Долоо хоногийн тойм
Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Цахилгаан дулааны үнийг төр даахтай холбоотой шинэ журам гарлаа
 
Айл өрх ААН-үүдийн цахилгаан дулааны төлбөрийг төр даах шийдвэрийг өнгөрсөн амралтын өдөр гаргасан. Тодруулбал, банк, ББСБ, нефтийн компани, ТӨҮГ, ОНӨҮГ, Уул уурхай, үүрэн холбооны оператор компаниуд, өнгөт металл, хөр төмөрлөг, цементийн үйлдвэр, криптовалютын  арилжаа эрхлэгчид, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгчид, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдээс бусад нь цахилгаан дулааны төлбөрөө төрөөр даалгахаар болсон. 
Гэвч шийдвэр танилцуулахтай зэрэгцэн цахилгааны ажил эрс нэмэгдэж, доголдол үүсэхэд хүрсэн. Үүнтэй холбоотой "Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам"-ыг баталж хэрэглэгч, цахилгаан, дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой болгов.  Журамд зааснаар хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцахаар болсон юм.   Ингэснээр эрчим хүчний хэрэглээг 50-75 мВт-аар бууруулсан гэдгийг албаныхан онцолж байна. 
 
АН Их хурлаа хийж, намын дүрмэндээ өөрчлөлт оруулав
 
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор АН Их хурлаа долоо хоногийн баасан гарагт цахимаар хуралдуулав. Цахим хуралдаан хоёр өдөр болох товтой байсан ч эхний өдөр намын Үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулж, Их хурлаа өндөрлүүлсэн байна.  Намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг баталгаажуулахын тулд Улсын дээд шүүхэд өгч хянуулна. Дүрмийн өөрчлөлтийг ирэх даваа гарагт Улсын дээд шүүхэд өгөх юм байна. Шүүхээс дүрмийг маргаангүй гэж үзсэн тохиолдолд албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Нэг үгээр намын даргаа сонгох процесс эхлэх юм. Намын Үндсэн дүрэмд намын даргаа нийт гишүүдийн сунгаагаар бус их хурлаас сонгохоор өөрчилсөн байна.  Мөн үндсэн дүрмийн хүрээнд санхүүгийн хяналтын албыг шинээр байгуулахаар болжээ. 
 
2021 оноос цэцэрлэгүүд дэргэдээ ясли ажиллуулна
 
Засгийн газрын ээлжит худалдаанаар ирэх оны есдүгээр  сарын 01-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрөв. Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм. Тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон бусад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана. 2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно. Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ. 2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэнэ.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Хэнтий, Сэлэнгэ аймгийн хоёр яслийн бүлэгт 130 хүүхэд байгаа бол Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн клиник сувилал /1,8 сартайгаас зургаа хүртэл насны, архаг, суурь өвчтэй хүүхдийг эмийн бус аргаар нөхөн сэргээх, сувилах, асрах, эмнэгийн үйлчилгээ үзүүлэх/ ажиллаж байна.
 
Г.Солтанд оноосон ялыг хэвээр үлдээв
 
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Солтанд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу баасан гарагт хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
 
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Г.Солтаныг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэгт хатгагчаар оролцон үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулжээ.
 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.


О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.