ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлэгт гарсан голомтод 18 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт  9070 хүнд шинжилгээ хийснээс 18 тохиолдол нэмж бүртгэгдлээ.  Илэрсэн 18 тохиолдол нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт гарсан голомтоос илэрлээ. Баянзүрх дүүргийн эмнэлэгт эмч, ажилтан, өвчтөн нийлсэн 379 хүнийг тусгаарлаад байгаа. Голомтоос хүн ардынхаа дунд тархаахгүй байх тал дээр арга хэмжээ авч ажиллаж байна.  Мөн эмнэлэгт тусгаарлагдсан хүмүүсийн ар гэрийнхнийг гэрт нь тусгаарлаж, ойрын хавтьлуудыг хяналтандаа аваад байна.

 Улаанбаатарт нийт 163 тохиолдол боллоо. Сэлэнгэд 216,Орхонд 25, Дархан-Уулд 45, Архангайд 3, Дорноговьд 32, Говьсүмбэрт  4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.  Дотоодын нийт тохиолдол 488 боллоо.

Арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Франкфурт-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 173 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.

  Өнөөдөр 89 хүн эдгэрч Яармагийн эмнэлэг рүү  шилжлээ. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 941, эдгэрсэн 473 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт 459 хүн эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс хөнгөн 423, хүндэвтэр 32, хүнд 3, маш хүнд 1 гэсэн үнэлгээтэй байна" гэв.

 
С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus