
Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Даваа гарагаас 34 төрлийн үйлчилгээний газар хэвийн ажиллаж эхэлнэ
Долоо хоногийн лхагва Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов. Мөн Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд тогтоосон зэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06.00 цаг хүртэл 10 хоног сунгах нь зүйтэй гэж үзлээ. Нийслэл болон дээрх аймгуудад гурав хоногийн хугацаа дуусмагц Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлэхээр болсон юм. Төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллах горим, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах хүрээг тогтоон, халдвар хамгаалал, хөл хорионы дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг бүх шатны Онцгой комисст үүрэг болгов.
Мөн ирэх даваа гарагаас 34 төрлийн үйлчилгээний газар хэвийн ажиллаж эхэлнэ. 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цагт ажиллана. Шар айраг, дарс худалдах, автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг зөвшөөрлөө.
Тусгай үүргийн нислэг хийх шийдвэр гаргав
Улсын онцгой комиссоос өнгөрсөн долоо хоногт энэ сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийх шийдвэрийг гаргалаа. Энэ нислэгээр өнгөрөгч арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг хамруулна.
Тусгаарлах байрны нөөцөд тулгуурлан:
12 дугаар сарын 16-нд УБ-Франкфурт,
12 дугаар сарын 20-нд УБ-Токио,
12 дугаар сарын 25-нд УБ-Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
Мал тооллого энэ сард багтаан хийнэ
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 07-17-ны хооронд улсын хэмжээнд жилийн эцсийн мал тооллогыг зохион байгуулдаг. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана. Энэ дагуу Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан мал, тэжээвэр амьтдын тооллогыг энэ сард багтаан хийхээр болов.
Нөхцөл байдлыг харгалзан тухайн үед нь холбогдох хуулийн дагуу зохион байгуулахыг Үндэсний статистикийн хороонд зөвлөлөө. Статистикийн тухай хууль, Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор мал, тэжээвэр амьтны тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд явуулж ирсэн юм.
О.ОНОН
Оллоо.мн
Нөхцөл байдлыг харгалзан тухайн үед нь холбогдох хуулийн дагуу зохион байгуулахыг Үндэсний статистикийн хороонд зөвлөлөө. Статистикийн тухай хууль, Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор мал, тэжээвэр амьтны тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд явуулж ирсэн юм.
О.ОНОН
Оллоо.мн