ЭМЯ: Баянзүрх дүүргийн голомтод 55, Сэлэнгэ аймагт 1, Цэргийн төв эмнэлэгт 1 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораториудад  нийт  4134 хүнд шинжилгээ хийснээс 57 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Илэрсэн 55 тохиолдол нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэний 43 нь өвчтөн, 4 нь сахиур,  гэр бүлийн 2 хүн, захиргаа аж ахуйн ажилтан 1 хүн, эмнэлгээс гарсан нэг хүн байна.  Энэ хүмүүс өмнө нь хавьтлаар тогтоогдон тусгаарлалтад байсан хүмүүс юм. Нэг тохиолдол нь Сэлэнгэ аймагт илэрсэн бөгөөд өмнөх тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан хүнээс илэрлээ. Нэг нь Цэргийн төв эмнэлгийн эмч халдварт өртсөн байна. Ингээд Улаанбаатарт 274, Сэлэнгэд 217, Орхонд 25, Дархан-Уулд 45, Архангайд 3, Дорноговьд 32, Говьсүмбэрт  4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.  Дотоодын нийт тохиолдол 600 боллоо. 

 Цэргийн төв эмнэлгээс 82 хүн эдгэрч Яармагийн эмнэлэг рүү шилжлээ. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1063, эдгэрсэн 541 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  513 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 466 хүн, хүндэвтэр 40 хүн, хүнд 6 хүн, маш хүнд 1 хүн байна" гэв.

Сүүлийн үед коронавирусийн шинжилгээний сорьц хөлдсөн, шинжилгээнүүд хоорондоо холилдсон гэсэн мэдээлэл гараад байсан. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал  мэдээлэл өглөө. 

Я.Амаржаргал 
"Коронавирус илэрсэн өдрөөс хойш бид лабораторид суурилсан тандалт судалгааг тасралтгүй хийж байна. PCR болон түргэвчилсэн гэсэн байдлаар шинжилгээг явуулж байгаа. ДЭМБ-ын үнэлсэнээр Монголд хийгдэж байгаа шинжилгээ нь чанарын шаардага хангасан бусад улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн аппарат, тоног төхөөрөмж, урвалж оношлуурыг ашиглаж байгаа.

Өмнөх бэлэн байдлын хугацаанд Улаанбаатар болон бусад аймгууд руу орон гэртээ очиж чадахгүй түгжигдсэн байсан 110 мянга гаруй иргэдийг УОК-ын шийдвэрээр шинжилгээнд хамруулахаар болсон. Энэ үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 29-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулж шинжилгээг авсан. Энэ хугацаанд маш өндөр ачаалалтай ажилласан тул нэг цэг дээр шинжилгээ авахдаа алдаа дутагдал гаргасан. Үүнийг бид мэдэж байгаа. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын газраас 15 төрлийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэсэн албан тоотыг арванхоёрдугаар сарын 1-нд ирүүлсэн. Ингээд бид шаардлагын дагуу үйл ажиллагаагаа сайжруулаад явсан байгаа. Энэ бол сарын өмнө гарсан асуудлыг одоо сошиал орчинд түгээж байгаа бөгөөд өнөөдөр бол ийм асуудал байхгүй гэдгийг хэлье. Нийт 21 цэг дээр шинжилгээ авч байснаас нэг цэг дээр л сорьцоо дутуу авсан гэсэн асуудал гарсан бөгөөд  сорьц хөлдсөн гэсэн асуудал байхгүй. 

Өнөөдрийн хувьд бид Баянзүрх дүүрэгт "Нэг өрх-Нэг шинжилгээ" гээд 90 гаруй мянган өрхийг шинжилгээнд хамруулж байна. Нийт 19 цэг дээр шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ямар нэгэн алдаа дутагдал гараагүй байна" гэв. 

 С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus