ЭМЯ: Улаанбаатарт 12 тохиолдол нэмэгдэж, 36 хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт  11191 хүнд шинжилгээ хийснээс 12 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Илэрсэн 12 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Үүнээс 6 тохиолдол нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол үлдсэн 6 нь 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын баталгаажуулах давтан шинжилгээнээс илэрсэн байна. Баянзүрх дүүргийн эмнэлэгт гарсан голомтын ойрын болон дам хавьтлын  803 хүнийг илрүүлж хяналтандаа аваад байна. Тусгаарлалтын байранд 133 хүнийг тусгаарласан. Нэгдсэн эмнэлэгт эмч, ажилтан, өвчтөн, сахиур гэсэн нийт 379 хүн байгаа. Гэрийн ажиглалтад 291 хүн байна. Нийт хүмүүсийн 723 нь шинжилгээнд бүрэн хамрагдаад байна.  Улаанбаатарт нийт 169 тохиолдол боллоо. Сэлэнгэд 216, Орхонд 25, Дархан-Уулд 45, Архангайд 3, Дорноговьд 32, Говьсүмбэрт  4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.  Дотоодын нийт тохиолдол 494 боллоо. 

  Өнөөдөр 36 хүн эдгэрч гарлаа. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 953, эдгэрсэн 509 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт 435 хүн эмчилгээнд байна" гэв.

 С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus