Г.Дашчанрав: ''2 Даш'' цомог хийх болсон нь учиртай

Энэ удаагийн “Өөр зочин” буландаа УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Дашчанравыг урилаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлийн олз омог арвин байна уу?

-Баярлалаа. Би “Севилийн үсчин” дуурьд дүр бүтээж байгаа. Мөн өөрийгөө хөгжүүлэх талаас нь поп опера уран бүтээл хийж байна. Дэлхийн алдартай поп опера бүтээлүүдийг сурч өөрийн уран бүтээлдээ оруулахаар бэлдэж байна. Дэлхийн дуучдыг харахад Парла Пию Пиано энэ дууг заавал дуулдаг. Би ч гэсэн дуурийн дуучин, сурч байгаа гэдэг утгаараа энэ бүтээлүүдийг заавал сурах ёстой гэж боддог.

Мөн Э.Дашнямтай хамтарч “2 Даш” цомгоо хийж байна. Энэ цомог найман дуутай. Үүний зургаа нь бид хоёрын хамтын бүтээл, тэгээд тус тусын нэг дуу дуулсан. Д.Отгонбаяр дасгалжуулагчийн 50 хувьтай дөрвөн уран бүтээл бий. Коронагоос болоод ирэх сард CD-гээ гаргахаар төлөвлөж байгаа. Хүмүүст таалагдах байхаа.

-Дуучин болоход юу ингэж их нөлөөлөв?

-Би багаасаа дуулах дуртай байсан. Мэргэжлээ сонгож чадахгүй их удсан. Би III сургуулийг төгссөн. IV, V ангид байхдаа ангийнхантайгаа нийлж хип хоп дуу дуулдаг байсан. Ер нь IX ангиас авьяас маань тодорсон. Аавтайгаа хамт Хөвсгөл аймаг руу явж байхад Ч.Бат-Эрдэнэ гавьяатын “Хайрын хишиг” дууг дуулах дуртай байлаа. 2006 онд Х ангид байхад урлагийн үзлэг болоход манай ангийнхан Чанрав дуул гэхэд нь “Хайрын хишиг”-ийг дуулж урам авсан. Тэгсэн “Учиртай гурван толгой”-д дүр шалгаруулах уралдаан болоход би шилдэг Балган, миний дотны найз Баярсайхан шилдэг Юндэн болж байлаа. Балган бол басс буюу хамгийн бүдүүн хоолой. Ардын жүжигчин Жаргалсайхан гуайн хоолой шүү дээ. Тэгэхэд би бүдүүн хоолойгоор дуулсан.

-Тэгвэл дуурийн дуучин болох эхлэл Балганаас үүдэлтэй ажээ?

-Ер нь тийм. Гэрийнхэндээ урлагийн хүн болъё гэтэл “Манайханд тийм хүн байхгүй. Чи Батаа ахыгаа дагаж компьютерээ янзал” гэсэн. Батаа ах маань манай компанийн захирал, Оросын баритон хоолойтой Дмитрий Хростовскийн Журавли дууг сонсдог юм. Тэгээд ахдаа хэлтэл урлаг хэцүү, харин компьютерээ эзэмшээд явбал амьдралд хэрэгтэй гэхээр нь ШУТИС-д шалгалт өгөөд цахилгаан холбооны инженерийн ангид орсон ч III курсээсээ гарчихсан. Гурван жил сурсан ч интернэтийн компанид ажилладаг ч сонирхолгүй зүйлээ хийхээр амьдрал утгагүй санагддаг юм билээ. Би компьютерт сонирхолтой, авьяастай байсан. Ээжийн дүү Энхбат ахтай IX, X ангид байхдаа компьютерийг нь янзлахаас гадна их зүйл сурсан.

2009 оны хавар Эрдэнэбулган найзтайгаа караокедож байтал “Найз нь энэ жил СУИС-т шалгуулна аа. Хамт очих уу” гэсэн. Тэгэхэд би хүний өмнө гарч дуулахад гар чичирдэг, өөртөө итгэлгүй байсан болохоор шалгалтад ороогүй. Харин Эрдэнэбулган маань СУИС-д шалгалт өгөөд нэгээр тэнцлээ гэхэд нь би ч гэсэн ордог байж гэсэн цагаахан атаархал төрж байсан.

-Тэгээд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид орсон байх нь ээ?

-Эрдэнэбулган “Би чамайг Ерөө багшид шалгуулъя” гээд дагуулаад очиход миний шүд, хоолойны мах харж, дуулахыг минь сонсчихоод “Одоо СУИС-ийн элсэлт дууссан, дараа жил болъё. Гэхдээ би чамд ардын жүжигчин Жавзандулам багшийн дугаарыг өгье. Опера гэсэн сургуультай” гэлээ. Авсан дугаараа энгэрийнхээ халаасанд хийгээд интернэтийнхээ компанид ажлаа хийж байхдаа “Би энэ ажлыг хийх хүн мөн үү” гэж бодоод ажлаа дуусгачихаад Жавзандулам багш руу залгасан. Нөхөр нь буюу Баасанхүү багш утсыг нь аваад “Маргааш Хөгжим, бүжгийн коллежийн урд талын автобусны буудал дээр ирээд залгаарай” гэв. Тэгээд маргааш нь очиж шалгууллаа. Ямар дуу мэдэх вэ гэхээр нь сандраад 10 жилдээ сурсан Балганаа дуулсан чинь “Өө за за, чи долоо хоногийн сургалтад сууна шүү. Тэгээд сайн байвал авна гээд шүд, ам хараад болж байна” гэсэн. Ингээд долоо хоног гам дасгалыг нь уншсан. Тухайн үед багш хөгжим дээр фа өнгө өгөхөд би ми гэж солгой дуугардаг байлаа.

Долоо хоногийн сургалтаар Италийн Амор, Катинти гэдэг хоёр дуу өглөө. Тэгээд Батаа ахдаа ийм байна гэж хэлсэн чинь “Болно оо, ажлынхаа хажуугаар яв” гэхээр нь youtubе-ээр хоёр дуугаа сонсдог боллоо. Амьдралдаа дуурь сонсож байгаагүй болохоор сонин санагдаж байсан. Долоо хоногийн дараа 20 хүүхдийн найм нь тэнцэхэд би багтсан. Ингээд намайг гавьяат жүжигчин Бүтэд багшид өгсөн. Миний дуулаачийн техник, дуулах урлагт дуртай болоход Бүтэд багш маань нөлөөлсөн. Ийм сайхан багшаар таван жил хичээл заалгасандаа баяртай байдаг. II курстээ “Консонас Корсовер” хамтлагт поп опера чиглэлээр дуулж их зүйл сурсан. Дуулах болсон шалтгаан нь энэ. Дуурийн дуучин мэргэжлээр төгссөн ч өөрсдийн хүсэл сонирхлын дагуу төрөл жанраа өөрчилсөн дуучин олон байдаг. “Номин талст” хамтлагийн Батсүх ах Бүтэд багшийн шавь. Энэ хүмүүс өөрийн сонирхлоор поп, эстрадын дуу дуулдаг. Багш маань их зүйл зааж сургасан. Шавь нар нь мэргэжилдээ хайртай байдагт багш маань их нөлөөтэй.      

-Сургуулиа төгсөөд УДБЭТ-т орсон гэсэн үг үү?

-2014 онд анхны бие даасан “Хангал хүрэн” дууныхаа дундуур Ш.Гүрбазар гуайгаар шүлгийг нь уншуулаад клипжүүлж гаргасан. Хөгжмийн зохиолч Алтангэрэл багшийн өгсөн дуу юм. Мөн манай хамтлагийг дасгалжуулж байсан. 2015 оны аравдугаар сарын 1-нд гэрээ байгуулж УДБЭТ-т найрал дуучнаар орж дөрвөн жил ажиллаад 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нээс гоцлол дуучин болсон.

-Яаж яваад Voice-т орчихов?

-Voice-ийн хамгийн нандин мөч бол эхний буюу сохор шат, их сонирхолтой. Хүмүүс дуулахад шүүгчид цаашаа харсан байдаг. Миний сонирхол бас энэ рүү чиглэсэн. Дуучин болсных өөрийгөө сорьё, эргэж харахгүй бол би хичээх ёстой юм байна. Хэрэв эргэж харвал сайхан даа гэж бодсон. Хүмүүсийн дуулж, сонсох дуртай “Өнө мөнх орон” дууг Э.Дашнямтай дуулах хувь тавилантай юм болов уу гэж билэгшээдэг. Энэ дуу дуурийн бүтээл ч уртын дуу, поп опер нь ч шингэсэн. Шоунд орсон утга учир нь энэ. Э.Дашням заримдаа их сонин зүйл ярьдаг. “Өнө мөнх орон” дууны бэлтгэл дээр “Сонин шүү хөгшөөн. Цагийг эзэлсэн хоёр Мөнх гэж аварга, хоёр Эрдэнэ гээд давхардсан зүйл байдаг. Тэгсэн хоёр Даш гээд гараад ирчихдэг” гэж хэлсэн нь надад их зүйлийг бодогдуулсан.

Цомгоо хийх болсон шалтгаан энэ үгнээс эхтэй. Бид хоёр сайхан найз болсон. Э.Дашням маань Дамдинсүрэн гуайн ач хүү, урлагийн сайхан гентэй. Монголд уртын сайхан дуугаа дуулаад явж байгаад нь баярладаг. Миний хувьд дуурийн дуучнаар сураад яагаад заавал дуурьт орж ажиллах болсноо боддог. Х ангид байхдаа дуулсан Балганы дуу дуурийн дуучин болох үндэс нь байсан болов уу. Сурах зүйл их байна. Багш маань “Насаараа сурна” гэж хэлдэг. Мөн өдөр бүр дасгал сургуулилтаа хийх ёстой. 1-2 өдөр таслахад сайхан дуулж байсан мэдрэмж байхгүй болчихдог. Өдөр бүр дуулж байж формын мэдрэмжээ барих ёстой юм байна гэдгийг Лучиано Павориттигийн ярилцлагыг уншаад мэдсэн. Тиймээс нэг цаг ч болтугай дасгалаа унших ёстой гэдгийг зорилгоо болгосон.

Сонирхуулж хэлэхэд Voice-т “Өнө мөнх орон”-г дуулаад дуусангуут дээд өнгөн дээрээ жаахан алдаа гаргасан юм. Д.Отгонбаяр шүүгч бид хоёрын аль нэгийг сонгох гээд байдаг. Би тэрэндээ эмзэглээд баргар царайтай зурагтаар гарсан нь их зантай, яравгар юм шиг харагдсан байна лээ.

-Мөн В.Оюутай хамтарч поп опера дуу дуулсан шүү дээ. Энэ талаар?

-Би поп опера чиглэлээр дуулах сонирхолтой болохоор зүгээр байхгүй хүн бүрийн үзэх дуртай “Сувдан эрэг” киног үзнэ. Тэгээд хайр дурлал гэж ямар гоё юм, кино болон дууг нь яаж ингэж гоё хийдэг юм бэ гэж бодлогоширдог байсан. Киноноосоо илүү дуу нь их таалагдсан. Энэ дууг Сара Брайтмин, Александра Сапино хоёр италиар дуулсан нь таалагдсан учраас монголчууд ч гэсэн гоё дуулж болно. Сонгодог бүтээлийг коворлоод дуулдаг. Би ч гэсэн өөрийнхөө хувилбараар дуулж үзэхийг бодсон. Тиймээс Оюу англиар, би италиар дуулсан. Ер нь дуурь итали хэлтэй тохиромжтой байдаг болохоор байх ёстой зүйлээр нь байлгая гээд италиар дуулсан. Оюу 2017 онд “Авьяаслаг монголчууд”-д ороод III шатандаа нэг дуу дуулахад ямар гоё дуулдаг юм бэ гэж бодож байна. Мөн манай хөгжим, бүжгийн коллежийн төгсөгч болохоор хамтарч дуулах санал тавихад зөвшөөрсөн. Бид хоёр энэ дуугаа гурван жил дарсан. Voice-т хоёулаа Д.Отгонбаяр дасгалжуулагчийн багт орсон. Би үүнийгээ бас билэгшээдэг. “Чи тэнд байх болно” дууг хий дарж байхаар гээд хадмал орчуулгатай цахимд тавьсан чинь хүмүүс сайхан урам өгч байна лээ. Клипжүүлээрэй гэсэн, нэгэнт эхэлсэн юм чинь дуусгана гэж бодож байгаа.     

-Найрал дуучнаас гоцлол дуучин болно гэдэг их шалгуур давна биз?

-Хэцүү. Найрал дуунд олуулаа дуулдаг. Нуулгүй хэлэхэд дүрд тоглох юмсан гэж яардаг байсан. Манай дуурийн театрын найрал дуу сайн, би Дашбямба, Отгонбаатар багшдаа баярлаж явдаг. Намайг 1-2 минут хоцроход яагаад хоцроод байна, больж болно шүү, урлаг хүнээр дутахгүй шүү гэх нь ажлаасаа хоцорч болохгүй улам хичээх ёстой юм байна гэдгийг сургаж, хүмүүжүүлсэн. Өнөөдөр тантай уулзахдаа хүртэл цагаа баримталсан нь багш нарын минь гавьяа. Хүн ер нь алдаж байж суралцдаг гэж боддог. Хэрэв хоцрох гээд байвал 20-30 минутын дараа очно гэдгээ хэлдэг болохыг хичээж байна.

-Дашчанравын цаашдын зорилго?

-Би дуурийн туслах дүрүүдэд дуулж байгаа. Моцартын “Увидаст лимбэ” дуурийн Моностатос, “Хөхөө Намжил” дуурийн дуганч гэсэн 5-6 туслах дүр бүтээсэн. Миний зорилго гэвэл гол дүрд тоглох туйлын хүсэл эрмэлзэлтэй байгаа. Манай дуурийн театр залуучуудаа их дэмждэг. Өнөөдөр гэхэд “Севилийн үсчин” дуурийн Алмавивагийн дүрийг сайн гаргахыг маш их хүсч зорьж байна. Хэцүү ч чадахын төлөө хичээж байгаа. Бусдын адил том мөрөөдөл байгаа ч хийх л хэрэгтэй. Гавьяат Г.Ариунбаатар, Э.Амартүвшин ах нараасаа үлгэр жишээ авч ухаарч, хичээж байна.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Р.Оюун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-12-21 16:52:39
    Сайхан цомог гарнаа.Хүлээцгээe
    162.158.202.243
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-12-20 14:11:52
    Жаахан сумтай гар уу
    162.158.118.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-20 13:24:55
    Mongoliin Luchiano Pavoriti bolno shu
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • gan 2020-12-20 05:46:47
    PSY гэж бодлоо. .. гэж
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах