
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хориод байгаа. Тэгвэл уг асуудлаар ОУПХ хуралдаж, Ж.Эрдэнэбатын эрхийг гурван үндэслэлээр зөрчсөн гэж үзжээ
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Энхболд “Энэ асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор энэ асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцсэн. Шүүх, прокурорын байгууллагад хүсэлт хүргүүлсэн. Одоогоор хариу нь ирээгүй байна. Халдашгүй байдал зөрчигдсөн гэж үзэж байгаа.
ОУПХ парламентчдын эрх нь зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавиад хэрэв эрх зөрчигдсөн гэж үзвэл хэрэг нээж шалгадаг. Энэ дагуу гэр бүлийнхэн болон манай намаас ОУПХ-нд бичиг явуулсан. Тодорхой ажлын хэсгүүд нөхцөл байдалтай газар дээр нь танилцдаг хууль журмын дагуу явж байгаа. ОУПХ УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй байдал нь хуулиар хамгаалагдсан байтал ийн баривчилсан нь хууль зөрчигдсөн байна гэж үзээд хэрэг үүсгээд явж байна” гэлээ.
Олон Улсын парламентын холбоо нь 1889 онд Франц улсын Парис хотноо байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 169 парламент, бүс нутгийн 11 байгууллагыг эгнээндээ нэгтгээд байна. ОУПХ нь улс орнуудын парламент, парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх; олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж, зөвлөмж, тогтоол гарган, парламентуудын үйл ажиллагааг энэ чиглэл рүү хандуулах; парламентын үйл ажиллагааг сайжруулах болон түүний салшгүй хэсэг болох хүний эрхийг сахин хамгаалахад хувь нэмэр оруулах зэрэг үндсэн зорилго бүхий байгууллага юм.
О.ОНОН
Оллоо.мн