
“Зууны мэдээ” сонин, ТВ-9 телевиз хамтран 2020 онд дэлхий дахинаа болсон онцлох үйл явдлуудыг нэрлэж байна
1. Дэлхий нийтийг түгшээсэн цар тахал: Коронавирус ба вакцин
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 2020 оны эхээр COVID-19 өвчний халдвар анх дэгдэж, улмаар дэлхий дахинд түргэн хурдацтайгаар халдварлан тархсан билээ. ДЭМБ-аас 2020 оны гуравдугаар сарын 11-нд COVID-19-ийг цар тахал хэмээн зарласан юм.
Өнөөдөр уг вирус дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэрт тархаж, нийт ..... сая гаруй хүн халдвар авч, ..... сая гаруй хүн нас бараад байна. Энэ вирус дэгдсэнээс хойш олон улс орон вакцин гаргаж авахаар шуурхайлан ажилласнаас гурван вакцин туршилтын хугацаагаа дуусган өндөр үр дүн үзүүлж, нийтэд нийлүүлэхэд бэлэн болжээ. Нэгд, 150 жилийн түүхтэй америкийн “PFIZER” компанийн /BNT162B2/ вакцин 95 хувийн үр дүнтэй нь батлагджээ. Хоёрт, биотехнологийн салбарт 10 жил үйл ажиллагаа явуулж буй “MODERNA” компанийн вакцин 94.5-аас дээш үр дүнтэй гарчээ. Гуравт, ОХУ-ын “Спутник V” вакцин “COVID-19”-ээс 90-ээс дээш хувийн үр дүнтэй, хүндэрсэн өвчтөнүүдийг бол зуун хувь хүртэл хамгаалж чадна гэсэн албан ёсны эцэслэсэн дүгнэлт гарсан байна.
ОХУ болон Их Британид бүх нийтийн вакцинжуулалтыг 2020 оны 12 дугаар сарын 8, 9-нөөс эхлэн хэрэгжүүлж тэргүүн ээлжинд эмнэлэг, сургуулиудын ажилтнууд, өндөр настнуудыг вакцинжуулав. АНУ вакцинжуулалтыг мөн 12 дугаар сарын 14-нөөс эхлүүлсэн байна. Дэлхийг хамарсан цар тахлыг дарахад энэ гурван вакцин тус болно гэдэгт олон улс орон итгэж найдан, өөрсдийн захиалгыг яаравчлан өгч, чинээлэг баян улс орнууд хүн амынхаа хэрэгцээнээс илүү тоогоор худалдан авахаар бэлтгэж байна.
Их Британи улс “COVID-19”-ийн эсрэг бүх нийтийн вакцинжуулалтыг эхлүүлсэн дэлхийн анхны орон болсон бөгөөд Хойд Ирландын иргэн, 91 настай Маргарет Кийнан гэдэг эмэгтэй цар тахлын эсрэг 95 хувийн үр дүнтэй “Ptizer”-ийн вакциныг хийлгэсэн дэлхийн анхны хүн болсон байна. Тэр эмээ энэ сард 91 нас хүрч байгаа агаад төрсөн өдрийн хамгийн том бэлгээ төр, засгаасаа хүлээж авлаа хэмээн баяр талархлаа илэрхийлжээ.
Дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамаг найдлагаа тавьж байгаа боловч түүнд иргэд зөвхөн сайн дураараа хамрагдах ёстойг сануулан хэлж байна. Улс орнуудад вакцинд итгэх итгэл янз бүр байгааг олон улсын хэвлэлд мөн мэдээлж байна. Жишээ нь Их Британийн насанд хүрсэн иргэдийн 57 хувь нь вакцин хийлгэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн бол 15 хувь нь хийлгэхээс татгалзаж байна. 55-аас дээш насныхны 70 хувь нь вакцинжуулалтад хамрагдах хүсэлтэй байгаа бол 18-34 насныхны 47 хувь, 35-54 насныхны 51 хувь нь вакцин хийлгэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар америкчуудын дөнгөж тэн хагас нь вакцинд хамрагдана гэдгээ илэрхийлсэн байна. Үлдсэн 50 хувь нь одоогоор сонголтоо хийгээгүй, дархлаажуулалтаас татгалзана гэжээ. Гэтэл АНУ нь цар тахал тархаж буй улс орнуудыг тэргүүлж байгаа улс бөгөөд 2020 оны 12 дугаар сарын эхний хагасын байдлаар 16,5 сая хүн коронавирусын халдвар авч, 310-аад мянган хүн нас бараад байгаа билээ. Тус улсад цар тахлын 3 дахь давалгаа нэгэнт эхэлсэн тул АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн хяналтын газар 2020 оны 12 дугаар сарын 11-нд Америкийн “Ptizer” болон Германы “BioNTech” компаниудын хамтарч бэлтгэсэн “COVID-19”-ийн эсрэг вакцинд зөвшөөрөл олгосон байна. Үүнтэй холбогдуулж Цагаан ордны тэргүүн Дональд Трамп хэлсэн үгэндээ уг вакциныг олон сая хүнийг аварч цар тахлыг зогсоох “анагаах ухааны гайхамшиг” гэж нэрлэсэн байна.
Хүмүүс вакцины ид шидэд үл итгэх үндэслэл байхгүй биш бас байгаа ажээ. АНУ-ын хүний эрхийн хуульч, Иллинойс олон улсын хуулийн сургуулийн багш “Biowartare and Terrorism” номын зохиогч, профессор Фрэнсис Бойл эрэн сурвалжлагч сэтгүүлч Критина Боржессонд өгсөн ярилцлагаадаа COVID-19 бол АНУ, Хятад хоёр BSL3 ба BSL4 агентлагуудад хамтран биологийн аргаар гаргаж авсан туйлын аюултай вирус гэж мэдэгдээд түүнийгээ тодорхой баримтуудаар баталж нотолж жишээлж ярьсан байна. Персийн булангийн дайны үед урьдчилан сэргийлэх вакцины туршилтад хамрагдсан АНУ-ын армийн 500 мянган эрүүл саруул эрэгтэй, эмэгтэй залуусаас 11 мянга нь нас барж, 100 мянган цэрэг тахир дутуу болсныг, Их Британий армийн цэргүүд хордож үхсэн, үүнийг “Персийн синдром” гэж нэрлэдгийг тэрбээр сануулаад яаравчлан гаргаж авсан вакцины үр дагавар юунд хүргэхийг тааварлашгүй. Энгийн нэг вакциныг 8-10 жилийн турш ахин дахин туршиж байж сая үр дүнг нь баталгаажуулдаг юм. “Наймхан сарын дотор бүтээсэн вакцин гэхээр асар их аюултай. Гэвч удирдагчид вакцин гаргаж авч, эрүүл мэндийн ажилтнуудад турших гэж байна. Чи хүсэхгүй ч байсан тэд тарих л болно. Дараагийн шатанд гэрийн асаргаанд байгаа ахмад настнууд вакцинд хамрагдана. Учир нь сөрөг нөлөөний талаар мэдээлэх хүн тэдэнд байхгүй... дараа нь африк гаралтай америкчуудыг вакцинд хамруулмаар байна гэж хэлнэ. Бид АНУ-ын Засгийн газрын туршилт болмооргүй байна. Тэд цэргүүдийг бүгдийг хамрагдахыг шаардана. Персийн булангийн синдром дахин давтагдахыг тааварлашгүй. Ийм зүйл болно гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна. Ахмад настнуудад бүр муугаар нөлөөлнө. Вакцин тэднийг бүгдийг сүйтгэх вий гэхээс айж байна. Учир нь хэрвээ тэд үхвэл тэдэнд зориулдаг халамж, эмчилгээ болон төрөөс зарцуулдаг бусад эдийн засгийн зардлууд хэмнэгдэнэ.
Вакциныг тариулж байгаа хүмүүс аюулгүй, үр нөлөөтэй гэдэгт нь итгэчихсэн. Бидний мэдэж байгаа зүйлийг тэд мэдэхгүй. Вакцин ахмадууд, цэргийнхэн, эрүүл мэндийн ажилтнуудад гай зовлон авчрах вий гэдэгт санаа зовинож байна” гэжээ. Профессор хэрэгтэй баримт материалуудыг би холбогдох газарт нь өгсөн. АНУ-ын дээд түвшний хуульч Марисон, Массачусетсийн технологийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч профессор Жонатан Кинг зэрэг учир байдлыг гадарлах эрхмүүд надтай санал нэг байгаа гэсэн байна. /”Зууны мэдээ” сонин, 2020.12.18. №242 (6467).
“Ptizer/BioNTech”-ийн вакцины эхний тунг хийлгэснээс хойш 12 хоногийн дараа хүний биед дархлаа тогтож эхлэх ба анхны тунгаас 21 хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэх ёстой юм байна. Үүнээс 7 хоногийн дараа бүрэн дархлаа тогтоно гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.
Энэ вакциныг Европын Холбоо хамгийн их буюу 300 сая тун, АНУ 100 сая тун, Япон 120 сая, Канад, Австрали, Чили улс дор хаяж тус бүр 10 сая тун авахаар урьдчилан тохиролцжээ. АНУ-ын эрх баригчид дөнгөж зөвшөөрөл олгоод байгаа “Moderna” компанийн вакцинаас нэмж 100 сая тунг захиалсан байна.
АНУ-ын “Ptizer” болон ХБНГУ-ын “BioNTech” компанийн хамтран гаргаж авсан урьдчилан сэргийлэх тарилгын нэг тун нь 19,5 ам.долларын үнэтэй байх гэнэ. Цельсийн -70 хэмийн хүйтэнд хадгалах ёстой нь улс орнууд, тив хоорондын тээвэрлэлтэд хүндрэл учруулж болзошгүйг зарим хэвлэлд анхааруулжээ.
ОХУ-ын “Спутник V” вакцин нь ижил төстэй дээрх вакцинаас бараг хоёр дахин хямд байх агаад цельсийн -18-20 хэмд хадгалж, зөөвөрлөж болдог байна.
ОХУ-ын “Гамалея” төвийн захирал Александр Гинцбург оросын эрдэмтдийн бүтээсэн “Спутник-V” вакцины коронавирусын эсрэг үйлчлэх дархлаажуулалт хоёр жилээс доошгүй хугацаатай байх бол “Ptizer”-ийн үйлчлэх хугацаа 4-5 сар байгаа гэж мэдэгджээ. ОХУ-д “Спутник-V” вакциныг 12 дугаар сарын эхний хэдхэн өдөрт 150 мянган хүн хийлгэсэн байна.
Дархлаажуулалт тогтоох вакцин үйлдвэрлэлийн салбарт хамгийн сүүлд гарсан нэг сонирхолтой мэдээлэл бол Их Британийн мэргэжилтнүүд ОХУ-ын “Спутник-V” вакциныг бүтээсэн эрдэмтэдтэй хамтран ажиллаж цаашдын судалгаа туршилтаа үргэлжлүүлэх болсон явдал юм. Уг туршилт судалгааг ОХУ-ын Н.Ф.Гамелейн нэрэмжит үндэсний судалгааны төв, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Их Британий “Р-фарм”-тай хамтран явуулахаар төлөвлөж байна гэж “AstraZeneca” компанийн цахим хуудаст мэдээлсэн байна.
Их Британийн “AstraZeneca” компани, Оксфордын Их Сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээсэн “COVID-19”-ийн эсрэг вакцины сүүлчийн шатны туршилт дуусаад байгаа бөгөөд 70 хувийн үр дүнтэй нь батлагджээ. ОХУ-ын “Спутник-V” 90-ээс дээш хувийн үр дүнтэй. Энэ хоёр вакцинийг ижил аргаар бүтээсэн тул хоёр тал хамтран ажилласнаар илүү өндөр үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа юм байна. Оросын “Спутник-V” вакцинийг боловсруулагчдаас Их Британийн талд хамтран ажиллах санал тавьсныг хүлээн авчээ. Хамтран ажиллах хэлэлцээрт хоёр тал 2020 оны 12 дугаар сарын 21-нд гарын үсэг зурж, уг ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин онлайнаар оролцжээ.
АНУ-ын алдарт “Time” сэтгүүл оны эцсийн нэгэн дугаарынхаа нүүрэн дээр 2020 гэж бичээд дээр нь хэрээс татаж “Хүн төрөлхтөний түүхэн дэх хүнд хэцүүхэн жил” гэж агуулгыг товч, тодоор илэрхийлсэн байна.
Япончууд улиран одож буй 2020 оны бэлгэдлээр “ойр” эсвэл “давчуу” гэсэн утга илэрхийлэх дүрс үсгийг сонгожээ. Хүн амын дунд санал хураалт явуулах замаар эл сонголтыг хийсэн гэнэ. 1,3х1,5 метрийн хэмжээтэй, японы уламжлалт цаасан дээр бичсэн дүрс үсгийг тус улсын эртний нийслэл Киотогийн буддын “Цэвэр усны сүм”-д бичиж, олон нийтийн телевизээр шууд дамжуулан үзүүлжээ. “Агааржуулалт муутай давчуу байгууламж”, “Олон хүнтэй давчуу орон зай”, “Хүн хоорондын зайн давчуу харилцаа” хэмээх гурван холбоо үгийг илтгэсэн дүрс үсгийг олон түмний санал сэтгэгдэлд үндэслэж ийнхүү сонгож авсан аж. Энэ гурваас зайлсхийхийг цар тахлын тархалтын турш Японы нийгэм хүсэж, уриалж байжээ.
2.АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ба түүний том сургамж
АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгууль 2020 оны 11 дүгээр сарын 3-нд болж өнгөрлөө. Энэхүү сонгуульд Бүгд Найрамдах Намаас АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас дэд Ерөнхийлөгч асан Жо Байден нар өрсөлдөв.
Сонгуульд ялалт байгуулахын тулд нэр дэвшигч сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авах ёстой. Баруун Виржиниа муж Дональд Трамп тус мужаас таван төлөөлөн сонгогчийн санал авсныг 2020.12.9-ний Лхагва гаригт зарласнаар АНУ-ын 50 муж улс бүгдээрээ ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баталгаажуулж дуусчээ. Ингэснээр Жо Байден 306 /наян сая хүний санал авсан/, Трамп 232 төлөөлөн сонгогчийн саналтайгаар /74 сая хүний санал авсан/ сонгуулийн санал хураалтын дүн эцэслэв. Үүний дараагийн үе шат болох төлөөлөн сонгогчдын коллегийн гишүүдийн уулзалт 12-р сарын 14-нд болов.
АНУ-ын муж улсуудад болсон төлөөлөн сонгогчдын санал хураалтын үеэр Ардчилсан намаас нэр дэвшсэн Жозеф Байден 306 дэмжлэг авч, Төрийн тэргүүнээр ажиллах болзлоо хангасан тухай “Associated press” агентлаг мэдээлсэн. Мөн одоогийн Ерөнхийлөгч, Бүгд найрамдах намаас дэвшсэн Дональд Трамп 232 дэмжлэг авсан хэмээн дамжуулав.
Төлөөлөн сонгогчдын санал хураалт хамгийн түрүүнд Вермонт муж улсад дуусаж, Ж.Байденыг АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн хувиар дэмжсэн байна. Тэндхийн гурван гишүүн бүгд Байденд саналаа өгчээ. Дараа нь Нью-Хэмпшир /дөрвөн төлөөлөгч сонгогчтой/, Индиана /11/, Теннесси /11/ муж улсад болсон санал хураалтын дүн гарч, эхнийх нь Ж.Байденыг, хоёр, гурав дахь нь АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Д.Трампыг дэмжжээ. Бүгд найрамдахчууд сонгуулийн дүнг нь хүчингүй болгохыг шаардаж байсан Невада муж улсын төлөөлөн сонгогчид Ж.Байденыг дахин дэмжсэн байна. Невадагийн ялалт Ардчилсан намаас нэр дэвшигчид зургаан санал нэмэв. Урьд нь бүгд найрамдахчууд энэ муж улсын сонгуулийн дүнг хүчингүй болгож, Д.Трамп ялсныг хүлээн зөвшөөрөхийг шаардаж, шүүхэд хандсан юм. Энэ сарын 4-нд Невадагийн тойргийн шүүх нэхэмжлэгч тал Ж.Байдены сонгуулийн штабыг буруутгасан баримтуудаа үндэслэлтэй, эсэхийг нотолж чадаагүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Бүгд найрамдахчууд Ардчилсан намыг сонгогчдын саналыг худалдаж авсан гэж буруутгасан билээ.
Саналын хуудсаа дахин тоолсон Жоржиа муж улсын төлөөлөгч сонгогчид /16/ Ж.Байденд саналаа өгчээ. Өнгөрсөн сарын 3-нд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг тус муж улсад хоёр ч удаа тоолсон байна. Албан ёсны дүнгээр Ж.Байден сонгогчдын 49,5 хувийн /2 473 633/ дэмжлэгийг авч ялсан бол 49,26 хувь нь /2 461 854/ Дональд Трампад саналаа өгчээ.
Аризона, Висконсин, Пенсильвани, Нью-Йорк, Мичиган, Калифорни зэрэг муж улсынхан Ж.Байденыг дэмжсэн бол Флорида, Техаст Д.Трамп ялсан байна. Төлөөлөн сонгогчдын санал хураалтын дүнг Конгрессын нэгдсэн хурлаар 2021 оны нэгдүгээр сарын 6-нд зарлана.Бүх муж 11 дүгээр сарын 3-ны санал хураалтын эцсийн дүнгээ зарласантай зэрэгцэн Дональд Трамп Жо Байдены ялсан дөрвөн мужийн саналыг хүчингүй болгох хүсэлтээ шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал, Жоржиа, Мичиган, Пенсилваниа, Висконсин гэсэн мужуудын саналыг хүчингүй болгохыг хүссэн байна. Техасын Ерөнхий прокурор Кен Пахтон шүүхэд хандаж “Энэ бол 1860 оноос хойшхи хамгийн их маргаантай, улс орныг талцуулсан сонгууль боллоо.Зарим мужийн сонгуулийн ажилтнууд нэг намд давуу эрх олгож сонгуулийг хуулийн дагуу явуулж чадаагүй” гэж өргөдөлдөө бичжээ. Түүний хүсэлтийг АНУ-ын Давж заалдах шатны шүүх хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон тухай америкийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн үнэн эсэхэд эргэлзэж буй муж нэг биш 17 байгаа гэж зарим хэвлэлд бичжээ. Дональд Трампыг дэмжигчид болоод эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан Вашингтонд Цагаан ордны дэргэд төдийгүй өөр зарим муж хотод ч үргэлжилсээр байна.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп Ардчилсан намынхан сонгуулийн үр дүн яаж гарахыг аль хэдийнэ урьдчилаад мэдчихсэн юм шиг аашилж байсан. Надад саналаа өгсөн 74 сая иргэдийн саналыг би хүндэтгэж, хамгийн гол нь Америкийн ард түмний сонгуульд итгэх итгэлийг алдруулахгүйн тулд тэмцэж байгаа юм гэж тэмдэглээд “2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль луйврын сонгууль болсон. Энэ луйвар иргэдийн саналыг шуудангаар авснаар эхэлсэн юм. Сонгогчдын нэрсийн жагсаалтанд хуулийн дагуу санал өгөх эрхгүй хүмүүс, тэр дундаа нас барсан, муж улсаасаа нүүн шилжсэн, бүр манай улсын харьяат бус хүмүүсийг хүртэл оруулсан байдаг. Үүний цаана бүртгэлийн алдаа, буруу хаяг, давхардсан бичилт гээд өөр бусад олон асуудал байгаа. Санал өгөх насны иргэдээс илүү олон хүмүүсийг сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэсэн бөгөөд Мичиганд гэхэд ийм хошуу 67 байна. 11-р сарын 3-нд саналаа өгөхөөр ирсэн маш олон хүнд “Уучлаарай, та аль хэдийнээ шуудангаар саналаа өгчихсөн байна. Танд баяр хүргэе. Дахин санал өгөх боломжгүй” гэж хэлсэн...
