Д.Галминж: Байден, Трамп хоёрын улс төрийн идеологи тэс өөр

“Зууны мэдээ” сонин Ярилцах цаг булангийнхаа зочноор энтрепренер, улс төр судлаач Д.Галминжийг урилаа. Тэрээр АНУ-ын Конгресст туршлага судалсан.  Конгрессмен, улстөрчидтэй хамтран хумхаа өвчний эсрэг тэмцсээр ирсэн бөгөөд Вашингтон Д.С.-д Бизнес, төрийн бодлогоор магистрын зэрэг хамгаалж буй юм.

 

Америкчууд COVID-19-ийн үед маш олуулаа  “шуудангаар” санал өгсөн нь “бүртгэлийн систем”-ийн хөгжлийг харуулж байна

 

-Дэлхий нийтэд өнөөдөр ч халуун сэдэв байгаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд ярилцлагаа эхэлье. Конгресст ажилласан хүний хувьд энэ удаагийн сонгуулийн онцлог, үр дүнг хэрхэн харж байна вэ.

-АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад их ээдрээтэй цаг үед боллоо. Гэхдээ сонгуулийн ирц нийт санал өгөх эрхтэй сонгогчдын 66.5 хувийг эзэлж байгаа нь 1900 оноос хойшхи түүхэнд болж байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт юм билээ. Мөн урьд өмнө тохиолдож байгаагүйгээр  олон тооны америкчууд коронавирусын улмаас “шуудангаар” санал өгч байгаа нь тухайн улсын “бүртгэлийн систем”  маш сайн хөгжсөнийг харуулж байна. Санал хураалтын эцсийн дүнг 158 сая гаруй гэж тооцоолж байгаа нь 2016 онд өгсөн 137 сая саналаас 20 гаруй саяар илүүрхэж, дээд амжилтыг тогтоосон гэсэн үг юм. Ерөнхийлөгчөөр сонгогдож буй Жой Байден ойролцоогоор 80 сая сонгогчоос  санал цуглуулж чадсан нь АНУ-ын түүхэнд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан нэр дэвшигчдийн цуглуулсан саналуудаас хавь илүү юм. Дональд Трампын хувьд энэ удаагийн сонгуульд 74 сая америкчуудын саналыг авсан нь 2016 онтой харьцуулахад өндөр үзүүлэлт болж чадсан гэх мэт онцлог шинжээр дүүрэн сонгууль боллоо.

-Хоёр ерөнхийлөгчийн улс төрийн идеологи ямар вэ. Эхнээсээ Жой Байденгийн багаа бүрдүүлж байгаа нь анхаарал татаж байна?

-Жой Байден болон Д.Трампын улс төрийн идеологи эсрэг тэсрэг. Энэ нь хүндээ гэхээсээ илүүтэй улс төрийн намуудын үзэл баримтлалтай холбоотой. Жой Байден  Ардчилсан намын либерал үзэл баримтлалтай. Манайхаар бол МАН-ын зүүн-төвийн идеологитой дөхнө. Д.Трампын хувьд БНН-ын консерватив буюу уламжлалт, хуучинсаг үзэл баримтлалтай намын гишүүн. Монголын улс төрийн намтай харьцуулвал баруун-төвийн идеологитой Ардчилсан намтай ойролцоо гэж хардаг. Суурь зарчим, хэлбэр агуулгын хувьд энэ хоёр үзэл аливаа бодлого дээр өөр өөрийн байр суурин дээрээ бат зогсож байдаг. Бодлого жагсаавал дуусахгүй учраас ганцхан жишээ дурдая. Эдийн засгийн бодлогын хувьд либерал идеологи нь нийгэмд баян чинээлэг, илүү орлого олж байгаа хэсэг нь илүү татвар төлж нийгмийн бусад бүлгээ авч явах учиртай. Өөрөөр хэлбэл, татвараас хуримтлагдсан мөнгийг аль болох нийгмийн халамжийг хөхиүлэн дэмжих, үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэх ёстой хэмээн үздэг. Харин консерватив үзэл нь татварыг бага хэмжээнд байлгах сонирхолтой. Эдийн засагт Засгийн газрын интерференц минимал түвшинд, төрийг цомхон байлгах, олон хууль журмыг халснаар шинээр бизнес эрхлэх таатай боломж бүрдсэнээр ажлын байр нэмэгдэх боломжтой учраас хууль дүрмүүд бизнесийг өргөжин тэлэхэд саад болно гэж үздэг. Тэгэхээр нийгмийн халамжийг хөхиүлэн дэмждэг Ардчилсан намын нэр дэвшигч Жой Байденгийн сонгуульд ялах болсон шалтгаануудын нэг нь яалт ч үгүй энэ цөвүүн цаг үед олон хүн халамж авах сонирхолтой холбон тайлбарлаж болно. Жой Байден Сенатор Харрисыг Дэд ерөнхийлөгчөөр сонгож багаа бүрдүүлсэн нь түүний ялалтад нөлөөлсөн мэргэн сонголт болсон. Учир нь өнгөт арьстан, цөөнхийн төлөөлөл, чадварлаг улс төрч Харрис маш олон эмэгтэйчүүдэд эерэгээр нөлөөлж, тэднийг Байденд санал өгүүлж чадсан гэж үзэж байна.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль шударга ардчилсан систем ямар байдгийг харууллаа гэдгийг Монголын хэвлэлүүд онцолсон. Гэтэл манай улсад парламент болон орон нутгийн сонгуулийн дүнг нам, эвслүүд одоог хүртэл хүлээн зөвшөөрөхгүй луйвар гэж үзэж хууль шүүхийн байгууллагад хандсаар байна. Үүнээс харахад сонгуулийн тогтолцоо талаас нь асуумаар байна. Шударга, ардчилсан сонгуулийн систем, тогтолцоог хэрхэн бүрдүүлэх вэ?

-АНУ-ын сонгуулийн системийг ойлгоход төвөгтэй гэцгээдэг. Гэхдээ тийм биш шүү. Ер нь олонхийн санал (popular vote) авч чадаагүй хэрнээ сонгогчдын коллеги (electoral college)-оор илүү олон санал авч ерөнхийлөгч болж чадсан эрхмүүдийг нэрлэвэл 1824 онд Жон Адамс, 1876 он Радерфөрд Хейз, 1888 он Бенжамин Харрисон, 2000 он Жеорж Буш болон 2016 онд Дональд Трамп байна. Сонгогчдын коллеги нь 538 мандат буюу үүнээс доод тал нь 270 саналыг цуглуулж чадсанаар ерөнхийлөгчийн болзлыг хангадаг. Зарим нь энэ 538 хаанаас гараад ирэв гэж гайхаж байгаа байх. АНУ-ын Конгресс хоёр танхимтай. Дээд танхимын 100 гишүүн, доод танхимын 435 гишүүн дээр нэмэгдээд Колумбын тойргийн гурван гишүүн нийлээд 538 гэдэг тоог хүн амынх нь тоон дээр үндэслэж бүрдүүлдэг юм билээ. Тэгэхээр энэ маршрутын дагуу  538 квотыг мужуудын газар нутгийн хэмжээ, хүн амд нь харьцуулан хуваадаг байх нь. Флорида болон Делэуэир мужийг харьцуулж жишээ татвал Флоридагийн хүн ам 21 сая, нийт 29 мандаттай. 29 гэдэг нь Флоридаг төлөөлж 27 гишүүн төлөөлөгчдийн танхимд суудаг ба нэг мужийг автоматаар хоёр сенатор төлөөлөх ёстой. Тиймээс нийлээд 29 квот энэ мужид оногдож байна. Өөрөөр хэлбэл, нэг мандат 741 мянган хүнийг төлөөлж таарна.  Харин Делэуэир 973 мянган хүн амд гурван квоттой. Үүнээс энэ мужийг төлөөлж нэг гишүүн төлөөлөгчдийн танхимд суудаг ба үүн дээр Сенатын танхимын хоёр квот нэмэгдээд гурван тоотой тэнцүүлсэн мандат юм.

