Хүмүүнлэг боловсролыг хуульчилна
Үндсэн хуульд хүмүүнлэг энэрэнгүй, иргэний ардчилсан нийгэм гэж тодорхойлдог. Тодорхойлолт дахь хүмүүнлэг гэдэг ямар утга илэрхийлдэг вэ? Бидний өдөр бүр шахуу сонсдог танил боловч танил бус үг. Хүмүүнлэг гэдэг нь  өрөвч, нинжин, энэрэнгүй гэх утгаар тодорхойлогджээ. Хүмүүнлэгийн ухаан гэдэг түүх, сэтгэл зүй, хэл шинжлэл юм гэх тодорхойлолт ч байна. Ямартай ч ирэх өдрүүдэд бид хүмүүнлэг байхын тухай, хүмүүнлэг боловсролын тухай багагүй сонсоно. Учир нь УИХ-ын зарим гишүүдийн санаачлан өргөн барьсан Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн байнгын хороо чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн судалгаанаас үзэхэд 2017 онд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 77.1, 2018 онд 76.6 хувь нь 15-40 хүртэлх насны залуучууд байна. Түүнчлэн 2018 онд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 45.7 хувь нь бүрэн дунд боловсролтой, 17.5 хувь нь дээд боловсролтой иргэд байгаа юм.

Эндээс залуучууд их, дээд, тусгай дунд сургууль төгсөж оюуны өндөр боловсрол эээмшиж байгаа боловч зан харилцаа, мөс чанар, ёс жудаг, хүмүүжил, хүндлэл, тэвчээр зэрэг хүний зан үйлийн сайн чанаруудыг эзэмшихэд чиглэсэн сургалт, боловсрол олгох үйл ажиллагаа хангалтгүй байгаагаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал их байна гэсэн дүгнэлт гарч байгаа юм.

Иймд энэ байдлыг арилгах, иргэдийн хүнлэг чанар, дотоод сэтгэлийн боловсрол, төлөвшлийг сайжруулах зорилгын үүднээс Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хувь хүний суурь зан чанарууд болох хүнлэг, хүндэтгэлтэй, шударга, хариуцлагатай байх байдал алдагдахаар мөс чанаргүй хүмүүс олширч, хүчирхийлэл ихэсдэг. Энэ байдлыг таслан зогсоохын тулд төрөөс иргэдийн хүмүүнлэг боловсролыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг системтэй, тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Монголчуудын оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудал үндсэндээ орхигдсон учраас энэ асуудлыг төрийн бодлого болгон бүх шатны сургалтын хөтөлбөрт хуульчлан тусгах шаардлагатай байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд юуны түрүүн хүн байхын ухаан суулгах, цаашлаад бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүнлэг чанар, сэтгэлийн боповсролыг төлөвшүүлэхэд чиглэсэн хичээлийг оруулах хэрэгтэй нь эрдэмтэн мэргэдийн судалгаа, шинжилгээгээр нотлогдсон байна.

Эрдэмтэд хүн болох үе шатыг 1-3 насыг би өөрөө үе, 4-6 насыг даган дуурайх үе, 7-11 насыг өөрийгөө эрж хайх үе, 11-16 насыг өөрийгөө бий болгох үе, 16-18 насыг өөрийгөө илэрхийлэх үе, 18-25 насыг иргэн болох эхний үе гэж тодорхойлсон байдаг.

Хүүхдийг эх орон, ээж аав, элгэн саднаа хайрлах, дээдлэх учир утгыг ёсчлон сахиулж сургах, хүний жудагтай, хайр энэрэлтэй, найз нөхрөө эрхэмлэдэг, тэсвэр тэвчээртэй, аливаа атаа жөтөө хийрхлээс ангид, ямагт өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, алдахгүй байхыг хичээдэг зан төлөвт сургах, хувь хүний унаган төрөлх шинж, зан төлөвийг бага наснаас нь тандан илрүүлж, хойшид баттай суулгах нөхцөлийг бий болгоход энэхүү хуулийн төсөл чиглэгдэх юм.

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хууль нь хувь хүн хүүхэд наснаас ахмад буурай болтол зан төлөв, ёс зүй, бие бялдраа хөгжүүлэх, энэ чиглэлээр гэр бүл, сургууль, цэцэрлэг, төрийн захиргааны бүх шатны байгууллага, нийгмийн үүсгэл санаачилгын нийт байгууллагын хүлээх үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.

Хууль хэрэгжсэнээр хүн хүнээ хайрлах, хүндэтгэх, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах зан чанар төлөвшиж, бие бялдрын хөгжилтэй, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийн тоо нэмэгдэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас үүсч буй хохирол багасах, байгаль хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон үргүй зардал буурах, иргэдийн нийгмийн хариуцлага сайжрах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг олон үр дагавар гарах болно.
 
О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-12-16 13:59:58
    Хуулиар боловсрох уу?! Баахан утгагуй, хэрэггуй хуулиуд!!!
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнх 2020-12-16 03:38:00
    Баяр, Баярцогт ... гэх мэт хүмүүс хүмүүнлэг хүмүүжилтэй юу? Наад хуулийн төсөл чинь үүнд хариу өгөхөөс эхлэх хэрэгтэй.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • баяр 2020-12-16 03:25:13
    өнгөрсөн "? жилд хог дээр хаягдсан зүйл ч мөн, хэрэгжүүлж чадвал хамгийн чухал юм ч мөн. манай монголчуууд юмыг маш их хугацаа алдаж ойлгож хэрэгжүүлэх юм даа
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • а 2020-12-16 02:33:03
    Өлсгөлөн, ажилгүй, залхуу хүнд хичнээн зан харилцаа, мөс чанар, ёс жудаг, хүмүүжил, хүндлэл, тэвчээр яриад яахав дээ. Хулгай хийж л амьдарч таарна..
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-16 00:44:43
    Хүмүүнлэг иргэний нийгэм сонсоход сайхан үг болохоос зах зээлийн нийгэмд ийм байж чадах уу нөгөө соц-оос үлдсэн үг бус уу
    162.158.167.49
    Мэдэгдсэн Хариулах