П.Даваасүрэн: Санхүүгийн хямрал гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл гарах шалтгаан болж байна

Манай улсад гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл буурахгүй байгаа. Тэгвэл Баянзүрх дүүргийн прокурорын газар дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийг судалсан байна. Энэ талаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнтэй ярилцлаа.

 

-Баянзүрх дүүрэгт хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байна вэ. Хэдэн хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байгаа вэ?

-Баянзүрх дүүргийн  прокурорын газрын ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу дүүргийн  нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, илрүүлэлт, шийдвэрлэлтийг 2020 оны III улирлын байдлаар судалсан. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэг, хоёр, гуравдугаар хэлтэст энэ оны эхний III улирлын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн шинжтэй 204, зөрчлийн шинжтэй 1795 гомдол, мэдээлэл хүлээн авч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 162, зөрчлийн 962 хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллээс 82 буюу 40.2 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол 10 буюу 4.9 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

 -Дэлхий нийтээр хөл хорио бараг бүтэн жил үргэлжиллээ. Энэ хугацаанд нөхцөл байдал ямар байв. Ер нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл юу байна вэ?

 -Он гарсаар гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл өсөх хандлагатай байгаа нь COVID-19 цар тахал өвчин гарсантай холбоотой удаан хугацаанд хөл хорионд байсан. Мөн коронавирусын улмаас олон хүн ажилгүй болж санхүүгийн хямралд өртсөн нь гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарах шалтгаан болж байна. Хүүхдийн эрхтэй холбоотой зөрчил үйлдэгдэхэд ахуйн болон нийгмийн нөхцөл байдал их нөлөөлж байна.

Ахуйн хүрээнд л гэхэд ар гэрийн амьдралын боломж нөхцөл тааруу байдал, ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн гишүүдийн хоорондын таарамжгүй харьцаа, хардалт, гэр бүл салалт нөлөөлж байна. Түүнчлэн хүүхдэд тавих хараа хяналт сул байдлаас болж нийгмийн хүрээнд хүүхдийн хүмүүжил, боловсролын байгууллага нь эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй орчинд үйл ажиллагаа явуулах, холбогдох дүрэм журам, стандартыг биелүүлдэггүй байдал гэсэн хүчин зүйлс нь хүүхдийн эрхийг зөрчигдөхөд хүргэж байна. Ялангуяа, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хувьд бага насны, насанд хүрээгүй эмэгтэй хүүхдүүд  ойр дотны хүмүүсийн буюу ах, хойд эцгийн халдлагад өртсөн болох нь тогтоогдож байна.

Хүүхэд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд олонх нь таарамжгүй харилцаанаас болон шунахай сэдэл, нэгнийгээ дээрэлхэх байдлаас үүдснээс гадна өөрийн хийж буй үйлдлээс гарах үр дагавар, учирч болох хор уршгийн талаар ойлголтгүйгээс гэмт хэрэгт холбогдох нь элбэг байна.

-Тэгвэн энэ дундаас ямар төрлийн гэмт хэрэг, зөрчил хамгийн ихээр үйлдэгдэж байна вэ?

 -Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлүүд буурахгүй байна. Тухайлбал,  гэр бүлийн хүрээнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний зүгээс хүүхдийг зодох, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадах, хүүхдийг үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, хүчирхийлэл үйлдэх, хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.

Хүүхдийн эрхийг зөрчсөнтэй холбоотой гэмт хэрэг үйлдэгдсэн газар нутгаар нь судалж үзэхэд Баянзүрх дүүргийн 1, 8, 11, 14, 16, 18, 21, 26 дугаар хороонд энэ төрлийн хэрэг, зөрчил хамгийн их үйлдэгдсэн байна. Эрүүгийн хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах гэмт хэргийн хохирогч болох явдал хамгийн их буюу нийт хэргийн 56.7 хувийг эзэлж байна.

 -Гэмт хэргийн шийдвэрлэлт ямар байна. Тухайлбал, энэ төрлийн гэмт  хэрэг, зөрчилд ямар арга хэмжээ авсан бэ?

-Зөрчлийн хуулийн 6.20 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн эрхийг зөрчин архидан согтуурсан, асран хамгаалах үүргээ биелүүлээгүй  370 иргэнийг 111 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулаад байна. Гэмт хэргийн хувьд хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхээр ял шийтгэлийг ногдуулж байгаа.

 -Хүүхдийн эрхийн зөрчил буурахгүй байна. Ялангуяа, хөл хорионы үед хүүхдийн эрхэд халдсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийж байна вэ?

-Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн ажлыг зохион байгуулсан. Жишээлбэл, дүүргийн Засаг даргын тушаалаар “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо” байгуулсан. Тус хороонд прокурорын байгууллагаас төлөөлөл болон оролцож байна. Түүнчлэн тус дүүргийн Цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран “Сургууль-Аюулгүй орчин”, “Хичээлийн шинэ жил”, “Өөрийгөө хамгаалъя”, “Цахим ертөнцийн зохистой хэрэглээ”, “Хараа хяналтгүй хүүхэд” гэсэн арга хэмжээг зохион байгуулж, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Зөрчлийн тухай хууль”, “Зөв тусгал” гэсэн сэдвээр яриа таниулга хийж, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллалаа.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2020 оны арвадугаар сард дангаараа тус дүүргийн 28 хорооны иргэдэд “Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр сургалт зохион байгуулж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зочид буудал, нийтийн байр гэсэн нийт 169 аж ахуйн нэгжид шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулах мэдэгдэл өгч ажилласан байна. Цаашид ч энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга, сургалт сурталчилгааг тогтмол хийж ажиллахаар төлөвлөж байгаа.

Мөн хүүхдийн эрх зөрчсөн болон гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэхдээ хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэгдсэн эсэх нөхцөл байдлыг заавал шалгаж тогтоон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйл /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/ болон 6.20 дугаар зүйлийн /Хүүхдийн эрхийг зөрчих/ зохих хэсэг, заалтыг давхар зүйлчилж хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх ажлыг хэвшил болгосон. Энэ нь хүүхдийн эрх, ашиг сонирхол ахуйн хүрээнд нуугдмал байдлаар зөрчигдөж байгаа талаар тоо баримт бодитой гарах нөхцөл боломжийг бүрдүүлсний дээр хүүхдийн дэргэд аливаа хүчирхийлэл үйлдэгдэх, улмаар даамжирч хүүхдийн хүмүүжил төлөвшил, сэтгэхүйд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлт байдлыг тодорхой хэмжээнд бууруулах, аливаа хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй арга хэмжээ юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.