-Квот тодорхой боллоо. Тэгвэл олонхийн санал аваад ч ерөнхийлөгч болж чаддаггүй юм бол энэ санал юунд хэрэгтэй гэж асуумаар байна л даа?

- Жишээн дээр тайлбарлая. Та, бид хоёр Флоридад ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Таньд нийт флоридачуудын 48 хувь нь саналаа өгсөн байхад би 47 хувийн олонхийн санал цуглуулж таньд нэг хувиар ялагдсанаар энэ мужийн нийт 29 квот танд автоматаар очно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ялагч бүгдийг авдаг систем юм.  Сонгогчдын коллегийн давуу тал нь улс орны эргэн тойронд байгаа Конгрессын төлөөллийг тусгах, хүн ам олноор төвлөрсөн, цөөн хэдэн мужид  ерөнхийлөгчийг сонгоход хэт их эрх мэдлийг өгөхгүй байх зорилготой юм. Хэрэв сонгууль нь олон нийтийн санал хураалтаар шийдэгддэг байсан бол олон жижиг муж тийм ч их анхаарал татахгүй шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд  50 мужид очиж кампанит ажил өрнүүлж, сурталчилгаа хийж, мөнгө зарцуулах шаардлагагүй. Учир нь ихэнх муж цэнхэр, улаан гээд хуваагдчихсан байдаг. Жишээлбэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд аль ч талыг баримталдаггүй хөвөгч (swing states) 13 муж ерөнхийлөгчийн хувь заяаг шийдлээ. Тэгэхээр хөвөгч мужуудад нэр дэвшигчдийн тулаан маш хүчтэй өрнөдөг нь эндээс харагдаж байна.

-Д.Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй зарим томоохон тойргууд дээр шүүхийн зарга үүсгээд байгаа. Энэ байдал үргэлжилбэл сонгууль будлиантай болсон гэж үзэх, Трамп заргаа авах боломж бий юу?

-Ерөнхийлөгч Трамп өрсөлдөгчөө сонгогчдын саналыг луйвардсан гэж сэжиглэн  хууль, шүүхийн байгууллагуудад зарга үүсгээд байна. Трамп нөхцөл байдлыг улам дэвэргэж, гүтгэж, үндэслэлгүй, баримт нотолгоогүй зүйлсийг ч их гаргаж ярьж байна. Хууль, шүүхийн байгууллагуудад хандсан түүний заргууд эхнээсээ унаж, урагшлахгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Энэ ажлыг эрчимтэй хөөцөлдөж явсан Трампын ахлах хуульч Рүди Жулианы нь COVID-19 халдвар авч одоо Georgetown эмнэлэгт эмчлүүлж байна. АНУ-н Сонгогчдын Коллегийн гишүүд нь гадны ямар нэг нөлөөгүйгээр сонголтоо хийнэ гэдгээ мэдэгдэж, үүгээр Байден ялна гэсэн байна. Гишүүдийн сонголтоо хийх өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 4-нд Сонгогчдын коллеги харъяа мужид саналаа өгөх бол 23-нд мужуудын сонгогчдын сонголт хийснийг баталгаажуулах сертификатуудыг хүлээн авах сүүлчийн хугацаа байх юм. Ингэснээр нэгдүгээр сарын 20-ны өдрийн 12:00 цагт Байден Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолдоо оролцоно. Трамп энэ ёслолд оролцох эсэх нь тодорхой бус байгаа ч нэг их чухал, хамаатай зүйл биш байх гэж бодож байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр  дэмжигчдээ цуглуулж, эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ Трамп мэдэгдсэн. Ер нь ихэнх Америкчууд Трампаас залхсан нь эдгээр өдрүүдэд ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, Трампыг ихэнх Амеркчууд: “Миний хөгшин одоо болио! “ гэсэн байдалтай байна. Хөндлөнгөөс ажиглавал Д.Трамп зүгээр л тоглоом тоглож, дэмжигчдээсээ мөнгө босгож байгаа.

