2030 оны Aзийн XXI наадмыг зохион байгуулах хотыг эцэслэн сонголоо

Азийн олимпийн зөвлөл (ОСА)-ийн 39 дүгээр ерөнхий ассамблей нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оман улсын нийслэл Мускат хотноо цахимаар хуралдаж, тус зөвлөлийн гишүүн 45 орны Үндэсний олимпийн хорооны төлөөлөгчдийн санал хураалтаар 2030 оны Aзийн XXI наадмыг зохион байгуулах хотыг эцэслэн сонголоо.

Aзийн XXI наадмыг зохион байгуулах эрхийг Катарын Доха хот авсан бөгөөд өмнѳ нь 2006 онд Азийн XV наадмыг амжилттай зохион байгуулсан билээ. АОЗ~ийн Гүйцэтгэх зөвлөлийн наадмын эрхийг дараалан олгох шийдвэрийн дагуу Дохад ялагдсан Саудын Арабын Рияад хотод 2034 оны Азийн наадмыг хүлээн авах эрхийг шууд хүчин төгөлдөр болгосон байна.

Персийн булангийн баян хотын нэг Доха нь 2006 оны Азийн олимпийг Арабын ертөнцөд анх удаа амжилттай зохион байгуулсан туршлагатайгаас гадна хоёр жилийн дараа дэлхийн хөлбөмбөгийн цом булаалдах тэмцээнийг Катарт хүлээн авахаар шаргуу бэлтгэж буй.

Энэтхэгийн Дели хотоос 1951 онд гараагаа эхэлсэн Азийн наадамд Монголын баг тамирчид "Тегеран-1974" наадмаас анхлан оролцож, 11 удаагийн тивийн наадмаас нийт 25 алт, 46 мөнгө, 91 хүрэл, нийт 162 медаль хүртсэн түүхтэй. Харин Ази тивийн 2022, 2026 оны спортын наадмыг БНХАУ-ын Ханжоу, Японы Аичи ба Нагоя хотууд хүлээн авна.

Түүнээс гадна хуралд оролцогчид нь Сань-Яа- 2021 Азийн элсний спортын VI наадам, Бангкок-Чонбүри -2021 Азийн танхимын ба тулааны спортын VI наадам, Шаньтоу-2021 Азийн залуучуудын III наадам, Ханжоу-2022 Азийн XIX наадмын Зохион байгуулах хороод ба АОЗ-ийн 17 салбар комиссийн тайлан илтгэлийг хэлэлцэж, буcад тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцлоо.

АОЗ-ийн цахим хуралдаанд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар эх орноо төлөөлсөн бол Олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг нь 2030 Азийн наадмын бэлтгэл ажлыг шалгах үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан байна.

Эх сурвалж: МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.