Хамгийн сэжигтэй нь хар машин. Тохируулга юмуу чипийг нь өөрчилсөн байхад та Трампад санал өгөх товчлуур дарсан ч санал тань Байденд очих болно. Мичиганы нэг хошуугаар жишээ татахад хар машинаар санал явуулснаар 6000 орчим санал Трампаас Байденд шилжсэн байсныг тогтоосон. Хар машин бол гамшиг. Жоржиа мужид өнөөх л аймшигтай хар машиныг ашигласан.
Висконсин мужид, Флорида мужид ялсан саналын тоог доошлуулсан, Детройтыг хахуульдсан. Ардчилсан намынхан энэ сонгуулийг эхлэхээс нь луйвардсан. Тэд цар тахлын нэрийдлээр олон арван сая саналын хуудсыг шуудангаар илгээж томоохон луйврыг дагуулсан. Нас барсан хүмүүс саналын хуудас бөглөн, өргөдөл гаргаж, сонгуульд санал өгсөн байгаа юм. Зарим нь нас бараад 25 жил болсон байсан. Пенсилваниа, Мичиган, Жоржиа, Аризона гээд ихэнх муж улсуудад ямар ч үнэмлэхний шаардлагагүйгээр шуудангаар саналаа өгөхийг нь зөвшөөрсөн. Энэ бол шившигтэй явдал. Маш олон сонгогчдод саналын хуудас хоёр хоёрыг явуулсан байсан. Энэ олон саналын хуудас хаанаас гараад ирснийг хэн ч мэдээгүй. Сонгуулийн хар машин алдаатай байсан төдийгүй сонгуулийн орой тодорхой хугацаанд унтраалттай байж байгаад асахдаа ид шидийн гэмээр их саналтай болсон байлаа. Би сонгуульд ялагдаж болно, гэхдээ шударга тэгш өрсөлдөж ялагдахыг хүсч байна” хэмээн мэдэгджээ. Энэ үг үнэн эсэхийг АНУ-ын Дээд шүүхэд эцэслэн цэг тавих л үлдэж байх шиг байна. Үүнээс эрх чөлөө, ардчиллын өлгий нутаг, үлгэр загвар хэмээгдэгч Америкт хүртэл асуудал байсаар буй нь тод харагдаж бас хурц мэдрэгдэж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуулиас монголчууд санаа сургамж авч санал хураах хар машиныг халах цаг болжээ. “Хар машин хэрэггүй хамаг луйвар булхайн эх ундарга” гээд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч хэлчихлээ. Үүнээс илүү баталгаа гэж юу байх билээ гэцгээж байна. 2008 оны УИХ-ын сонгууль, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш буюу ялангуяа санал хураалтыг Монголд хар машинаар тоолдог болсон тэр цаг үеэс эрх баригч МАНАН бүлэглэлийнхэн бүх нийтийн сонгуулийг улайм цайм луйварддаг болсон нь нууц биш юм. Хамгийн тодорхой жишээ нь 2020 оны УИХ-ын болон Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль мөнийг цөөнгүй улстөр судлаач, улстөрийн нам хүчнийхэн, иргэний нийгмийнхэн цохон тэмдэглэж Монголд шударга ёсыг тогтоож, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан авч үлдэхийн тулд эрс шийдвэртэй тэмцэхийг уриалж байгаа билээ.
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден нь 1942 онд төржээ. Хуучин машин борлуулах ажилтны том хүү бөгөөд 4 хүүхдийн эцэг юм. 20 настайгаасаа үл хөдлөх хөрөнгө худалдах болж амьдрал ахуй нь дэвжин дээшилсэн байна. Дэлхийн чинээлэг хүмүүсийн өв хөрөнгийн судалгаа хийдэг Forbes-ын саяхны мэдээллээр 9 сая ам.долларын өв хөрөнгөтэй гэжээ.
Автомашины ослоор 33 настайдаа эхнэр, охиноо алдаж, нялх хоёр өнчин хүүхэдтэй үлдэж хүнд хэцүү амьдралыг туулахдаа амиа хорлохыг хүртэл завдаж байсан цаг үе ч түүнд бий. Төрсөн дүү нь түүнийг өнөөгийн эхнэр Жиллитэй танилцуулснаар амьдралд нь эргэлт гарч, хуримласнаас нь хойш дөрвөн жилийн дараа охин Эшли нь төржээ. Түүний эхнэр Жилли бол нөхрийнхөө бүх санал санаачилгыг, сайн үйлсийг хөхиүлэн дэмждэг хамгийн найдвартай хамтран зүтгэгч нь юм. Тэрээр Байдены үр хүүхдүүдийг эхийн сэтгэлээр халамжлан өсгөж өнөөдөр ач зээ нараа хүмүүжүүлж байна. Ж.Байден эдүгээ 7 ач, зээтэй өвөө юм.
Барак Обамагийн үед АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ. Америкийн улстөрд тасралтгүй 44 дэх жилдээ зүтгэж буй туршлагатай улстөрч. Түүнийг найз нөхөд нь “дунд зиндааны удмын Жо” хэмээн өргөмжилдөг бөгөөд өөрөө болохоор “би АНУ-ын Конгрессын хамгийн ядуу бүлгийнхний төлөөлөгчийн нэг” гэж хэлэх дуртай аж.
АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 2011 оны 8 дугаар сарын сүүлчээр Монгол Улсад албан ёсоор айлчилж байв. Наян насныхаа босгон дээр АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден сонгуулийн кампанит ажлын сурталчилгааны үеэр Хятад улс Монголоос хямд нүүрс ихээр авч байгаль дэлхий, хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байна. Хэрэв би АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол үүнийг болиулна гэсэн утгатай үг хэлж байсан удаатай. Тэгэхдээ энэ бол сонгуулийн сунгаа-тэмцлийн өрсөлдөөний үеэр хэлсэн үг юм.
“Би бүх америкчуудын ерөнхийлөгч байх болно. Миний төлөө саналаа өгсөн болон өгөөгүй хэн ч байсан бүгдэд нь адил тэгш хандаж ажиллана. Биднийг нэгтгэх зүйл бол эх орноо гэсэн сэтгэл” гэж Жо.Байден онцолсон байна.
3. Харилцааны халуун цэг – Уулын Карабах – 44 хоногийн дайн
Армени, Азербайжан улсуудын гол маргаан болсоор ирсэн Уулын Карабахын төлөөх сөргөлдөөн 2020 онд дахин сэдрэв.
Олон улсын оролцоотой хэлэлцээ хийх замаар асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх оролдлогууд үр дүнд хүрэхгүй байсаар 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн байна. Хоёр тал ОХУ-ын болон сонирхогч бусад улс орны оролцоотойгоор гал зогсоох тохиролцоонд хүрэхийг хичээсэн ч талууд яриа хэлцээ, тохиролцоогоо зөрчсөөр байв. Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлэг” Уулын Карабахын мөргөлдөөнийг шийдвэрлэхэд ямар ч үүрэг гүйцэтгээгүй гэж мэдэгджээ. Харин 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр ОХУ, Азербайжан, Арменийн удирдагчид байлдааны ажиллагааг зогсоох талаар хамтарсан мэдэгдэл гаргаснаар байдал тогтворжиж, улмаар ОХУ-ын цэрэг маргаантай бүс нутагт энхийг сахиулахаар орж ирсэн байна.
Энэхүү зэвсэгт мөргөлдөөний явцад хоёр талаас нийтдээ таван мянга гаруй хүн, түүний дотор энгийн номхон иргэд амь үрэгдсэн гэж олон улсын хэвлэлүүдэд мэдээлжээ. Азербайжаны талаас гаргасан албан ёсны мэдээгээр 2783 хүн амь үрэгдэж, зуу гаруй хүн сураггүй алга болсон гэсэн байна. Армений тал хоёр мянга гаруй хүнээ алдсан гэжээ. Арменд гурван өдрийн гашуудал зарлаж эмгэнэн гашуудсан байна.
