
Эрчим хүчний яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ням гарагт хуралдаж, иргэд ААН-үүдийн цахилгаан дулааны үнийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл төрөөс даах шийдвэр гаргаснаа танилцуулсан. Үүнээс үүдэн цахилгааны ачаалал огцом нэмэгдсэн. Иймээс Эрчим хүчний яамнаас Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан цахилгааны төлбөрийг өнгөрсөн оны мөн үеийнхээс илүү гарсныг хэрэглэгч өөрөө төлөх зохицуулалт хийнэ гэдгээ лхагва гарагт мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг төрөөс даахтай холбогдсон журам хэрэгжиж эхэлсэн гэдгийг мэдэгдлээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Цахилгаан дулааны төлбөрийг энэ оны арванхоёрдугаар сарын 1-ээс ирэх оны долдугаар сарын 1 хүртэл төр даахтай холбогдуулан гаргасан журмыг Хууль зүйн яаманд бүртгүүлэх ёстой. Бүх нийтээр дагаж мөрдөх журам учраас ийнхүү бүртгэлээ албан ёсоор хийлгэсэн. Иймээс энэ журам хуульд нийцсэн учир хэрэгжүүлж эхэлнэ” гэлээ.
Мөн журам гарах мэдэгдэл хийснээс хойш буюу лхагва гарагаас эхлэн эрчим хүчний хэрэглээ хэвийн горимд шилжсэн гэдгийг салбарын сайд мэдэгдлээ
О.ОНОН
Оллоо.мн