Компаниуд мөнгө төвлөрүүлдэг ч нөхөн сэргээлтээ хийдэггүй

БОАЖЯ-ны төрийн сангийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд 2006 оноос одоог хүртэл нийт 1135 аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгаа болгон 17.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Энэ дүн 14 жилийн хугацаанд төвлөрсөн. Жилд нэг аж ахуйн нэгж 30-40 орчим сая төгрөг төвлөрүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулснаар тухайн жилд нөхөн сэргээх талбайн хэмжээгээ тогтоож тэр хэмжээгээр мөнгө төвлөрүүлдэг ч нөхөн сэргээлтээ хийдэггүй. Яагаад хийдэггүй нь олон шалтгаантай аж. Тухайлбал, уурхайн үйл ажиллагаа явагдаж нэг мөсөн хаасны дараа нөхөн сэргээлтээ хийж, анх байснаар нь газрыг хүлээлгэж өгсний дараа жил бүр нөхөн сэргээлтэд буюу барьцаанд байршуулсан мөнгөө буцаан авдаг хуультай холбоотой. Учир нь нэг уурхай олборлолт хийж эхэлснээс хойш дор хаяж 5-10 орчим жил болдог. Тиймээс жил бүр нөхөн сэргээлт хийх сонирхолтой компани тэр бүр байдаггүй. Нөгөөтэйгүүр, хуульд жил бүр эвдэгдсэн талбайгаа нөхөн сэргээх үүрэгтэй ч хэрэгждэггүй. Уурхай нь хаагдсан ч нөхөн сэргээлтээ хийхгүй хаяад явдаг компани олон. Харин хаяад явсан талбайг нөхөн сэргээх ажил улсын ажил болж үлддэг байна.

2017, 2018 онд бүх аймагт зохион байгуулсан эвдэрсэн газрын тооллогоор улсын хэмжээнд 33 мянга гаруй га газар эвдэгдсэнээс уул уурхайн ашиглалтын улмаас 24 мянга гаруй га газар эвдэрснийг тодорхойлжээ. Үүнээс 1500-гаад байршлын 8000 гаруй газрыг нөхөн сэргээх шаардлагатай байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газрын  Экологийн цагдаагийн алба хамтран “Нөхөн сэргээлт-2020 ерөнхий арга хэмжээ”-г энэ оны долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний  хооронд гурван үе шаттай зохион байгуулсны үр дүнгээр тогтоожээ. Мөн энэ онд 21 аймгийн 197 сум, нийслэлийн зургаан дүүргийн нутагт 30 мянга гаруй га газар эвдэгдсэнээс нөхөн сэргээх шаардлагатай 7000 гаруй га газар байгааг шинэчлэн тогтоосон байна. Улаанбаатар, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай аймгийн эвдэрсэн газрын талбайн хэмжээ хамгийн их. Засгийн газрын 2020-2024 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Дээрх тооллогоор Улаанбаатар хот, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай аймгийн эвдэрсэн газрын талбайн хэмжээ хамгийн их байна.

БОАЖЯ-ны Төрийн сангийн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлсэн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн 2004-2020 оны есдүгээр сарын мэдээлэл.

Мөн БОАЖЯ-ны Төрийн сангийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд байршуулсан нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгөөр “Эм Жи Эйч” компанийн эзэмшиж байгаад цуцлагдсан Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших MV-009258 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий эвдрэлд орсон нөхөн сэргээлт хийгээгүй орхисон 40.62 га талбайгаас 10 га талбайн техникийн нөхөн сэргээлтийг тус компанийн тусгай дансанд байршуулсан нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болох 84 сая төгрөгөөр хийлгүүлжээ.

Түүнчлэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил газар авах хандлагатай байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг, улсын тусгай хамгаалалттай “Говь гурвансайхан” байгалийн цогцолборт газар болох Хувын гол нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа мэдээллийн дагуу БОАЖЯ-ны ажлын хэсэг газар дээр нь ажиллаж хууль бусаар ухаж орхисон 1604 нүх /шруф/ бүхий 11 га газар, аймгийн Цагдаагийн газрын 10 албан хаагчийн хамгаалж буй байдалтай танилцаж харуул хамгаалалтад шаардлагатай байгаа 13.7 сая төгрөгийг аймгийн Байгаль хамгаалах сангаас шийдвэрлүүлж нөхөн сэргээлтийн ажлыг яаралтай зохион байгуулахаар болсон байна. Үүний дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, БОАЖГ-аас газрын нөхөн сэргээлтийг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос 120 сая төгрөгийг зарцуулахаар тусгасны дагуу тендер зарлаж Өмнөговь аймгийн “Бичил уурхай эрхлэгчдийн холбоо” ТББ-аар нийт 21.5 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийлгүүлж орон нутагт актаар хүлээлгэн өгчээ. Мөн Говь-алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Их говийн дархан цаазтай газрын А хэсэгт хувиараа ашигт малтмал олборлогч иргэд олноор цугларан хууль бусаар олборлолт хийж байгааг таслан зогсоох талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байгаа аж.

Уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрч, хаягдсан 8000 га талбай зөвхөн алтны  ордуудынх бус нүүрс, төмрийн хүдэр, жоншны ордынх байдаг байна. Нүүрсний компаниуд ухаж гаргасан карериудаа дүүргэж техникийн нөхөн сэргээлт хийе гэвч уулын шороогоор дүүргэхээс өөр арга байдаггүй юм байна. Тиймээс бүрэн ашиглаж дууссаны дараа уурхайг хаах үеийг хүлээхээс өөр аргагүй. Харин сүүлийн үед алтны компаниуд  нөхөн сэргээлтээ бусад ордоос түлхүү хийдэг гэж БОАЖЯ-ны мэргэжилтэн онцолж байв. Цаашид салбар яамнаас  нөхөн сэргээлтийн барьцаа мөнгийг жилд 1-2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ? 2020-12-15 01:53:53
    ЦЕГ-ын Байгаль орчны хэрэг бүртгэх хэлтэс гад. хөрөнгө оруулагчийг нөхөн сэр.хийсэнгүй гэж эрүүгээр шантажлаж байж их мөнгө гаргуулсан, мөнгөө яасныг мэдэхгүй?
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах