Үзэл бодлыг баримт мэтээр мэдээлсэн агуулга давамгайлжээ

Ардчиллын төлөө үндэсний сан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр иргэдэд хүрсэн мэдээлэлд мониторинг хийжээ.  Судалгааны үр дүн танилцуулж, зөвлөмж гаргалаа. Уламжлалт хэвлэл мэдээлэл, цаг үеийн мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үед хэрхэн ажилласан талаар судалсны зэрэгцээ хамгийн их дагагчтай групп, пэйж хуудсанд цацагдсан мэдээллүүдийг судалгаандаа ашигласан гэдгийг Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс онцлов.  Судалгааны үр дүнгээс онцлон хүргэж байна.

Фэйсбүүкийн мэдээллийн 80 хувь нь баримтгүй байв

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд фэйсбүүкээр түгээсэн, сонгуультай холбоотой мэдээллийн 80 гаруй хувь нь ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл байжээ.  Эдгээрээс зөвхөн 20 орчим хувь нь нам, нэр дэвшигчийн нэр, лого бүхий хууль ёсны сурталчилгаа байна. Сонгуультай холбоотой бүрэн бус, гуйвуулсан, төөрөгдүүлсэн, худал мэдээллийг олон хүний анхааралд хүргэхийн тулд ашиглаж буй арга техникийг бүртгэж ангилбал 10 гаруй төрлийн, бусад улс оронд ч түгээмэл ашигладаг арга ажиглагдаж байна. Эдгээрээс фэйсбүүк хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлөөр тоглохын тулд хэтрүүлэх, хэт ерөнхийлөн хялбаршуулах, шоолох, гоочлох, эрс тэс зүйлсийг харьцуулах, сэтгэл хөдлөлөөр баримтыг бүдгэрүүлж дарах зэрэг техникийг хамгийн түгээмэл ашиглаж байв. Үүний дараа хэн нэгний үзэл бодлыг баримт мэтээр тунхаглах арга орж байна.

Сурталчилгааны давтамж сонины агуулгад нөлөөлөв

Өдөр тутмын сонинд сонгуулийн мэдээлэл, сурталчилгаанд зориулах зай талбай багасаж буйг 2016 оны сонгуулийн мониторингоор тогтоосон . Энэ хандлага 2020 оны УИХ-ын сонгуулиар үргэлжилжээ.. Сонгуультай холбоотой нийт мэдээлэл, сурталчилгаанд зориулж буй талбайн хэмжээ багасаж буй нь юу түрүүнд сонгуулийн сурталчилгааны давтамж багасаж буйтай шууд хамааралтай байна. Парламентын гурван удаагийн сонгуулиар сонгуулийн сурталчилгааны давтамж 2012-2020 онд 75 хувиар буурчээ. Тухайлбал, 2012 онд өдөр тутмын сонины нэг дугаарт дунджаар зургаан сурталчилгаа байршуулж байсан дөрөв болон 2020 онд энэ тоо дунджаар 1.5 болжээ. Сонгуультай холбоотой сэтгүүл зүйн бүтээлийн тоо төдийлөн өөрчлөгдөөгүй боловч, сурталчилгааны хувь хэмжээ багассаны улмаас сэтгүүл зүйн бүтээлийн эзлэх хувь хэмжээ ихэссэн мэт харагдаж байна.

Сонгуулийн талаарх товч мэдээ давамгайлжээ

Сонгуулийн талаарх сэтгүүлзүйн бүтээлийн 58 хувь нь товч мэдээ, 32 хувь нь өгүүлэл, долоон хувь нь ярилцлага, нэг хувь нь сурвалжлага байв.  Сонинуудын хувьд сонгуультай холбоотой сэтгүүлзүйн мэдээлэлд өмнөх сонгуулийн үеийнхтэй адилаар зөвхөн нэг эх сурвалжид тулгуурласан мэдээлэл давамгайлсан байна. Түүнчлэн баримтад тулгуурласан сэтгүүл зүйн бүтээлийн хэмжээ 2012 онд 65 хувь байсан бол 2020 онд 23 хувь болтлоо буурчээ. Эсрэгээрээ, баримт, үзэл бодлыг зааглаагүй, өөрөөр хэлбэл үзэл бодлыг баримт мэтээр мэдээлсэн бүтээлийн давтамж 2012 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн байна.

Голлох сэдэв

Төөрөгдүүлсэн, дэгсдүүлэн, бүрэн бус, мэдээлэлд ашигласан түлхүүр үгсээр голлох сэдэв, асуудлыг багцлахад “Шүүх”, “баривчлах”, “хорих”, “луйвар”, “ЖДҮ”, “МАНАН бүлэглэл”, “Мөнгө” (тараах, угаах) зэрэг үгс хамгийн олон ашиглагдсан байв.Эдгээр нь гол төлөв Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, нэр дэвшигч Н.Номтойбаярыг баривчлах, шүүх үйл явцтай холбоотой, ерөнхийлөн дүгнэсэн мэдээлэл, мөн ЖДҮ-г дэмжих сангаас хэн мөнгө авсан тухай аль нэг талыг буруутгасан мэдээлэл байв. Өөрөөр хэлбэл нийгэмд тулгамдсан асуудал, бодлого, шийдвэр, хэрэгжилтийн талаар гэхээс илүүтэй хэрэг зөрчлийг улс төрийн зорилгоор ашиглах, талцуулах, өрсөлдөгч талын нэр хүндийг бууруулах агуулга, сэдвийг чухалчилж байв.

Гэрэл зураг

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр фэйсбүүкээр цацагдсан мэдээллийн 17 хувийг гэрэл зураг ашигласан пост эзэлж, түгээмэл хэлбэрийн хоёрдугаарт жагсаж байна. Бусдад хор учруулахуйц, мушгисан, гуйвуулсан, бүрэн бус, нотолгоогүй, төөрөгдүүлсэн мэдээлэлд хэн нэгний алдаа, хэрэг зөрчил, үйлдсэн гэх буруу зүйлийг талаарх, мөн улс төрийн амлалт, ашиг сонирхлын зөрчил зэргийн талаарх голдуу сөрөг мэдээлэлд гэрэл зургийг түгээмэл ашиглажээ.

Фэйсбүүк дэх хуурамч мэдээллийг твиттерт хэрхэн хэлэлцэв?

Судалгааны хүрээнд хамруулсан 800 орчим нэгж агуулгаас фэйсбүүк сувгаар хамгийн олон хүнд хүрсэн постуудыг твиттер хэрэглэгчид хэрхэн түгээж, хэлэлцэж буйг танджээ.  Фэйсбүүкт хамгийн олон хүнд хүрсэн постуудын дийлэнх нь видео форматтай байсныг дурдах нь зүйтэй. Харин твиттерт видео пост хийх, үзэж, түгээх боломжтой боловч видео хэрэглээ фэйсбүүктэй харьцуулахад төдийлөн их биш. Нөгөө талаар Монголд твиттерийн хэрэглэгчид фэйсбүүкээс цөөн буюу нийт хүн амын дөрөв орчим хувийг л эзэлдэг. Видео агуулга жиргээнд төдийлөн өргөн хүрээнд тархаагүйг судалгаанд дурьджээ.

Зөвлөмжид юу өгүүлэв

Улмаар танилцуулгын дараа судалгааны багаас зөвлөмж гаргалаа.  Тус зөвлөмжид, хэвлэл мэдээллийн орчин цахим технологийн улмаас өөрчлөгдөж, санаатай болон санамсаргүйгээр гуйвуулсан агуулга мэдээллийн урсгалыг хүчтэй гажуудуулж буй өнөө цагт уламжлалт сэтгүүлзүйн хэм хэмжээ, хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэргэжлийн үйл ажиллагаанд олон төрлийн сорилт тулгарч байна. Санаатайгаар гуйвуулсан, зохиосон, дэгсдүүлсэн мэдээлэл худал, үнэний зааг ялгааг бүдгэрүүлж, сэтгүүл зүйд итгэх итгэлийг бууруулж, хэвлэл мэдээллийн ардчилалд гүйцэтгэх үүрэг хариуцлагын талаарх ойлголтыг сулруулж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчид худал, гуйвуулсан мэдээллийн тархалтын эсрэг мэргэжлийн хэм хэмжээг чандлан баримтлах, мэдээллийн чанарыг сайжруулах замаар тэмцэж нэр хүнд, итгэл үнэмшлээ дээшлүүлэх нь юу юунаас чухал байна. Үүний тулд редакцын үйл ажиллагааны зарчим, хэм хэмжээгээ тодорхой бөгөөд ил тод болгох, сэтгүүл зүйн бүтээлийн чанар, баримт нотолгоог хянах дотоодын шат дамжлага, үйл явцыг сайжруулах, алдаа гаргасан тохиолдолд залруулах, цаг үеийн мэдээллийн хөтөлбөрийн дундуур далд хэлбэрийн сурталчилгаа түгээхгүй байх хэм хэмжээг баримтлан ажиллахыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.