Уулын Карабахад болсон зэвсэгт мөргөлдөөнийг цэргийн шинжээчид “дронуудын дайн” гэж нэрлэсэн нь орчин үеийн байлдааны үйл ажиллагааны арга тактик эрс өөрчлөгдсөнийг харуулав.
4. Ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл
2020 онд таван тивийн улс орнуудад цар тахал дэгдэж энд тэндгүй нөхцөл байдал хүндэрсэн ч газар газрын ард түмнүүдийн эрх чөлөө, ардчиллын төлөөх тэмцлийг хааж боогдуулж чадсангүй.
Эл тэмцлийг Хонконгийн иргэд манлайлж үлгэр дууриал үзүүлсэн гэж хэлж болох бөгөөд тэр нь БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталж, тус хотын иргэдээс гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч болов шүүгчийн шийдвэрээр эх газрын Хятадад авчирч шүүх эрхийг нээж өгснөөс үүдэлтэй юм. Хонконгийн иргэд үүнийг тууштай эсэргүүцэж өнгөрч буй оны 6 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал тасралтгүй жагсаал цуглаан хийж ардчилал, эрх чөлөөгөө хамгаалан тэмцэв. Үүнийг нь харин эх газрын Хятадад үймээн самуун дэгдээв гэж хатуу чангаар хавчин хяхаж тус хотын уугуул иргэдийн тэмцлийг салан тусгаарлах үзлийг хөөргөдөж дэвэргэсэн үйлдэл, Хятадын эсрэг гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдсан хуйвалдаан гэх зэргээр нэрлэн Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж үзсэн байна.
Ардчилал, эрх чөлөөний төлөөх дараагийн хүчтэй давалгаан нь хэний ч санаанд оромгүй европ тивийн Белорусь улсад 2020 оны 8 дугаар сарын 9-нд эхлэв. Энэ өдөр тус улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж Белорусийн өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко зургаа дахь удаагаа 80 хувиар үнэмлэхүй ялалт байгуулсан нь иргэд сонгогчдын уур хилэнг бадраажээ. Учир нь сонгуулийн өмнөх өдрүүдэд хараат бус шинжээчдээс нэг бус удаа явуулсан социологийн судалгаагаар 86-гаас доошгүй хувийн санал авах магадлалтай байсан сөрөг хүчний удирдагч Тихоновская дөнгөж 10,12 хувь санал авсан байна. Өмнөх саруудад урьдчилсан тандалтаар Ерөнхийлөгч А.Лукашенко дөрөв хүрэхгүй хувийн санал авах дүр зурагтай байжээ. Харин төрийн харьяалалтай судалгааны хүрээлэнгүүд түүнийг 79,7 хувийн саналаар ялалт байгуулна гэж мэргэн төлөгч Ванга шиг мэдэмхийрэн рекламдаж байсан гэнэ.
Сонгуулийн санал хураалтын өдөр зөвхөн Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын БелТА агентлагийн сайтыг чөлөөтэй ажиллуулж, нийгмийн бусад бүх сүлжээг хааж саармагжуулаад түүнийгээ гадныхны хакер дайралтад өртөв гэж худал мэдээлэл түгээжээ. Нийслэл хот Минск рүү орж гарах бүх хөдөлгөөнийг Цагдаагийн газар мэдэлдээ авч хатуу чангаар хааж хамгаалж хөл хорио тогтоосон байна.
Санал хураалтын өдөр Белорусийн сонгуулийн санал өгөх хэсгүүдэд хүмүүсийн бөөгнөрөл үүсч, Варшав, Киев, Москва, Санкт-Петербург, Гаага зэрэг хотод иргэд мянга мянгаараа цугларч саналаа идэвхийлэн өгсөн боловч үр дүн нь эсрэгээрээ гарсанд нийтээрээ бухимдацгаасан байна Сонгуулийн хэсгүүдэд санал хураалтыг тоолох явцад луйвар будлиан эрээ цээрээ алджээ. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй иргэд гудамж талбайд гарч эсэргүүцлээ ил тод илэрхийлэхээс өөр арга үлдсэнгүй. Нийслэл хот Минскт төдийгүй өөр хотуудад ч олон нийтийн олон жагсаал цуглаан болсон байна. Тайван замаар эхэлсэн уг хөдөлгөөн удалгүй мөргөлдөөн сөргөлдөөн болж хувирчээ.
Зөвхөн 2020 оны 8 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө л гэхэд цагдаа, хүчнийхэн гурван мянган хүнийг, түүний дотор Минск хотод хоёр мянган хүнийг баривчилжээ. “Медузы” хэвлэлийн сэтгүүлч Максим Солонов хүнд гэмтэл авч, “DailyStorm”-ын Антон Старков, Дмитрий Ласенко нарт цагдаа нар хүч хэрэглэжээ. ОХУ-ын “Дождь” телевизийн сувгийн сурвалжлах хэсгийн багийг саатуулан улмаар эх орноосоо хөөн гаргасан байна.
Сөрөг хүчний нэр дэвшигчдийг дэмжиж, дарангуйлагч Александр Лукашенког эсэргүүцэн үтэр түргэн огцрохыг шаардсан иргэдийн хөдөлгөөн улс орныг бүхэлд нь хамран өргөжив. Тэднийг дэлхийн 20 гаруй улс оронд, түүний дотор Францын нийслэл Парижаас алс холын Бали арал хүртэлх 30 гаруй улсын гол төлөв нийслэл хотынхон дэмжиж эв санааны нэгдлээ илэрхийлсэн байна.
Белорусийн сөрөг хүчнийхэн луйвар булхайтай Ерөнхийлөгчийн сонгуулийг хүчингүй болгож ахин сонгууль явуулахыг шаардаж байгаа бөгөөд 26 жилийн турш тасралтгүй Засгийн эрхийг ганцаараа барьсан А.Лукашенко-г огцрохыг хатуу шаардаж, өдөр хоног өнгөрөх тусам уг шаардлагад улам олон зуу мянган хүн нэгдэн нийлж байгаа юм. Европын Холбоо, түүний гишүүн улс орнууд, АНУ зэрэг дэлхийн нөлөө бүхий улс орнууд Белорусьт болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн бөгөөд түрүүчээсээ Белорусь улс, одоогийн Ерөнхийлөгч А.Лукашенкод хориг тавьж эхэлжээ.
Ардчилал, эрх чөлөөний төлөөх белорусийн ард түмний тэмцэл хөдөлгөөн эрх баригчдын дарангуйлал, хүчирхийлэлтэй өдөр бүр тулгарч байгаа ч тэд бууж өгөлгүйгээр бүтэн дөрвөн сарын турш тасралтгүй тэмцлээ үргэлжлүүлсээр 2021 онтой золгож байна. Үүний үргэлжлэл нь төв Азийн Киргиз улс байв.
Зөвлөлт холбоот улсыг 1991 онд задрахад тусгаар тогтносон Киргиз улсын үндэсний парламентын /Жогорку Кенеш/ сонгууль 10 дугаар сарын 4-нд болж, 16 нам оролцсоноос дөрвөн нам парламентад суудал авчээ. Гэвч сөрөг хүчнийхэн эрх баригчдыг санал худалдаж авсан, үр дүнг зассан гэж буруутгаж эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.
Сөрөг хүчнийхнээр толгойлуулсан жагсагчид төрийн ордныхоо хаалгыг эвдлэн орж, Засгийн газрын байрыг эзлээд улмаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байр руу дайрч, авлигын хэргээр хоригдож байгаа экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, экс ерөнхий сайд Сапар Исаков болон бусад улстөрчдийг сулласан юм.
Киргизийн иргэдийн жагсаал үр дүнгээ өгч, тус улсын Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн үр дүнг хүчингүй болгожээ. Ерөнхий сайд Кубатбек Боронов огцорч, Садир Жапаровыг “Достак” зочид буудалд болсон парламентын ээлжит бус хуралдаанаар Киргизийн хууль тогтоогчид Ерөнхий сайдаараа сонгосон байна.
Мөн ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков 10 дугаар сарын 15-нд огцорчээ. Энэ үеэрээ “Иргэн бүрийн амьдралаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Би эрх мэдлийн араас зууралдаагүй. Цус урсгаж, ард иргэд рүүгээ гал нээсэн ерөнхийлөгч болж Киргизийн түүхэнд үлдэхийг хүсэхгүй байна. Иймд албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдсэн юм. Одоогоор тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Садир Жапаров ажиллаж байна. Тэрээр Киргизээс дүрвэн гадаадад амьдарч байгаад 2017 онд эргэж Эх орондоо ирэхэд нь эрх баригчид баривчилж, 11 жилийн хорих ялаар шийтгэжээ. Түүнийг жагсагчид шоронгоос сулласан юм. Тус улсын Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийг 2021 оны 1 дүгээр сарын 10-нд товлоод байна. Энэ сонгуульд өрсөлдөхийн тулд он дуусахаас өмнө Ерөнхий сайдын суудлаасаа огцорно гэдгээ Жапаров 10 дугаар сарын 25-нд зарласан билээ. Ээлжит сонгууль болтол эрх мэдэл Жапаровын гарт төвлөрөөд байгаа аж.
