэмдэглэж байна.

Утаа униар буурсан мэт боловч азотын давхар исэл, хүхэрлэг хий зэрэг хорт бодисын хэмжээ өмнөх жилүүдийнхээс ихэссэн, үүнээс үүдээд толгой өвдөх, дотор муухайрах зовиур иргэдийн дунд түгээмэл байгааг “Цахим эмч” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Баярбямба онцлоод “Хүхэрлэг хийн хэмжээ нүүрс түлдэг үеийнхээс 4,4 дахин ихэссэн”-ийг баримтаар дэлгэв. Харин МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, профессор Ч.Сономдагва “Налайх, Багануурын түүхий нүүрсэн дэх хүхрийн агууламж 0,35 хувь, сайжруулсан түлшнийх 0,57 орчим байсан” гэжээ. Өөрөөр хэлбэл, шахмал түлшнээс ялгарах хүхэрлэг хий түүхий нүүрснийхээс их аж. Сүүлийн долоо хоногийн 24 цагийн дунджийг авч үзэхэд нэг шоо метрт агуулагдах хүхэрлэг хийн хэмжээ 428 мкг байв. Энэ нь стандартаас 8,5, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Сүүлийн саруудаас дурын өдөр, долоо хоногийн дундаж үзүүлэлтийг харахад азотын давхар исэл стандартыг зарим үед, хүхэрлэг хий байнга давжээ. Хүхэрлэг хий нь амьсгалын замын өвчний суурь шалтгаан болдог.

 

8. МОНГОЛЫН ШҮҮХ АВЛИГАЧ САЙД НАРАА ЯЛЛАЖ, “РИОТИНТО” МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ АРБИТРИЙН ШҮҮХЭД ӨГӨВ

 

Оюутолгой ордын эргэн тойрон дахь дуулиан шуугиан 2020 онд тасралгүй үргэлжлэв. Уг ордыг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулах явцад олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр тухайн гэрээг байгуулсан Засгийн газрын Ерөнхий сайд асан С.Баярт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны долоодугаар сарын 23-нд таван жилийн хорих ял оноосон. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх үндэслэл, зүйлчлэлээр тухайн цаг үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтод 2020 оны долоодугаар сарын 17-ны өдөр10 жилийн хорих ял оноосон байдаг.

Харин 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх С.Баярт оноосон анхан шатны шүүхийн ялыг хоёр жил зургаан сар, С.Баярцогтын ялыг хоёр жил найман сар болгон тус тус 50 хувиар бууруулж шийдвэрлэв.

Тэгвэл Оюутолгойн ордыг ашиглаж буй “Оюутолгой” компани татварын асуудлаар Монголын Улсын Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгсөн тухай “Рио Тинто” компани 2020 оны хоёрдугаар сарын 21-нд мэдээлсэн юм. Уг маргаан нь “Оюутолгой” компанийн 2013-2015 онд Монгол Улсад төлсөн татвартай холбоотой. Хариуд нь Монгнол Улсын Засгийн газар ажлын хэсэг гаргаж, гаднын томоохон зөвлөх компанитай хамтран ажиллаж байгаа гэж мэдээлсэн.

Гэвч “Рио Тинто” компанийн өмнөх удирдлагууд Австралид нүүрс олборлох явцад уг тивийн уугуул иргэдийн үүх түүхтэй холбоотой үнэт дурсгал болох ховор нандин агуйг дэлбэлж устгасны улмаас өөрчлөгдөж байгаа шинэ удирдлагууд 2021 оны 4 дүгээр сард үүрэгт ажилдаа орно гэдэг үндэслэлээр “Оюутолгой” зэсийн уурхайн төсөлтэй холбоотой гэрээний зарим заалтыг эргэн харах асуудлаарх “Рио Тинто” компани болон манай Засгийн газрын хоорондын хэлэлцээ зогсонги байдалд оржээ.

 

9.ТАГНАСАН, ЧАГНАСАН “ЦУВРАЛ” ҮРГЭЛЖЛЭВ

 

Гурван жилийн өмнө буюу 2017 оны зун одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад нь тагнасан чагнасан “хэрэг” гарч нийгмийг гайхшралд оруулж байв. Тухайн үед АТГ-ынхан мэдээлэл хийхдээ “Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэг ТЕГ болон ЦЕГ-аар дамжин наймдугаар сарын 7-нд ирсэн. Мөрдөн байцаалтын шатанд У.Хүрэлсүх төрсөн дүү У.Отгонбаяр болон хамаатан садныхаа хүмүүсээр дамжуулан өнгөрсөн долдугаар сард өөрийгөө мөрдөн мөшгисөн гэх мэдээллийг хэвлэлээр тараасан. Энэ  үйлдэлд нь Шадар сайд У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах саналаа нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Түүнийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захиалга өгч тагнаж, чагнуулсан гэх нотолгоо тогтоогдоогүй” хэмээн мэдээлж байсан ч уг хэрэг тэгсгээд сураг чимээ тасарсан билээ.

Үүнээс яг гурван жилийн дараа 2020 оны наймдугаар сард ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон түүний ойрын хүмүүст гүйцэтгэх ажиллагаа явуулж тагнаж чагнасан гэх асуудал босч Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандсан юм. Энэ хэргийн улмаас ТЕГ-ын дарга Д.Гэрэл ажлаасаа чөлөөлөгдөж, тус газрын арваад албан тушаалтан АТГ-т шалгагдаж, яллагдагчаар татагдсан. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэх мэдээлэл бий.

Тэгвэл Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нь нууцаар дуу, дүрс бичлэгийн камер байршуулсан гэх дуулиан 2020 оны 12 дугаар сард дэгдлээ. Уг хэрэгт Засгийн газрын IT хариуцсан ажилтан Б хамаатай нь тогтоогдон, байцаагдаж байгаа гэж мэдээлж байна.

Энэ бүхэн нь хэдэн жилийн өмнө сансар дахь тагнуулын хиймэл дагуулын тандалтаар Монгол Улс иргэдээ чөлөөтэй тагнаж чагнадаг дэлхийн 25 улс орны нэг мөн болох нь батлагдлаа хэмээн олон улсын хэвлэл мэдээллээр шуугиж байсан нь үндэслэлтэй, үнэн бодитой болохыг баталж байгаа юм.

Ийнхүү тагнасан чагнасан гэх “цуврал” Монголд 2020 онд үргэлжилж, олон нийтийн чихийг сортойлгов.

 

10.ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР

 

Монголчууд  “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэж хэлдэг.  Ардын энэ үгийг яг баталсан үйл явдал 2020 онд боллоо. Одоогоос найман жилийн өмнө 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг олон зуун цагдаа, тагнуул, АТГ-ын ажилтнууд хүч түрэн баривчилсан. Улмаар хүчээр ял тулгаж шоронд хорьсон. Ингэж хүчээр ял тулгаад 2012 онд УИХ-ын сонгуульд оролцох эрхийг нь хааж, үүнээс хойш УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд ямар нэг аргаар оролцуулалгүй явсаар өнөөдрийг хүрэв. Учир нь Н.Энхбаяр эрх баригчдын хувьд улс төрийн маш том өрсөлдөгч нь, бас эрх баригчдын маш том сөрөг хүчин нь.

Н.Энхбаярыг улс төрийн өрсөлдөөнд оролцуулахгүйн тулд Монгол Улсад шударга бусын хонгилыг МАН-ын С.Баяр, АН-ын Ц.Элбэгдорж нар хамтран байгуулж, өөрсдөө шууд удирдаж байв. Шударга бусын хонгилыг байгуулсан энэ улстөрчдийг МАНАН бүлэглэл гэдэг. Тус бүлэглэлийн шийдвэрийг үг дуугүй дагаж хэрэгжүүлсэн, баривчлах, ял тулгах ажиллагааг гардан хийсэн АТГ-ын ажилтнууд, прокурорууд, шийдвэр гаргасан шүүгчдийг сүүлд толгой дараалан албан тушаалд дэвшүүлж, одон тэмдэг олгож, гавьяа цолоор шагнасан байдаг билээ.

Харин энэ 2020 онд С.Баяр, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж нар өөрсдийнхөө байгуулсан шударга бусын хонгилоор туучиж явна. С.Баяр, М.Энхсайхан нар шүүхээс ял шийтгүүлсэн бол Ц.Элбэгдоржийн хэрэг шүүхэд шилжээд байна. Өөрөөр хэлбэл, тэд улс төрийн өрсөлдөгчдөдөө хүчээр ял тулгадаг тогтолцоо бий болгосныхоо горыг эргээд амсаж буй нь энэ юм. Мөн тухайн үед уг ажиллагааг гардаж, идэвхийлэн оролцож, хошуучлан манлайлж явсан генерал Б.Хурц гэхэд эрүүдэн шүүсэн хэргээр шүүгдэж, ял хүртээд байгаа.

Эндээс юу харагдаж байна вэ гэвэл шүүгчдийг аль нэгэн нам эсхүл албан тушаалтан томилдог байсан цагт өрсөлдөгчөө хүчээр ялладаг энэ харгис тогтолцоо, шударга бусын хонгил оршсоор байх болно. Иймээс шүүгчийг ард түмэн шууд сонгодог болох ёстой. Ингэж гэмээнэ захиалгаар ажилладаг шүүгчид байхгүй болж, шүүх бусдаас хараат бус ажиллан, шударга шийдвэр гаргадаг болох юм.

Гэхдээ С.Баяр, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыг буруутган шалгасан хэргүүд нь бодитой, бас ноцтой. Тэд Оюутолгойн гэрээг байгуулах, “Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьд худалдаж авах, Тавантолгойн ордыг гадныханд наймаалцахыг завдаж, уг үйлдэлд оролцогчдод улс төрийн дэмжлэг үзүүлж, авлига авсныг хууль хяналтынхан шалгаж тогтоосон байдаг юм.

 

11. ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ХЭРГИЙГ ШИЙДЭВ, ЭРГЭЭД ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

 

Одоогоос 22 жилийн тэртээ С.Зоригийн амийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг илрэхгүй явсаар хоёр жилийн өмнө гэнэтхэн шийдэгдсэн.Түүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хөнөөсөн болохыг хуулийн байгууллага тогтоож, улмаар бүх шатны шүүхээр дамжуулж хүндрүүлэн шийтгэсэн. Монголын нийгэм гайхан цочирдож, итгэж үнэмшиж ядаж байтал дээрх хоёр хүнийг тамлан зовоож, эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэсэн бичлэг дэлгэгдэж нийтэд ил болсон билээ. Энэ хэрэгт тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татаж шалган 2020 оны долдугаар сарын 22-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгэж, Б.Хурцад гурван жилийн хорих ял оноосон. Гэвч Монголд эцэслэж шийдвэрлэгддэг зүйл үгүй болон эргэж буцдагаараа буцаж уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2020 оны аравдугаар сарын 29-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгов. Анхан шатны шүүхэд нь буцаажээ.

Ингэхдээ эхлээд Б.Хурц нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн дүр эсгэж хэд хонуулж байгаад 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай 1203 тоот захирамж гаргаж Б.Хурц нарыг сулласан.  Энэ нь Монголд иргэдийг тамлан зовоож, эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэхийг өөгшүүлсэн үйлдэл боллоо гэж гадаад ертөнцөд шууд харагдаж байгааг УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Лу.Болд нар анхааруулав. Мөн улсын парламентийн холбоо ч ингэж үзэж байгаа юм байна.

 

12.ЖАРАН  ТЭРБУМЫН ХЭРЭГ: ЯРЬСНЫГ НЬ ЯЛЛАСАН Ч, ХИЙСНИЙГ НЬ “ШАГНАВ”

 

Дөрвөн жил гаруйн өмнө буюу УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр МАН-ын 60 тэрбумын бичлэг задарч нийгэмд дуулиан шуугиан дэгдээсэн. Энэ хэргийн улмаас Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарт өнгөрсөн жил тус бүр дөрвөн жилийн хорих ял оноож байв.

Тухайн цаг үед Монголын нийгэм даяар “төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” хэмээн тэднийг жигшиж, ахиад ийм хэргийг хэзээ ч гаргуулж болохгүй гэж эрх баригчдад хатуу анхааруулж байв.

Тэгтэл үүнтэй ижил, бүр илүү гаж үйлдэлтэй хэрэг 2020 оны Орон нутгийн сонгуулийн үеэр давтагдаж, түүнд ахиад л МАН-ын гишүүд холбогдов. НИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Б.Сэнжидмаа, Г.Гангамөрөн нар үл мэдэгдэх нэгэн хүнтэй санал тоолох хар машиныг хакердаж, сонгуулийн саналыг өөрчлөхийг наймаалцаж буй бичлэг цацагдаж монголчуудыг алмайруулав.

Б.Сэнжидмаа, Г.Гангамөрөн нар нэгэн “Хар машины сервер нь гадаадад байдаг. Тэгэхээр бид нар тэр чиглэл дээр ажилладаг. Өнгөрсөн УИХ-ын сонгууль дээр ч тодорхой хэмжээний төхөөрөмжийн ажиллагаа хийсэн. Амжилттай болсон. Үр дүнг нь та бүхэн мэдэж байгаа байх” гэхэд “Үнэхээр баталгаатай бол хамтран ажиллана” гэх зэргээр ярилцсан нь уг бичлэгт тов тодорхой буусан байдаг. Өөр ч ноцтой олон зүйл тэр бичлэгт бий. Харамсалтай нь үүнийг эрх баригчид харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг нүдэн балай, чихэн дүлий өнгөрүүлэв.

Тэднийг хууль хяналтын байгууллагад шалгуулж, ял зэм хүлээлгэсэнгүй. Харин ч эсрэгээрээ өөдөө өгсөж албан тушаал дэвшицгээлээ. Б.Сэмжидмаа нь Баянгол дүүргийн ИТХ-ын дарга болж, Г.Гангамөрөн нь нийслэл Улаанбаатарын ЖДҮ хариуцсан байгууллагын даргаар томилогдсон байна.

Үүнээс харахад эрх баригчид Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархан завдахаа орхиод шууд ханцуй шамлан хэрэгжүүлдэг болсон юм биш биз гэсэн асуулт аяндаа босч, хариултаа хүлээж байна. Ардчилсан Монгол Улсын иргэд хардах бас мэдэх эрхтэй билээ. Ярьсныг нь ялласан атлаа хийж хэрэгжүүлснийг нь улайм цайм улам урамшуулж шагнасан байгаа биз дээ?

 

13. “ЭРДЭНЭТ “-ИЙН ХЭРЭГ: “ЖАСТ”-ИЙН Ш.БАТХҮҮ ГАНЦААРАА ҮҮРЧ, “49-ИЙНХНИЙ ХЭРЭГ”СУРАГ АЛДРАВ

 

Сүүлийн хэдэн жил Монголыг шуугиулж буй “Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон дуулиан 2020 онд ч мөн үргэлжлэв. Эхнийх нь “Жаст”-ийн Ш.Батхүүгийн хэрэг. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нарын хамтаар бүлэглэн хуурамч бичиг баримт бүрдүүлж “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкинд барьцаанд тавьж 109 сая ам.долларын зээл авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Г.Алтан, Э.Сүрэн нартай бүлэглэж Төрийн банкийг залилан мэхэлж хохироосон.

Олон жил болсон “Жаст”-ийн Ш.Батхүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн шүүх 13 хоногийн турш хэлэлцээд 2020 оны аравдугаар сарын 22-нд Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оноож, бусад холбогдогчдын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой өөр бас нэг хэрэг явдал нь тус үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авчирсан “Монголиан коппер корпорейшн” болон Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэрэг. 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулж, цагдан хорьж байцаалт авсан байдаг.

Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж Д.Эрдэнэбилэг нарыг ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих  461-р ангид хэсэг хугацаанд саатуулаад батлан даалтад гаргасан билээ. Бүтэн жил гаруйн хугацаанд үргэлжилсэн энэхүү мөрдөн байцаалтын ажиллагаа 2020 оны дөрөвдүгээр сард дуусаж, хавтаст хэргийг прокуророос Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл гараад таг чиг болов.

Хэрэг хэрхэн шийдэгдэхийг хэн ч мэдэхгүй, хүлээгдэж байна гэсэн хариулттай үлдэв.

 

14. ЭКС ГИШҮҮД ЖДҮ-ГИЙН “ЗЭЭЛ”-ЭЭР, ЭКС САЙДУУД ЭРХЭЭ ХЭТРҮҮЛЖ АШИГЛАСАН ХЭРГЭЭР ШИЙТГҮҮЛЭВ

 

2016-2020 оны хооронд УИХ-д сууж байсан МАН-ын голдуу угшилтай олон гишүүн ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон. Дөчөөд хүний нэр гарч байсан боловч дөрөв нь 2020 онд шүүхээс ял шийтгүүлжээ.

2020 оны долдугаар 29-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Г.Солтанд “Монгол шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авч, өөрийн гэр бүлдээ давуу байдал бий болгосон үндэслэлээр гурван жилийн хорих ял, 2020 оны наймдугаар сарын 4-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг өөрийн хамаарал бүхий компанид гурван тэрбум төгрөгийн зээл авч, 8.6 тэрбум төгрөг бусдад хууль бусаар олгосон гэм буруутайг тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн  хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял, 2020 оны наймдугаар сарын 11-нд анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт буруутгаж 2.5 жил хорих ял, 2020 оны наймдугаар сарын 19-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг ЖДҮХС-гаас “Сапфирстоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр буруутгаж 3.6 жилийн хорих ялаар тус тус шийтгэжээ. Давж заалдах шатны шүүх Б.Ундармаагийн хорих ялыг торгох ялаар сольж өөрчилсөн байна.

Мөн 2020 оны долдугаар сарын 3-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн “хар” гэгдэгч  Б.Отгонбаатар нарыг нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял оноосон, 2020 оны наймдугаар сарын 17-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нартай бүлэглэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийн хувьцаанаас Засгийн газар татгалзаж, “Монголын зэс” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэмээн үзэж УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар, Сангийн сайд асан Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулсан аж. Сүүлийн үед экс Ерөнхий сайд Сү.Батболдын талаарх ноцтой мэдээллүүд ар араасаа цацагдаж, энд тэндхийн оффшор дансанд түүний татвараас зайлсхийж нуусан мөнгө хөрөнгийг илчлэх болж уг хэрэг явдал дотоодын төдийгүй гадаадын шүүхэд очин шалгагдаж буй тухай яригдах болов. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор данс гэж ч яригдаж эхэллээ. Үнэн, эсэх нь ирэх 2021 онд тайлагдах бизээ.

 

15. ЭРХ БАРИГЧИД Н.ЭНХБАЯРЫГ ДАХИН ХУУЛИАР“ЯЛЛАВ”

 

УИХ-аар 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт зориулсан заалтыг Н.Багабандийн туслахаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан захиалгаар оруулж ирсэн байдаг. “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн уг заалтаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх нь хаагдсан. Энэ тухай ерөн оны ардчилсан хувьсгалыг үүсгэгчдийн нэг, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “…Хуулиар яллах гэдэг ийм аюултай. Энэ аргыг өнөөдөр Н.Энхбаярт зориулан сэргээж байна. Бусдын эрх, эрх чөлөөнд ямар ч гэм учруулаагүй Н.Энхбаярыг шүүхээр яллаж чадахгүй болохоор нь хууль гарган сонгуульд нэр дэвших эрхийг нь цуцаллаа. Тэд чаддагсан бол амьд явах эрхийг ч цуцалж мэдэх юм байна” гэж сонинд бичсэн байна. Монголын парламентад хэт олонхийг бүрдүүлсэн Ухнаагийн Хүрэлсүх даргатай МАН-ын эрх баригчид 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг 12 дугаар сард чуулганаар хэлэлцэхдээ дээрх заалтын агуулгыг тэр чигээр нь давтан оруулж ирэхээ ер мартсангүй. Өөрөөр хэлбэл, эрх баригчид ингэж өрсөлдөгчдөө шүүхээр, болохгүй бол бас хуулиар “яллахдаа” улам бүр гаршин мэргэшиж байгаагаа зөвхөн монголчуудын нүүрэн дээр төдийгүй дэлхий дахины өмнө дэлгэн харууллаа. Огтхон ч ичиж нэрэлхсэнгүй. Ичих булчирхайгүй болжээ, МАНАН бүлэглэлийнхэн. Үндсэн хуулинд “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна” гэж тодорхой заасан байдаг. Тэгвэл Н.Энхбаярт 2012 оны 12-р сард Улсын Дээд шүүхээс хүчээр тулган оноосон ял нь “авлига албан тушаалын асуудал”-тай огт холбоогүй, харин Эрүүгийн хууль (хуучин)-ийн 150 дугаар зүйлийн 150.3 буюу өмчийн эсрэг гэмт хэрэгтэй холбогдуулан зүйлчлэгдсэн байдаг. Тодруулбал Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “өөрт нь итгэмжлэн хадгалуулсан өмч хөрөнгийг үрэн таран хийсэн” юм байх. Үнэн хэрэгтээ МУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хэн боловч ямар нэгэн өмчийг хэн нэгнээс итгэмжлэн авч хадгалдаггүй, өмч хадгалдаггүй учир түүнийг үрэн таран хийх ямар ч боломжгүй. Манайд П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэсэн Ерөнхийлөгчид ажиллаж байсан, одоо Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Эд нарын хэн нь ч хэн нэгнээс өмч итгэмжлэн авч хадгалж байгаагүй, нэгэнт итгэмжлэн хадгалсан өмч байхгүй учир түүнийг үрэн таран хийх бололцоо байхгүй. Гэтэл МАНАН-гийн шүүх тэднээс ганцхан Н.Энхбаярыг сугалан авч түүнд “хэн нэгний өмчийг итгэмжлэн хадгалж байгаад үрэн таран хийсэн” гэсэн ялыг хүчээр тулгаж яллаад, түүнийг нь өнөөгийн МАНАН-гийнхан шүүрэн авч ашиглан Н.Энхбаярын сонгох, сонгогдох эрхийг бүх насаар нь хаан боогдуулж хэлмэгдүүлж байна. Хүний сонгох, сонгогдох заяагдмал эрхийг гагцхүү шүүхийн шийдвэрээр зөвхөн тодорхой хугацаагаар хязгаарладаг байтал У.Хүрэлсүх толгойтой МАНАН-гийн эрх баригчид өөрсдийнх нь луйвар булхай, алдаа дутагдлыг гарын арван хуруу шигээ сайн мэдэж байгаа, тэдгээрийг засах арга замыг олсон Н.Энхбаяраас, түүнийг дэмжин сонгож магадгүй ард түмнээс айхдаа Н.Энхбаярт хуулиар “ял хүчээр тулгаж” түүний сонгогдох эрхийг насан туршид нь хааж байгаа нь Монголд ардчилал дүр эсгэсэн хэлбэртэй болсны бас нэгэн хөдлөшгүй нотолгоо мөн гэж шударга иргэд үзэж байна. Ийнхүү зүсээ хувиргасан МАНАН-гийнхан Н.Энхбаярыг бүтэн 11 жилийн турш сонгуульд нэр дэвших эрхийг нь хууль бусаар хаасаар ирлээ. Одоо тэд ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин луйврын сонгууль болгох үндэс сууриа ингэж тавьж байна. Дашрамд хэлэхэд ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж, одооны Ерөнхийлөгч Х.Баттулга нар бүгд нэр дэвших эрхтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.