Төрийн шийдвэр амьд явах эрхийн ''дээр'' байна

Дэлхий нийтээр цар тахалтай нүүр тулсан хүндхэн цаг үеийг туулж байна. Нийтийн эрүүл мэндийг хамгаалах энэ эгзэгтэй үед ард иргэд төрийн ямар ч шийдвэрийг үг дуугүй биелүүлж, дэндүү хүлцэнгүй байгаа. Энэ хугацаанд эрхээ нэхэж дуугарахаас илүү эвлэрч, дасан зохицож ирэв. Гэтэл хатуу чанга хөл хориогоор далимдуулж хүний эрхийг уландаа гишгэх, ялгаварлан гадуурхах үйлдэл хэрээс хэтэрч алхам тутам гарах боллоо. Тэр бүү хэл төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй шийдвэр, хариуцлагагүй алба хаагчдын балгаар эрдэнэт хүний амь нас эрсдэв. Аюулт цар тахлаар биш төрийн шийдвэр хүний амьд явах эрхийг хязгаарласан кейсээр Монгол Улс олон улсын хүний эрхийн өдрийг угтлаа. 

Улс орнууд жил бүрийн энэ өдөр хүний эрхийг хамгаалахад ямар хүчин чармайлт, амжилт гаргаснаа тайлагнадаг бол манай улс хэдэн байраар ухарсан үзүүлэлтээ харж суух нь. Уг нь НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллагууд цар тахлын хөл хорионы үед хүний эрхийг зөрчихгүй байх талаарх анхааруулга, зөвлөмжийг хангалттай өгч ирсэн.

Гэвч хүний эрхийг хамгаалахад хүчин чармайлт гаргах нь битгий хэл ХЭҮК-ын дэвшүүлсэн илтгэлийг сөхөж харах сэтгэл, мэдрэмжгүй эрх баригчдын үг, үйлдлийн зөрүү COVID-19 хөл хорионы хэдхэн хоногт тодорч гарч ирэв. ХЭҮК-т 2020 он гарсаар 670 гомдол ирснээс 68 нь COVID-19-тэй холбоотой. Энэ онд  хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  26 зөвлөмж хүргүүлснээс  тав  нь арваннэгдүгээр сард, хүний эрхийн зөрчлийг арилгуулах таслан зогсоох чиглэлээр 27 шаардлага хүргүүлснээс гурав нь мөн энэ сард байна.

УОК эмнэлгийн гамшгийн хэлбэрийн арга хэмжээ авахдаа хүний эрхийг хязгаарлахаас хориглож болохгүй хэмээн эрсдэлийг урьдчилан тооцож зөвлөхийн тулд ХЭҮК УОК-ын ажлын албаны бүрэлдэхүүнд орох саналаа 14 хоногийн өмнө хүргүүлсэн ч хүлээж аваагүй аж. Салбар хоорондын зааварчилгаа ойлгомжгүй, уялдаагүй, нээлттэй биш байгаагаас иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар арваннэгдүгээр сарын 18-наас хойш дөрвөн санал, зөвлөмж хүргүүлсэн ч “хүндэтгэлтэй хандаж байна” гэдгээс өөр хариу аваагүй байна.

Дотоодод COVID-19 анх илрэхэд төрийн байгууллага халдвар авсан иргэний нэр, зураг, регистрийн дугаар бүхий хувийн мэдээллийг нийтэд “цацсан”-аас тухайн хүнийг нийгэм даяараа үзэн ядаж, жигшсэн.Үүний уршгаар халдвар авсан иргэн сэтгэлээр унах, ойр хавийнхан нь давхар гадуурхагдах эрсдэл бий болсноос дараагийн хүмүүс маршрутаа нуух зэргээр хумих нь битгий хэл улам тархах нөхцөл байдлыг бий болгосон.

Мөн халдваргүй нь батлагдаад тусгаарлалтаас гарч ирсэн дөрөв, 17 настай хүүхдүүдийг орцныхон нь гэрт нь оруулахгүй гадуурхаж хөхөө өвлийн хүйтэнд хэдэн цаг гадаа зогсоосон харгис үйлдэл гарлаа. Хүүхдүүд энэ талаар СӨХ-ны даргадаа хэлсэн боловч “Дээрээс оруулахгүй бай гэсэн тушаал ирсэн учраас гэр бүлийн бусад гишүүнийг эмнэлгээс гарч иртэл оруулахгүй” гэж мэдэгджээ.

Эмнэлэгт хэвтэж байсан ээж нь олон нийтэд мэдэгдээгүй бол хэр удахыг таашгүй. Энэ үед хүүхэд хамгааллын төв том охин нь хэд хоногийн дараа 18 хүрэх тул авах боломжгүй гэснийг хэвлэлүүд мэдээлж байв. Тусгаарлалтаас гарах үед нь бага насны хоёр хүүхдийг харж хандах хүн байгаа эсэхэд хэн ч анхаарал хандуулаагүй нь эндээс харагдаж байна.

Хамгийн ноцтой нь COVID-19 халдварын дэгдэлтийг хумих нэрийн дор Үндсэн хуулиар олгосон хүний эрх, эрх чөлөөг зөрчиж амьд явах эрх тамгатай цааснаас хямдхан болсныг хоёр хоногийн өмнө гарсан жишээ харууллаа. Тодруулбал, хөдөө орон нутгаас ирсэн иргэд төрийн хоёр өөр шийдвэр, алба хаагчдын нэгдсэн ойлголт зохион байгуулалтгүйгээс 22-ын товчоон дээр тээврийн хэрэгсэлд хонон өнжин дугаарлахдаа эрүүл мэндийн үйлчилгээ авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарав. Товчхондоо, Архангай аймгийн онцгой комисс түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэн хот руу орж болно хэмээн иргэдээ явуулсан. Гэтэл  22-ын товчоон дээр ирэхэд нь заавал ПСР шинжилгээний хариуг үндэслэнэ хэмээн оруулаагүйгээс иргэн эмнэлгийн тусламж дуудаад ч авч чадаагүй байгаа юм.

Гэтэл төрийн хоёр байгууллагын хариуцлагагүйгээс болсон энэ үйлдэлд өнөөдөр хэн ч хариуцлагагүй хүлээсэнгүй. Улсын онцгой комисс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлээд асуудал намжих бололтой.

Мөн тусгаарлалтаас гарсан иргэдийг гэрийн ажиглалтад хянахын тулд хаалган дээр нь тэмдэг наасан. Өөрөөр хэлбэл, энэ гэрт халдвар тараах эрсдэлтэй иргэн амьдарч байгаа гэсэн тэмдгийг төр нь дарж, бусдад гадуурхагдах нөхцлийг бий болгож байгаа юм. Энэ мэтээр Монголын төр хүний эрхийн мэдрэмжтэй, зөв бодлоготой ажиллахгүй бол мөд олон улсад хар “тамга” даруулах бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus