
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Төсөл дээр байгаа ч дэмжигдээгүй нэг санал байгаа. Энэ нь улс төрийн намууд сумын ИТХ-д нэр дэвшигч өрсөлдүүлэхгүй байхтай холбоотой заалт. Энэ ажлын хэсгээс дэмжигдээгүй юм байна. Энэ бол реформ болж чадахаар заалт байсан. Үүнийг намуудын хуульд тусгаж болно гэсэн байна. Тэгэхээр яг ямар байдлаар хуульд тусгаж, суманд улстөржих асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Улс төрийн намын суман дахь үүрэг оролцооны асуудал сүүлийн жилүүдэд нэлээд яригдаж байна. Иргэд судлаачид суман дахь улс төрийн намын үүрэг оролцоог хумих асуудал дээр санал нэгддэг. Гэхдээ улс төрийн намууд үүнд бэлэн байна уу, гэдэг нь эргэлзээтэй. Нэгжийн хуульд улс төрийн намын асуудлыг оруулахаар хуулийн зохицуулах гэж байгаа харилцаанд асуудал үүснэ.
О.МОЛОР
Оллоо.мн