Сүүлийн жилүүдэд тус улсын эрх баригчдын дунд хээл хахууль цэцэглэж, гадныхны гар хөл болох үзэгдэл газар авсан, ард түмний аж амьдрал доройтож ажилгүйдэл, ядуурал хэрээс хэтэрсэн, тийм байтал эрх баригч улстөрийн нам, хүчнийхэн албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж, удаа дараагийн сонгуулийг луйвар булхай болгон хувиргаж өөрсөддөө ашигтайгаар эргүүлэх гэж муйхарлан зүтгэж байгаа зэрэг нь иргэд сонгогчдын дургүйцлийг төрүүлж, эсэргүүцэл тэмцэлд өдөөн босгосон байна.
Ардчилал, эрх чөлөөний төлөөх ард түмнүүдийн тэмцэл 2020 онд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцлээр баяжсан жил байлаа. Африк гаралтай АНУ-ын иргэн Жорж Флойдын харамсалт үхэл дэлхий нийтийг сэрээсэн үйл явдал болсон юм. Цагдаа нар түүний үгийг эс сонсож егүүтгэсэн нь арьс өнгөний үзэл гаргасны илрэл гэж олон нийт дургүйцэж байгаа тул зөвхөн Америкт төдийгүй дэлхий даяараа буруушааж шударга ёс, арьс өнгөний үзлийн эсрэг нэгдэн жагссан байна. Жорж Флойд хэмээх жирийн л нэг зоогийн газарт хамгаалагч хийдэг байсан залуугийн эл үхэл ийнхүү дэлхий дахиныг цочроож нийтээрээ шударга ёсыг нэхэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох цаг нь болсныг хүчтэйгээр сануулсан байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал АНУ-ын бүх муж, дэлхийн 40 орчим улсад "Black Lives Matter" хөдөлгөөн болж өрнөжээ. Түүнд нийтдээ 15-26 сая хүн оролцсон гэж мэдээлж байгаа юм.
5. Хятад Улс саран дээр далбаагаа мандуулж, Японы эрдэмтэд Рюгү сүүлт одны дээжийг эх дэлхийдээ авчрав
БНХАУ саран дээр төрийн далбаагаа мандуулсан хоёр дахь, сарны чулуулгын дээжээс сорьц авсан гурав дахь орон боллоо. Тус улсын “Чанъэ-5” аппарат сарнаас чулуулгийн сорьцыг аван хөөрөхийнхөө өмнө төрийн далбаагаа байрлуулсан гэрэл зургийг авсан байна. БНХАУ-ын төрийн далбаа нь хоёр метр урт, 90 сантиметр өргөн, нэг килограмм орчим жинтэйгээс гадна хүйтэн температурт тэсвэртэй гэх мэт тусгайлсан хамгаалалттайгаар хийгджээ. АНУ 51 жилийн өмнө буюу 1969 онд “Аполло 11” даалгаврын үеэр саран дээр анх хөлгөө буулгаж далбаагаа мандуулсан бөгөөд ЗХУ /одоогийн ОХУ/ 1970 онд саран дээр “Лунаход” аппаратыг зөөлхөн газардуулж сарны дээж сорьцыг авчирч байсан билээ.
Японы агаар, сансрын судалгааны агентлаг 2014 оны 12 дугаар сард эх дэлхийгээс алслагдмал Рюгү /Лууны ордон/ сүүлт од руу “Хаябүса-2” зондыг илгээж улмаар Рюгү сүүлт одон дээр 2018-2019 онд хоёр ч удаа амжилттай буулгаж, сансрын биетийн илүү гүн давхаргаас дээж авахын тулд дэлбэлсэн байна. Сүүлт одны дээж бүхий бортогыг “Хаябүса-2” эх дэлхийд авчирч 2020 оны 12 дугаар сарын 5-нд Австралийн өмнөд нутгийн Вумери бүсэд 10 мянган метрийн өндөрт шүхрээ дэлгэж дохио өгч эхэлжээ. Японы эрдэмтэд нисдэг тэргээр очиж бортгыг унасан газраас нь олсон байна. Рюгү нь 900 орчим метр диаметртэй, нүүрстөрөгч ихтэй, бас бага зэрэг устай сүүлт од ажээ.
Энэ нь шинжлэх ухааны түүхэнд тэмдэглэгдэн бичигдэх содон үйл явдал болов. Уг солирын хэлтэрхий нь нарны аймгийн болон манай гаригийн үүслийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж эрдэмтэд үзэж байна.
Японы эрдэмтэд өөрсдийн алдрыг ийнхүү сансар огторгуйд дуурсгасан төдийгүй газар дэлхий дээр ч бас гайхшруулсан байна. Тус улсын Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн үндэсний төвийн ажилтнууд хүн төрөлхтөний түүхэнд анх удаа дөнгөж төрсөн нярайн элгэнд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийжээ.
Бодисын солилцооны төрөлхийн эмгэгтэй төрсөн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг боловч энэ мэс заслыг өмнө нь зөвхөн гурваас дээш сартайд хийдэг байсан байна. Харин Японы мэргэжилтнүүд 6 хоногтой нярайн элгэнд 190 орчим үүдэл эс шилжүүлэн суулгаж, хүүхдийн дотор эрхтний аммиак задлах үйл ажиллагааг сэргээж чаджээ. Энэхүү аргыг цаашид өвчтөнүүдийн дунд улам өргөжүүлэх зорилгоор клиник туршилтыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
6. Дайнаас өөр хүндэтгэх шалтгаанаар хойшлогдсон анхны олимп
Энэ онд Японы Токио хотноо болох байсан олон улсын Олимпын наадам цар тахлын улмаас хойшлогдож, 2021 оны 7 дугаар сарын 23-нд эхлэхээр болсон нь 2020 оны онцлох үйл явдлуудын нэг байв.
Учир нь хүн төрөлхтөний түүхэнд өмнө нь Олимпын наадам дайнаас бусад ямар ч тохиолдолд хойшлогдож эсвэл цуцлагдаж байгаагүй юм. Дэлхийн I болон II дайны үед буюу 1916, 1940 ба 1944 оны Олимпын наадмыг цуцалж байв. Харин 1980, 1984 оны Олимпийн наадамд олон улс орон “Хүйтэн дайны уур амьсгал”-ын улмаас тамирчдаа оролцуулаагүй өнжөөсөн удаатай.
Олон улсын Олимпийн хороо, 2021 оны Олимпийг эх орондоо зохион байгуулах Японы Олимпийн үндэсний хорооныхон өөрсдөөс хамаарах бүхнийг хийж улс орнууд, үндэстэн ястнуудын эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон ээлжит их наадмыг товлосон цаг хугацаанд явуулахын төлөө чармайж ажиллана гэдгээ илэрхийлж байна.
7. Америк, Хятадын худалдааны дайн
Өнгөрч буй 2020 он дэлхийн эдийн засгийг тэргүүлэгч хүчирхэг хоёр гүрэн АНУ ба БНХАУ-ын хоорондын худалдааны дайнаар үргэлжилсэн жил байв. Америк, Хятад аль аль нь эрүүл саруулаар ойлголцож хоёр улсын хоорондын арилжаа худалдааг хөгжүүлэхийг оролдсон боловч бодитой үр дүнд хүрч чадсангүй. Хоёр тал удтал яриа хэлэлцээ явуулж, харилцан буулт хийсний үр дүнд 2020 оны 1 дүгээр сарын 15-нд худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурж БНХАУ Америкаас 200 тэрбум ам.долларын үнэ өртөг бүхий аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн авахаар тохиролцсон билээ. Хятадын тал үндэсний валют юанийнхаа ханшийг өсгөхгүй барих зэрэг зарим нэг үүргийг өөртөө хүлээсэн юм. АНУ-аас импортолж буй бараа бүтээгдэхүүнд оногдуулж байсан гаалийн өндөр татварыг бүгдийг биш ч хэсэгчлэн буулгах үйл явцыг эхлүүлсэн. Хятад АНУ-аас ихээхэн хэмжээгээр худалдаж авдаг шар буурцгийн үрийн импортоо бууруулахгүй байх зэрэг асуудлаар хэлэлцэж байв.
Харамсалтай нь 2020 оны эхээр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод анхлан гарч улмаар дэлхийн бусад улс оронд халдварлан тархсан короновирусын өвчлөл, АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн явцад өрнөсөн улстөрийн тэмцэл, дотоод зарим үйл явдал, Ерөнхийлөгч Дональд Трамп COVID-19-ийг “хятад вирус” гэж цоллосон, Конконгд газар авч өргөжсөн эсэргүүцлийн жагсаал цуглааныг дарж намжаах зорилгоор БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг батлан хэрэгжүүлж эхэлсэн, мөн сөрөг хүчнийх нь удирдагч идэвхтнүүд, тухайлбал хэвлэлийн магнат Жамми Лай зэрэг тэмцэгчдийг гадаадын хүчнийхэнтэй үгсэн хуйвалдсан гэх мэт янз бүрийн шалтгаанаар баривчилж хорьж цагдсан зэрэг дотоод, гадаад цөөнгүй хүчин зүйлийн улмаас хоёр талын яриа хэлэлцээний үр дүн мухардалд орсон байна.
