ЦЕРН-ийн эрдэм шинжилгээний хөтөлбөрт манай эрдэмтэд оролцох бололцоо нээгдлээ
Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн санаачлагаар манай улсын Засгийн газар, Европын цөмийн судалгааны байгууллага (ЦЕРН) хооронд их энергийн физикийн салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээрийг саяхан байгуулав. Хэлэлцээрт манай талаас БШУ-ы сайд Л.Гантөмөр. ЦЕРН-ийн талаас Гадаад харилцаа эрхэлсэн захирал ноён Р. Фосс нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр Физик технологийн хүрээлэнгийн захирал Д.Орлохоос зарим зүйлийг тодрууллаа.
 
-Юун түрүүнд ЦЕРН гэх энэ байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлэл өгөөч?
 
-ЦЕРН нь 1954 онд анх байгуулагдсан 21 улсыг эгнээндээ нэгтэсэн судалгааны байгууллага. ЦЕРН нь их энергийн физикийн судалгаагаараа дэлхийн тэргүүн эгнээнд явж, хүн төрөлхтний шинжлэх ухааны танин мэдэхүй, технологийн ололт амжилтад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа. Одоогоор 70 орчим улстай хамтын ажиллагааны хэлэлцээртэй ажилладаг.
 
Тус байгууллага нь дэлхийн олон орны эрдэм шинжилгээ судалгааны байгууллагатай хамтран ажиллаж, физикийн судалгааны хамгийн сүүлийн үеийн мэдээлэл солилцох, технологи дамжуулах, олон төвшний сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Тэнд 2400 байнгын, 1500 түр ажилтан өдөр бүр судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэдэг.
 
-Энэ хэлэлцээрийг шинжлэх ухааны салбарт нэгэн шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо гэж эрдэмтэд дүгнэж байна. Тэгвэл энэ хэлэлцээр байгуулагдсанаар манайд ямар ач холбогдолтой вэ?
 
-Их энергийн физикийн судалгаа нь суурь шинжлэх ухаан болон манай орны технологийн дэвшлийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой. Бид энэ хэлэцээрийг байгуулснаар ЦЕРН-ийн эрдэм шинжилгээний хөтөлбөрүүдэд манай эрдэмтэд, судлаачид, оюутан залуучууд оролцох бололцоо нээгдэж байна. Мөн их энергийн физикийн суурь судалгаа болон манай орны шинжлэх ухаан, технологийн дэвшлийн цаашдын хөгжилд чухал нөлөө үзүүлнэ. Ингэснээр манай судлаачид, инженерүүд, техникийн ажилтнууд ЦЕРН-ийн судалгааны төслүүдэд урт хугацаанд оролцох боломж бүрдэх юм. Түүнчлэн судалгаа шинжилгээний туршилтуудад нэгдэн орох замаар их энергийн салбарын судалгааг улам өргөжүүлж, үүндээ залуу судлаачдыг сургаж бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхтэй оролцуулах зорилго тавьж байгаа.
Зууны мэдээ
Э.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.