Шүүхийн тухай хуулийн төсөлд УИХ дахь намын бүлгүүд ямар байр суурьтай байна вэ?

Шүүхийн тухай хуулийн төсөл энэ долоо хоногийн байнгын хороо чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаад буй. Иймээс долоо хоногийн эхэнд уг асуудлаар УИХ дахь намын бүлгүүд Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, байр суриа нэгтгэсэн. 

Өнгөрсөн хугацаанд Шүүхийн тухай хуулийг өөрчлөхөөр гурван өөр хуулийн төсөл өргөн барьсан. Эхлээд Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай хуулийг өөрчлөх саналаа хүргүүлсэн.  Дараа нь ХЗДХЯ-наас боловсруулан Засгийн газраас бас нэг хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хамгийн сүүлд  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайдын ажлаа аваад удаагүй байхдаа Шүүхийн тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Улмаар ээлжит бус  чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй байсан Х.Нямбаатар сайдын өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн ч гишүүд дэмжлэгийг хүлээлгүй, буцаасан. 

Харин өнгөрсөн долоо хоногт  Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эргүүлэн татсан юм. Харин одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийг хэлэлцэх  эсэхийг энэ шийднэ.

Даваа гарагт АН-ын бүлэг “Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ болон шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг сонгох, томилоход УИХ дангаар оролцох ёсгүй. Хууль зүйн байнгын хороо дээрх томилгоог хийх нь шүүх засаглал бие даасан, хараат бус ажиллах зарчмыг алдагдуулж УИХ-аас хамааралтай болно. Энэ нь ардчилсан нийгэмд шударга шүүхээр үйлчлүүлэх иргэдийн эрх зөрчигдөх нөхцөл болно. Өөрөөр хэлбэл, төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдлыг алдагдуулна гэж гишүүд үзэв. Мөн Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнд шүүхийн нийт шүүгчид оролцох эрхтэй байх, шүүгч шүүгчдээ нөлөөлдөг байдлыг халах өөрчлөлтийг хуулийн шинэчлэлээр хийх шаардлагатай. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч танхимын бүрэлдэхүүнийг баталж, томилно гэж оруулсныг хасах зэрэг заалт оруулах нь зүйтэй” гэж үзсэн. 

Харин МАН-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдэх үеэрээ “ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хууль шүүхийн байгууллагуудын удирдлагыг албан тушаалаас нь чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Ийм агуулгатай хуулийн төслийг 13 гишүүн өргөн барьсан. Уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх улс төрийн үйл ажиллагаанд хэт хутгалдан оролцож байна. Үүнийгээ болих хэрэгтэй" хэмээн байрь сууриа илэрхийлсэн билээ. 

 

О.ОНОН
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.