 

Аль нэг институцид нь илүү эрх мэдэл төвлөрнө гэсэн ойлголт байхгүй

 

- Ер нь АНУ-ын засаглалын тогтолцоо, хяналт хариуцлагын тэнцвэр ямар байдаг вэ. Тухайлбал, АНУ-д гүйцэтгэх засаглалын тэргүүн нь нийт иргэдээс, манайд олонхийн намын даргаас сонгодог. Энэ мэтээр улс төрийн соёл, хандлага, төлөвшил өөр байгаа байх?

-АНУ-ын засаглалын систем нь Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалаас  бүрддэг. Аль нэг институцид нь илүү эрх мэдэл төвлөрнө гэсэн ойлголт байхгүй. Гурван биенээ хянаж байдаг “хяналт тэнцвэрийн” (checks & balances) тогтолцоо юм. Энэ системийн давуу тал нь засгийн эрх мэдлийг нэг хүний гарт, эсвэл аль нэг институцид төвлөрөхөөс хамгаалдаг. Конгресс ам.долларыг хянадаг ба Шүүх засаглал нь хууль тогтоох институцийн бодлого шийдвэр үндсэн хуулийн хүрээнд нийцэж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Диктаторшип буюу дарангуйллын оршин тогтнох боломжийг бууруулдагаараа онцлогтой гэж үзэж байна. Тиймээ манай улс төрийн системийн хувьд АНУ-ын тогтолцоотой хэлбэр нь адил боловч агуулга зарчмын хувьд бас л их өөр юм билээ. АНУ-ын гүйцэтгэх засаглалын тэргүүн нийт ард иргэдээсээ шууд сонгогддог бие даасан шинжтэй байхад манайд бол сонгуульд ялж, олонхи болсон нам гүйцэтгэх засаглалын тэргүүнийгээ намаасаа сонгодог. Нэг ёсондоо манай улсыг намын дарга удирдаад байна л гэсэн үг. Миний бодлоор нэг танхимтай байх нь аливаа нэг лобби, бүлэглэлд автах сул талтай гэж хардаг.

- АНУ-ын нэг мужийн эдийн засгийн чадавхи манай улсын ДНБ-аас 60 дахин их байгааг улс төр судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ. Хөгжлийг цогцоор нь төлөвлөхийн тулд юу хамгийн чухал вэ?

-АНУ 50 мужтай, 3140 гаруй каунтитай буюу манайхаар сум юм. Калифорниа мужийн ДНБ 3.2 триллион ам.доллароор хэмжигдэж, дэлхийд эдийн засгийн  чадавхиараа эхний тавд Германы дараа орж байна.

Мужийг харьцуулахаа болъё. Муж дотор каунти буюу манайхаар cум, цаашлаад хотууд бий. Лос Анжелес каунтиг  манайхаар Дорнодын Дашбалбар сум гээд төсөөлөөд үзье. Дотооддоо үйлдвэрлэдэг нийт бүтээгдэхүүн нь 780 гаруй тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Гэтэл бүхэл бүтэн улсын маань ДНБ 13 тэрбум ам.доллар-үүнийг 60 дахин нугалахаар их байна гэдэг асуултын тэмдэг биздээ. АНУ-ын мужууд өөрсдийн гэсэн хууль журам, хөгжлийн бодлого, бие даасан, бас мөнгөтэй ч байдаг юм билээ. Жишээлбэл, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь аль нэг мужид очоод коронавирусын кейс ихэссэнтэй холбогдуулан мужын даргад карантилахыг зөвлөхөд хүлээж авах эсэх нь мужийн даргын эрхийн хүрээнд шийдэгдэх асуудал.

Өөр нэг жишээ татъя. Лос Анжелес каунтин буюу манайхаар нэг сум яагаад ийм их мөнгөтэй, бие даасан байж чадаад байгааг судлахад ерөөсөө л татварын үндсэн процессыг хөрсөнд нь сайн суулгаж өгсөнтэй нь  холбоотой юм билээ. Жишээлвэл, би 500.000 ам.долларын байранд үл хөдлөхийн татвар болох 0.6 хувь буюу 3000 ам.долларыг каунтидаа төлнө. Мөн газар ашигласны татвар, хувь хүний ОАТ, машин тэрэг, зам ашигласны татвар зэргийг төлөх үүрэгтэй. Харин харьяалагдаж буй муждаа НӨАТ-ийг худалдан авалтаар дамжуулан төлдөг. 3100 гаруй эдгээр каунтинууд олон хүн амыг татах тал дээр өрсөлддөг учир нь хүнийг мөнгө гэж харж байна  шүү дээ. Оршин суугчдыг татахын тулд хуримтлуулсан татвараа эргээд зөв зохистой, үр ашигтайгаар хуваарилж, чадаж байна. Хүмүүс нүүх газраа сонгохдоо үндсэн хэдэн шалгуур үзүүлэлтэд ач холбогдол өгдөгийн жишээ гэвэл сургууль цэцэрлэг, аюулгүй байдал, бизнесийн хөнгөлөлт, таатай орчин байдаг. Лос Анжелес каунти төсвийнхөө 50 хувийг боловсролд хөрөнгө оруулалт хийдэг. Мөн оршин суугчдыг татахын тулд бизнесийн татварын хөнгөлөлттэй нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй тухайн каунтид байгаа 170 гаруй гал командын төвд дуудлага өгөхөд л маш богино хугацаанд буюу долоон минутад ирэх, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж байгаагаар нь аюулгүй байдлыг нь хэмжих бас нэгэн үзүүлэлт гэж харж болно.

Харин Монгол Улсын 330 гаруй суманд ямар нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гэхээр мөнгө байхгүй. Засгийн газраа хараад сууж байдаг бюрократ тогтолцоотой. Тиймээс Засгийн газар бүх зүйлд оролцохгүйгээр делегейшн хийж орон нутгуудад эдийн засгийн эрх мэдлийг нь Үндсэн хуулийн хүрээнд олгох хэрэгтэй гэж боддог. Тухайн улс орны хөгжлийн түвшинг тодорхойлох олон хэмжүүр үзүүлэлтийн наад захын ойлголт бол орлогын тэгш хуваарилалт. Бид уг нь азтай. Бидний өмнө хөгжсөн улс гүрнүүдийн хөгжлийн прагматик кейсүүд бэлэн байна. Ядаж л нийгэмд орлогын тэгш бус хуваарилалтыг бууруулахын тулд монгол хүн бүр ажилтай, орлоготой байх зайлшгүй шаардлагатай. Тэр бүх боломж бололцоог төрөөс хангаж өгөх хэрэгтэй. Үүний тулд үйлдвэрлэлийг хөгжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлэх л чухал.Олон жил үйлдвэрлэлийн алтан үеийг авчрах, эдийн засгаа солонгоруулах талаар ярилаа. Түүхийгээр нь экспортлох бус боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээж, дэлхийн зах зээлд нийлүүлэх нь бидэнд үр өгөөжтэйг бүгд мэддэг. Байгалийн баялаг бол шавхагдах нөөц гэдгийг бид мэдсээр байж мартчихдаг. Мөн институциональ инвесторүүдийг хөгжүүлэхгүйгээр эдийн засаг хол явахгүй. 

 

Сонирхлын бүлэг, корпорациудыг нам, нэр дэвшигчдэд хандив өгөхийг хориглож хуулиндаа суулгаж өгсөн

 

- Улс төрийн намыг зөв төлөвшүүлэхийн тулд санхүүжилтээ тайлагнадаг, шилэн байх ёстой гэсэн санаачлага Монголын залуучуудын дунд өрнөж байна. Улс төрийн намын хяналт, хариуцлагыг хэрхэн дээшлүүлэх ёстой  вэ?

-Улс төрийн нам бол ижил итгэл үнэмшилтэй, зорилго нэгтэй, албан ёсны институци юм. Намаар дамжин засаглал тогтдог. Сайн засаглалыг бий болгохын тулд намууд мерит системд тулгуурлан мэдлэг, ур чадвартай, профешнлуудаар багаа бүрдүүлэх нь чухал. Манайд компаниуд тендэр, концессын гэрээ авах болон өөрсдийн эрх ашгийг эхэнд тавих зорилгоор улс төрийн намуудад хандив мөнгөн тусламжийг шууд хэлбэрээр өгдөг. Эсвэл эрх барьж буй намуудад их хэмжээний хандиваар дамжуулан өөрсдийн хүмүүсээ шургалуулж клиентизмийг хөхиүлэн дэмжиж, бизнесийн дарамт шахалтгүй, татварын хөнгөлөлттэй орчинг бүрдүүлэхийн тулд улс төрийн хамгаалалтыг хүсэмжилдэг нь нэгэнт ил болсон. Гэтэл АНУ-д сонирхлын бүлэг, корпорациудыг аливаа нэг нам, нэр дэвшигчдэд хандив шууд өгөхийг хориглож холбооны хуулиндаа суулгаж өгсөн байдаг. Тиймээс эдгээр байгууллагуудын хандив Улс төрийн үйл ажиллагааны холбоогоор  дамжин улс төрийн намууд, нэр дэвшигчдэд хүрдэг. Холбооны сонгуулийн хороо эргээд энэ бүх санхүүжилтийн талаар тайлагнадаг системтэй. Тус холбооны веб хуудаснаас санхүүжилтийн талаар хэн ч хэзээд ч мэдээлэл авахад нээлттэй ил тод. Майк Блүүмбергийн кейсийг санаж байгаа бол 2020 оны сонгуулийн үед Холбооны сонгуулийн хороогоор дамжуулан асар их хэмжээний мөнгийг Байден болон Демократуудыг дэмжихэд зарцуулсан. Хэрэв хувь хүнээр хандив өргөвөл хуулийн хүрээнд зөвхөн 5000 ам.доллараар хязгаарлагдах хэмжээний хувь нэмэр оруулах боломжтой. Тэгэхээр бид “Улс төрийн намын тухай хууль”-даа улс төрийн санхүүжилтийн хяналт, хариуцлагын механизмыг хэсэгчилсэн заалтууд дээр их тодорхой суулгаж өгөх л зайлшгүй шаардлагатай.

- Сонгуулиар их мөнгөтэй, эрх баригч нам нь ялж байна гэж сөрөг хүчнийхэн шүүмжилсээр ирсэн. Тэнцүү гараанаас өрсөлдөж чадахгүй байна гэсэн үг л дээ. Тогтолцоог хэрхэн сайжруулах вэ?

-Монгол Улсын хувьд сонгуулийн тогтолцоогоо сайжруулах, илүү үр дүнтэй зохион байгуулах шаардлага үүссэн. Тухайлбал, АНУ-д шуудангаар санал авснаар түүхэндээ хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо. Манай улс бүртгэлийн систем буюу хаягийн бүртгэл, шуудангийн тогтолцоогоо сайжруулж чадвал ийм боломж бүрдэнэ. Сонгуулийн үр дүнд нам, нэр дэвшигчдийн хөрөнгө мөнгө их нөлөөлж байгаа нь үнэн. Энэ нь сонгуулийн систем гэхээсээ илүү иргэдийн амьжиргааны түвшин, сонгогчдын боловсролоос хамаарч  байна гэж хардаг. Цаашид сонгогчдын боловсрол, иргэд сонгуулиа өгөх процесс нь нам, эрх баригчдаас хамааралгүй болгох шаардлагатай.

 

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.