Худалдааны дайны улмаас өмнөх 2019 онд АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 14,6 хувиар буурч, 541 тэрбум ам.доллар болсноос 418 тэрбум нь Хятадаас Америкт нийлүүлсэн барааны үнэ байв. Эхний тохиролцоогоор хятадууд 200 тэрбумаар илүү хэмжээний бараа үйлчилгээг /2017 оны импортын дүнтэй харьцуулахад/ АНУ-аас нэмж худалдан авбал нийт хоёр жилийн хугацаанд 576 тэрбумын импорт хийх, өөрөөр хэлбэл, Америкаас авах бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг ихэсгэж бусад улс орноос авахаа багасгана гэж байсан билээ.
АНУ, Хятад улсын харилцаа худалдааны дайны улмаас ийнхүү хурцдах болсон нь олон улсын харилцааны суурь асуудалтай холбоотойг ч судлаачид бас тэмдэглэж байна. Өнөөгийн олон улсын харилцаанд АНУ цорын ганц тэргүүлэгч их гүрэн бөгөөд үүнийгээ хадгалан үлдэхийг хүсч бэхжүүлэх бодлого явуулж байгаа юм.
Харин Хятад улс 1970-аад оноос эдийн засгийн шинэчлэлийг амжилттай хийснийхээ үр дүнд түргэн хурдацтай хөгжсөн. Эдийн засгийн хувьд хүчирхэгжээд ирэхээр олон улсын харилцааны өнөөгийн дэг журмыг өөрсөддөө ашигтайгаар өөрчлөх эрмэлзэл сонирхолтой болсон байна. Энэхүү ашиг сонирхлын зөрчил нь худалдааны дайн, консулын харилцаа зэргээр хурцдан илэрч байгаа юм. АНУ-ын лабораториудад “COVID-19”-ийн эсрэг вакцин үйлдвэрлэх ажил явагдаж, түүнийх нь технологийн нууцыг Хятад зохион байгуулалттайгаар хулгайлах гэж оролдсон гэж АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлж байв.Мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Хятадын Коммунист нам бол АНУ-ын төдийгүй Европын оюуны өмчийг хулгайлж байгаа нь олон мянган хүний ажлын байртай холбоотой чухал асуудал. Тиймээс бид эдгээр хүмүүсийн ажлын байрыг хадгалж үлдэж эдийн засаг, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүднээс Хятадын эсрэг арга хэмжээ авах ёстой” гэж мэдэгдсэн байдаг. Энэ мэт зүйлээс үүдэлтэйгээр хоёр тал бие биедээ харилцан хориг тавьж эхэлжээ. АНУ-ын зүгээс Хятадын зарим албан тушаалтанд хилийн хориг тавьж, үүнийгээ Хятадын Шинжаан мужид амьдардаг ислам шашинтай уйгур гаралтай нэг сая гаруй иргэний эрх зөрчигдөж байгаатай холбоотой хэмээн тайлбарласан. Мөн Шинжаан Уйгарын өөртөө засах орноос хөвөн болон хөвөн бүтээгдэхүүн даавуун бүтээгдэхүүн импортлохыг АНУ хориглож, Хятадаас АНУ-д зорчигчдын аялалд хязгаарлалт тогтоожээ. Аяллын хоригийн хариуд Бээжин АНУ-ын Сенатын танхимын гишүүн Марка Рубио, Тэд Круз, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Крис Смит, Шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сэм Браунбак нарыг Хятад руу нэвтрэхийг хориглосон байна. Хятадад хүний эрхийг зөрчиж буйг тэд хатуу шүүмжилж байсан юм.
Америкийн технологийг хулгайлсан хэмээн Вашингтон БНХАУ-ыг буруутгасны дараа тус улсын 1000 гаруй эрдэмтэн АНУ-аас нутаг буцсан байна. Аж үйлдвэрийн болон технологийн тагнуул хийсэн гэж эрүүгийн хэд хэдэн хэрэг үүсгэх үед Хятадын судлаачид нутаг буцсаныг Хууль зүйн яамны сайдын туслах Жон Демерс мэдээлжээ. Тэднийг Хятадын Ардын чөлөөлөх армитай холбоотой гэж сэжиглэсэн аж.
Мөн өнгөрсөн 5 дугаар сарын 29-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний эрх ашигт аюул учруулж болзошгүй хэмээн Хятадын төгсөх ангийн зарим оюутан, эрдэмтдийг тус улсад нэвтрэхийг хязгаарлах шийдвэр гаргасан юм. Тэднийг Хятадын Ардын чөлөөлөх армитай холбоотой бөгөөд Америкийн технологи, оюуны өмчийг хулгайлахаар ирж болзошгүй гэж үзжээ. Хятадын Боловсролын яам АНУ-ын энэ шийдвэрийг шийдвэртэй эсэргүүцсэн. Мөн Хятадтай хамтарсан соёлын солилцооны 5 хөтөлбөрөө АНУ зогсоосон байна.
Вашингтоны засаг захиргаанаас “Semiconductor Manufacturing international Corp”, нисгэгчгүй онгоц үйлдвэрлэгч “SZ DJI Technology Co” зэрэг Хятадын 60 компанийг “хар жагсаалт”-д оруулснаа зарласан байна. Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордныг орхихоосоо өмнө Хятадын үндэсний гигантуудын эсрэг хориг арга хэмжээ авах нь тодорхой байсан. АНУ-ын Худалдааны яамны илтгэлд “Эдгээр компани нь БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хөтөлбөрийг дэмжиж, манай улсын худалдааны нууцыг хулгайлдаг. Мөн Хятад улсад хүний эрхийг зөрчдөг байгууллагатай шууд холбоотой” гэсэн байна. БНХАУ-ЫН Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ыг өргөн цар хүрээтэй хоригоо зогсоохыг уриалжээ.
Америкийн тал “Хятад одоо болон ирэх зуунд Америкт заналхийлж буй хамгийн хөнөөлтэй геополитикийн аюул” гэж ил тод зарласан билээ. Энэхүү худалдааны дайн АНУ, Хятадын алинд нь сөрөг нөлөөтэй байгааг аль хэдийнэ тооцон гаргажээ.Зарим судалгаагаар худалдааны дайн Хятадад илүү их сөргөөр нөлөөлж байна гэжээ. Учир нь Хятад экспортод түшиглэсэн эдийн засагтай, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийнхээ ихэнх хувийг гадаадад гаргадаг орон. Европын зах зээлд Хятадын бараа бүтээгдэхүүний борлуулалт сайн байгаа ч АНУ-ын зах зээл тэдэнд маш чухал.
Америк, Хятадын энэхүү худалдааны дайн зөвхөн Хятадын эдийн засагт төдийгүй бусад улс орны худалдаа наймаанд ч сөргөөр нөлөөлж байгаа аж. Жишээ нь Хятадын төрийн төв хэвлэл Австралийн нүүрсний импортод хориг тавьсныг мэдээлжээ. Хятад Улс нь Австралийн өөр хэд хэдэн гол нэрийн бүтээгдэхүүнд нь өндөр татвар ногдуулсан байна. Анх Австралийн эрх баригчид 4 дүгээр сарын сүүлчээр “COVID-19“-ийн цар тахлын гарал үүслийг олохын тулд Хятадыг шалгахыг олон улсад уриалсан юм. Энэ асуудал Хятадын талд эмзгээр тусч Австрали улстай “худалдааны дайн”-ыг эхлүүлсэн аж.
Сүүлийн 500 жилийн түүхийг сөхөж үзэх юм бол шинээр хүчирхэгжин мандсан улсууд олон улсын харилцааны статусыг хадгалагч гүрний байр суурийг буулгаж авах гэсэн оролдлого 16 удаа гарсны 12 нь дайнаар дуусч байжээ. Жишээ нь Испани Португалийг их гүрний байр сууринаас нь буулгасан бол Испанийг Их Британи, Их Британийг АНУ олон улсын харилцааны “хаан ширээ”-нээс нь шахан зайлуулж, өөрсдөө орыг нь эзлэн авч дэлхийн их гүрэн болсон түүхтэй аж.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ, Хятад хоёр “Фукидидын хавх”-наас зайлсхийж дайн үүсгэхгүйгээр харилцах шинэ төрлийн их гүрнүүдийн “Их-2”-ын харилцааг 2015 онд санал болгосон байдаг. Үүнийг тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар дэмжжээ. Гэвч Д.Трампыг АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш уг санал саармагжиж, Хятадын зүгээс АНУ-ын талаар илэрхий дайсагнасан байр суурийг илэрхийлэх болсон байна. Ерөнхийлөгч Д.Трампын 2017 онд гаргасан Үндэсний аюулгүй байдлын стратегид ОХУ болон Хятадыг дэлхийн хүчний тэнцвэрийг өөрчлөхийг зорьж, улмаар АНУ-ын ашиг сонирхолд заналхийлж буй өрсөлдөгчид хэмээн тодорхойлсон нь ч үүнд бас нөлөөлжээ.
8. Их Британи Европын Холбооноос албан ёсоор гарлаа
2020 онд дэлхийн улс орнуудын бүх хэвлэлээр “Britian Exit” хэмээх үгс ахин дахин цацагдсан билээ. Britian Exit гэдэг нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс Европын Холбооноос гарах гэсэн үг юм. Энэ үгийн товчлол нь BREXIT. 2016 оны зургаадугаар сард Англи, Шотланд, Уэльс, Умард Ирландын сонгогчдын 51.89 хувь нь Европын Холбооноос тус улсыг гарахыг дэмжсэн санал өгснөөр энэ үйл явц эхэлсэн билээ.
Олон жил үргэлжилсэн маргаан болох BREXIT-ийн асуудлаар Их Британийн парламентийн дээд танхим Сандерленд хотноо хуралдан Европын холбооноос гаргах шийдэлд хүрч тус улс Европын холбоог орхиж буйгаа албан ёсоор зарласан юм. Лондоны парламентийн ордны гадаа BREXIT- ийг дэмжигчид баярын жагсаал хийжээ.
ЕХ-ны гишүүн орнуудын ДНБ-ий 15.2 хувийг дангаараа бүрдүүлдэг эдийн засгийн хоёр дахь том тоглогч Их Британи дахь цагаачдын асуудал, ЕХ-ын хууль дүрмийг дагаж хараат байдалд орших, өөрсдөө гадаад худалдааны хэлэлцээгээ хийж чадахгүй байгаа зэрэг нь Их Британийг ЕХ-оос гарах үндсэн шалтгаан болсон юм. ЕХ-той байгуулсан гэрээний дагуу шилжилтийн үе буюу 2020 оныг дуустал Их Британи ЕХ-ны зах зээл, гаалийн холбооноос гарахгүй, чөлөөт худалдаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байсан билээ. Европын холбооны парламентийн ерөнхийлөгч Дэвид Сассоли: "45 жилийн хамтын ажиллагааны дараах энэ шийдвэр нь багагүй түвэгтэй хэлцэл боллоо. Бид Их Британитай найрсаг харилцаагаа үргэлжлүүлнэ, гэхдээ өөрсдийн ашиг сонирхлоо өрсөлдөөнч биш замаар хамгаална" гэж мэдэгдсэн байна.
Мөн Европын холбоотой хийсэн хэлцлийн үр дүнд Их Британичууд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас Шенгений бүс нутаг руу богино хугацаанд буюу 90 хоног визгүй зорчих эрхтэй байсан юм. Европын холбооны аялал жуулчлалын холбооны мэдэгдсэнээр энэ хэлцэл 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх аж.
9.Австрали дахь аймшигт түймэр
Австрали улсад 2020 онд аймшигт гал түймэр гарч олон сая амьтан устаж, их хэмжээний талбай бүхий ой мод шатжээ. Нэн ховордож, яаралтай тусламж хэрэгтэй болсон 113 амьтныг зарласан байна. Тэрхүү жагсаалтад багтсан амьтдын тоо толгой дор хаяж 30 хувиар хорогджээ. Уг жагсаалтад уутат баавгай, зүйл бүрийн шувууд, загас, мэлхийн төрөл,зүйлс байна. Австрали тив нь дэлхийн ойн нөөцийн томоохон хэсэг бөгөөд түүний тал хувь нь түймэрт хуйхлагджээ.
Түймэрт өртсөн тэрбум гаруй ан амьтан үхэж үрэгдсэнээс 13 зүйл шувуу, 20 зүйл хэвлээр явагч, 5 зүйл сээр нуруугүйтэн, 19 зүйл хөхтөн, 22 зүйл хавч, 17 зүйл загас байна. Судлаачид Австрали дахь цэвэр усны нэгэн зүйл мэлхий түймэрт тоо толгой дараалан өртсөн учир бүрэн устаж үгүй болсон байх магадлал хамгийн өндөр хэмээн үзэж байна.
10. Ханхүү Харри, түүний гэргий Меган нар Букенгемийн ордноос зугтаж, эрх чөлөөнд хүрэхийг эрмэлзэв
Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабетын ач хүү, Сассексийн гүн ханхүү Харри болон түүний эхнэр Сассексийн гүнгийн ахайтан Меган Маркл нар өөрсөддөө хууль ёсоор оногдож буй хатан хааны гэр бүлийн дархан эрхээс түдгэлзэж, Букингемийн ордноос хамааралгүйгээр бие даан аж төрж амьдрах боллоо. Тэд энэ тухай өөрсдөө анхлан олон нийтэд мэдээлжээ. Санхүүгийн эрх чөлөөнд хүрч, өөрсдийн амьдралаа бие даан авч явах хүсэлтэй байна гэж инстаграм хуудсаараа дамжуулан нийтэд мэдэгдсэн юм.
Ингэхдээ тэд энэ шийдвэрээ удаан хугацаанд бодож тунгааж байж гаргасан гэжээ. Сассексийн гүн болон гүнгийн ахайтан энэхүү шийдвэрээ олны хараа, анхаарал, байнгын мөрдөлтөөс залхаж, ядарч байгаа учраас гэж тайлбарласан байна. Ханхүү Харри, түүний гэргий Меган нар хэдийгээр Британийн хатан хааны ордны албан ёсны үйл ажиллагаа, арга хэмжээ, эрх үүргээс татгалзаж байгаа ч хатан хаан болоод гэр бүлийн гишүүдтэйгээ урьдын адил халуун дотно харилцаатай байж, хоёрдугаар Элизабетийг бүх талаар дэмжин, үр хүүхдээ ч ордны дэг жаягийг мэддэг, хүндэтгэдэг болгон хүмүүжүүлэх болно гэжээ.
11. Дэлхийн сагсан бөмбөг болоод хөлбөмбөгийн хаад тэнгэрт халив
2020 он спортын ертөнцийг уйлуулж уй гашуудлаар дүүргэсэн жил байлаа. Дэлхийн сагсан бөмбөгийн болон хөл бөмбөгийн хаан Коби Брайнт, Диего Марадона нар тэнгэрт халив.
NBA-ийн од, домогт сагсан бөмбөгчин Коби Брайнт өөрийн хувийн онгоцоороо нисэж яваад онгоц нь осолджээ. Түүнтэй 13 настай охин Жианна нь болон өөр долоон хүн хамт явжээ. Нисдэг тэрэг нь Лос-Анжелесаас холгүй Калабасас хотын ойролцоо уулархаг хэсэгт осолдсон байна.
Коби Брайнт 20 жил Лейкерс багт тоглосон бөгөөд 2016 оны 4 дүгээр сард зодог тайлсан билээ. Тоглох хугацаандаа нийт таван удаагийн аваргын цол хүртэж, АНУ-ын үндэсний шигшээ багтайгаа хоёр удаа Олимпийн аварга, NBA-ийн Бүх оддын тоглолтод 18 удаа сонгогдохдоо MVP буюу "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг дөрвөн удаа, NBA-ын аваргын төлөөх тоглолтын MVP буюу "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг хоёр удаа тус тус хүртэж байсан аж. Мөн “Dear Basketball” богино хэмжээний анимейшн бүтээлээрээ өнгөрсөн жил Оскарын шагналыг хүртэж байсан юм.
Аргентиний алдарт хөл бөмбөгчин Диего Марадона зүрхний цочмог дутагдлын улмаас 2020 оны 11 дүгээр сарын 25-нд нас барав.
Марадона есөн настайдаа аавынхаа удирддаг хөлбөмбөгийн багт орохдоо багийнхаа хамгийн намхан, жижиг гишүүн нь байжээ. 15 настайгаасаа “Аргентин Жуниор” багт тоглож эхэлсэн байна.
Удалгүй багийнхаа шилдэг тоглогч болж, 1979 оны дэлхийн залуучуудын аваргад түрүүлжээ. 1981 онд “Боса Жуниорс” багтай гэрээ байгуулж тэр жилээ Лигийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан байна. 1982 онд мөрөөдөл нь биелж Европын “ФС Барселона” багт очиж тогложээ.
Хоёр жилийн хугацаанд Лигийн аваргын цом, Испанийн супер цом, эзэн хааны цомын эзэн болсон байна. Удалгүй өөр шинэ багт шилжиж Лигийн хоёр удаагийн аварга, УЕФА аваргуудын лигийн цом, Италийн супер цомыг авчээ. Дараа нь “Севилла” багт нэг улирал тоглохоор Испанид буцаж ирснээр түүний Европын багт тоглох хугацаа дууссан байна. Эх орондоо буцан ирээд “Newell’s Old Boys”, 1997 онд тоглохоо болих хүртэл “Боса Жуниорс” багт орж тогложээ.
Аргентинд болж өнгөрсөн дэлхийн дөрвөн удаагийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон түрүүлж, 1990 онд Италийн дэд аварга, 1986 оны Мексикийн аварга болсон байна. Түүний оруулсан гоолуудаас хамгийн ихээр алдаршиж дурсагдаж үлдсэн нь “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд Английн багтай хийсэн тоглолтын үеэр талбайн голоос гүйцэгдэлгүй гүйж оруулсан гоол нь аж.
Марадонаг нас барсны дараа Италийн өмнө хэсэг дэх Наполесийн Сан Паоло цэнгэлдэх хүрээлэнгийн нэрийг албан ёсоор “Диего Армандо Марадона” гэж санал нэгтэйгээр нэрлэсэн байна. Түүнийг аав ээжийнх нь шарилын дэргэд оршуулжээ.
12. Бейрут: Тоомжиргүй хандлага, том дэлбэрэлт
Ливаны Бейрут хотын боомтод 2020 оны 8 дугаар сарын 4-нд хүчтэй дэлбэрэлт болж, томоохон гамшиг дагуулсан юм. Дэлбэрэлтийн улмаас 200 гаруй хүн амиа алдаж, 6 мянга орчим хүн шархдаж, 300 мянга орчим хүн орон гэргүй болсон байна.
Мөнгөн дүнгээр 10-15 тэрбум ам.долларын хохирол учруулсан энэ дэлбэрэлтийг атомын бөмбөг байж магадгүй гэх цуу яриа хүртэл эхлээд гарсан билээ. Үнэн хэрэгтээ хууль бусаар хил давуулан наймаалах гэж байсан 2700 тонн аммонийн нитратыг 2013 онд “Rhosus” хөлөг онгоцноос хурааж, устгахаар боомтын агуулахад хадгалж байсан нь уг гамшгийн гол шалтгаан байжээ. Өөрөөр хэлбэл ажил хариуцсан хүмүүсийн цалгар назгай, хайнга хандлага нь ийм эмгэнэлт явдалд хүргэж, Ливаны нийслэл хотыг сүйрүүлэх шахсан байна.
13. Олон улсын шагналыг хамсан “Шимэгч”
БНСУ-ын кино найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл “Шимэгч” уран сайхны кино Оскарын дөрвөн төрөлд шагнал хүртсэн нь яахын аргагүй энэ оны соёл урлагийн салбарт тохиосон онцлох үйл явдал байв.
Уг кино Оскарын наадмын дээд шагнал болох “Шилдэг кино” шагналыг хүртсэн анхны гадаад кино болсон төдийгүй “Гадаад хэл дээрх шилдэг кино”, “Шилдэг зохиол”, “Шилдэг найруулагч” шагналыг мөн хамтад хүртсэн юм. Оскарын шагнал хүртэхээсээ өмнө эмгэнэлт инээдмийн “Шимэгч” кино олон улсын 57 кино наадмаас 55 шагнал хүртсэн байна. Ийнхүү “Шимэгч” дэлхийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлсэн нь үзэгчдэд төдийгүй мэргэжлийн кино шүүмжлэгчдэд өндрөөр үнэлэгдсэний баталгаа боллоо.
14. Хятадад Монгол бичиг, монгол хэлээ сурах боломж хумигдав
БНХАУ-ын эрх баригчид монгол үндэстний хүүхэд залуус монгол хэл, монгол бичгийн хичээлийг сурах боломжийг хумьж, эдгээр хичээлийг сурч эхлэх ангийг дээшлүүлэв. Ингэсэн нь дэлхийн олон улс оронд амьдарч сурдаг монголчуудын дургүйцлийг төрүүлж, тэд Хятадын боловсролын байгууллагын бодлого тодорхойлогчдын алдаатай шийдвэрийг эсэргүүцэв. Монгол Улсад Хятадын ЭСЯ-ны үүдэнд нилээд хэдэн хоногийн турш монгол бичиг, монгол хэлээ хамгаалсан иргэдийн жагсаал цуглаан болов. БНХАУ-ын ЭСЯ-ныхан Хятадын удирдлагын авч хэрэгжүүлж байгаа дээрх арга хэмжээг тайлбарлах гэж хичээсэн ч олон нийт тэдний тайлбар үндэслэлтэй, итгэл үнэмшил төрүүлэх тайлбар болж чадсангүй гэж үзэв. Монгол Улсын эрх баригчид БНХАУ-д монгол хэл, монгол бичгийн сургалтыг хүндрүүлж байгаа асуудалд албан ёсны байр сууриа илэрхийлэхээс болгоомжилж таг дуугүй өнгөрөөв. Харин улс төрийн намуудаас МАХН, улс төрчдөөс ил гарч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар Хятадын удирдагчдын авч хэрэгжүүлж байгаа энэхүү арга хэмжээг шүүмжилж тэдэнд хандан буруу бодлогоо засахыг уриалав.
АНУ-ын парламентын гишүүд Хятадын удирдагчдын монгол бичиг, монгол хэлийн эсрэг авч байгаа арга хэмжээг шүүмжилж, энэ буруу бодлогоо эргэж харахыг уриалав. Олон улсын байгууллагуудын хийсэн судалгаагаар аливаа үндэтсний хүүхэд залуучууд эх хэл, бичиг соёлоо аль болохоор бага наснаасаа эхлэн сурах боломжоор хангагдсан байх нь хүүхэд эх хэл, бичгээ сайн эзэмшихийн гол үндэс суурь болно гэж дүгнэсэн байдаг аж. БНХАУ-ын соёрхон баталж хүлээн зөвшөөрсөн Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ, конвенц, БНХАУ-ын Үндсэн хуульд цөөнх үндэстний хүүхэд залуус эх хэл, бичиг соёлоо сурах, эзэмших боломж бололцоогоор ямарваа нэгэн саад бэрхшээлгүйгээр хангагдсан байх ёстой гэж тогтоосон байдаг тул монголчуудаар зогсохгүй соёлт хүн төрөлхтөн Хятадын удирдагчдын энэхүү шийдвэрийг шүүмжилж алдаагаа засахыг шаардав.
Монгол бичиг, монгол хэл соёлын асуудал ийнхүү олны анхаарал татсанаар Монгол Улсын төр засгаас монгол бичиг, хэл соёлоо хамгаалан хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд шүүмжлэлд өртөж, Монгол Улсад монгол бичгийг төр засгийн албан ёсны бичиг болгох ажлыг эрчимжүүлэхийг шаардах явдал нэмэгдэв. Монгол бичиг, монгол хэлээ хамгаалан хөгжүүлэх нь монголчууд, Монголын төр засгийн үүрэг мөн гэдэг нь тодорхой болов.
15. “Рио Тинто” компани Австралид уугуул иргэдийн түүхтэй салшгүй холбоотой ариун газрыг эвдэж сүйтгэв
Монголд “Оюу толгойн орд”-ыг эзэмшин их хэмжээний зэс, алт олборлож байгаа “Рио Тинто” компани 5-р сард Австрали тивд хүмүүс 46 мянган жилийн өмнө амьдарч байсны ул мөр бүхий түүхэн хад асгыг дэлбэлэн эвдэн сүйтгэж тив дамнасан уул уурхайн компаниуд ашигт малтмал олборлож ашиг олохын тулд тухайн улс орон, үндэстний түүх соёл, байгаль орчинд хөнөөлтэй үйл ажиллагаа явуулдагийг нотлов. Эдгээр хад асга нь Австралийн уугуул иргэдийн шүтээн байсан аж. “Рио Тинто”-гийн харгис бүдүүлэг үйл ажиллагааг Австралийн парламент тусгай ажлын хэсэг байгуулан шалгахаар болжээ. Олон нийтийн шахалтаар “Рио Тинто” компани дотоод шалгалт явуулж зөрчил илрүүлсэн ч удирдах бүрэлдэхүүний хариуцлагагүй үйл ажиллагааны алдаа дутагдлыг шүүмжлэлийнхээ гадна орхисон байна. Гэвч шалгалтын дараа олон нийтийн бухимдал улам нэмэгдсэн тул тэднийг тайвшруулахын тулд “Рио Тинто” компанийн дарга, хоёр орлогч огцорчээ.
Австралийн парламентын ажлын хэсэг “Рио Тинто” компани түүхэн дурсгалыг дэлбэлснийг шалгаад урьдчилан дүгнэхдээ: Тус компани уугуул иргэд хэлж анхааруулсаар байхад тэдний дуу хоолойг үл хэрэгсэн түүхэн газрыг дэлбэлснийг “уучлахын аргагүй”. Өөрөөр хэлбэл “Рио Тинто” тус дурсгалт газрын түүхэн үнэ цэнийг мэдсээр байж дэлбэлсэн болох нь тогтоогдов гээд дараах зөвлөмжийг гаргажээ. Үүнд:
-“Рио Тинто” компани уугуул иргэдийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж түүхэн дурсгалт газрыг сэргээх арга хэмжээ авч, хангалттай нөхөн төлбөр төлөх ёстой.
-“Рио Тинто” компани түүхэн дурсгал байсан газар уул уурхайн үйл ажиллагаа дахин явуулахаа зогсоох ёстой.
-“Рио Тинто” болон уул уурхайн бусад компаниуд Уугуул иргэдийн эрх ашигтай холбоотой хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруултал уул уурхайн үйл ажиллагаа явуулахаа зогсоох ёстой...
Австралийн сенатын гишүүн Пэт Додсон Австралийн парламентад урьдчилсан дүгнэлтийг хэлэлцэхэд хэлсэн нь: “Рио Тинто” компани дурсгалт газрыг устгасан нь тус компани хамгийн дээд шатнаас хамгийн доод шат хүртлээ компанийхаа бүх шатанд бусдыг “үл тоох” хандлага баримталж ирсэнтэй шууд холбоотой.
Австралийн парламентын ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа парламентын гишүүн Уоррэн Энтч урьдчилсан дүгнэлтийг парламентад танилцуулахдаа: хэдийгээр ажлын хэсэг гол нь “Рио Тинто” компанийн үйл ажиллагааг шалгахад анхаарлаа хандуулсан ч цаашид шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахдаа уул уурхайн бусад компаниудын үйл ажиллагааны алдаа дутагдал, хууль тогтоомжийн цоорхойг илрүүлэн олж танилцуулахад чиглүүлэх болно гэжээ.
Ажлын хэсгийн дүгнэлтэд Австралийн хууль тогтоомж “Рио Тинто” мэтийн компаниудад хуулийн дагуу ажиллах ёстой гэсэн шаардлага тавихын оронд тусгайлан гэрээ хэлэлцээр байгуулах боломж олгодог байдлыг эргэн харах шаардлагатай гэсэн санал байгааг анхааралтай авч үзэх ёстой хэмээн тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин