Улаанбаатарт нэг хүн дөрөв, Сэлэнгэд найман хүнд халдвар тараах эрсдлийг тогтоожээ

Дэлхийн улс орнууд цар тахалтай нүүр тулж, өнөөдрийн байдлаар 220 орны 65 сая 503 мянган хүн өвчилж, нэг сая 510 гаруй мянган хүн нас бараад байна. Улс орнуудын цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээг Монголынхтой харьцуулсан судалгааг Эрүүл мэндийн яамны эрдэмтдийн багаас хийжээ. Судалгаанд дурдсанаар COVID-19  нь агаар дуслын замаар ойрын хавьтлуудад маш хурдтай тархдаг вирусын халдвар бөгөөд эмийн бус интервенц болох амны хаалт зүүх, зай барих, халдваргүйтгэх, олныг хамарсан үйл ажиллагааг хязгаарлан, хөл хорио тогтоох гэсэн хариу арга хэмжээ чухал үүрэгтэй байна. Дэлхийн улс орнууд өөрсдийн онцлогийг харгалзан хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн дотор цөөн хүн амтай, эдийн засгийн болон эрүүл мэндийн салбарын өнөөгийн чадавхиа тооцон Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд хилийн хоригийг цаг алдалгүй эрт эхлүүлж, оновчтой хариу арга хэмжээ авсаны дүнд өнгөрсөн гуравдугаар сар хүртэл дотооддоо халдваргүй, III-XI сар хүртэл зөөвөрлөгдсөн, арваннэгдүгээр сарын 11-нээс дотооддоо кластер голомт хэлбэрээр бүртгэгдээд байгааг онцлов.

Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 842, үүнээс зөөвөрлөгдсөн 45.5 хувь буюу 383, кластер голомт дахь дотоодын халдвар 47.1 хувьтай байна. Австрийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар улс орнуудын Засгийн газраас COVID-19-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг эрэмбэлэн үзэхэд боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоох нь 85, уулзалт цуглааныг хязгаарлах нь 72, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгон сэргийлэх нь 65, хилийн хориг тавих нь 57 оноо буюу нэлээд үр дүнтэй гэж дүгнэсэн байна. Тухайлбал, Шинэ Зеландад цар тахлын халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 26-нд бүртгэгдсэн. Улмаар гуравдугаар сарын дунд үед хүн амын дунд халдвар тархаж буй нь илт болсон бөгөөд Шинэ Зеланд улс  тархалтыг хязгаарлах хэмжээний шинжилгээ болон хавьтлын илрүүлэлтийн хүчин чадал хангалтгүй гэж дүгнэн, шийдвэр гаргагчид шинжлэх ухаанд суурилсан нөлөөллийн үр дүнд халдварыг зөвхөн барих бус, устгах стратеги рүү шилжсэн байна. Тиймээс гуравдугаар сарын 26-нд улс даяар тогтоосон хөл хорио таван долоо хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд шинэ тохиолдлын тоо тогтмол буурсан. Үүний дараа бэлэн байдлын түвшинг нэгээр бууруулан, хоёр долоо хоносон бөгөөд Шинэ Зеланд улс бүхэлдээ долоон долоо хоногийн турш хүн бүр гэртээ байж халдварыг хязгаарласан байна.

Монгол Улсын хувьд хөл хорионы хугацаанд батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах, түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлсэн. Тухайлбал, Улаанбаатар хотод нийт 123697 хүнийг шинжилгээнд хамруулснаас PCR шинжилгээгээр 42971, түргэвчилсэн оношлуураар 80572 хүнийг  хамруулаад байна. Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш өдөр тутмын батлагдсан тохиолдлын тоо, халдвартай холбоотой бусад параметрийг ашиглан, тухайн агшны бодит R (Reffective) утга буюу нэг тохиолдлын халдварлуулах дундаж хүний тооны өөрчлөлтөөр хөл хорионы үр дүнг тооцоолжээ. Эндээс харахад Улаанбаатар дахь нэг халдвартай хүн дөрөв, Сэлэнгэ аймагт найман хүнийг халдварлуулах түвшинд байсан бол уг хоёр голомтод нэг тохиолдлын халдварлуулах дундаж хүний тоо хөл хорионы туршид тогтмол буурсаар R утга нь 1 буюу түүнээс доош орох хандлага ажиглагдаж байна. Энэ хугацаанд батлагдсан шинэ тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах, түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлэн хийснээр голомтолсон халдваруудын тархалтын хурд саарах төлөвтэй байна.

Сүүлийн хоногуудад лабораторийн шинжилгээн дэх эерэг хувь буурч байгаа нь халдварын голомтыг үр дүнтэй хумьж чадсаныг илтгэж байгаа боловч нууц үеийн хугацаандаа байгаа илрээгүй тохиолдлууд байх боломжтойг эрдэмтэд судалгаандаа дурджээ. Сэлэнгэ аймаг дахь өвчлөлийн тархварзүйн нөхцөл байдал бусад аймаг, Улаанбаатар хотоос ялгаатай учраас тусгайлсан тандалт-судалгаа хийх шаардлагатай гэж үзжээ.

Халдварт өвчний дэгдэлт санамсаргүйгээр, хурдан явцтай өрнөх боломжтой учраас өвчлөлийг өдөр тутам хянаж, хариу арга хэмжээг тухайн нөхцөл байдалд зохицуулан яаралтай авах шаардлагатай. Дэлхий нийтэд COVID-19-ийг бууруулах, тэмцэх үр дүнтэй аргуудад зай барих, хөдөлгөөн хязгаарлах, эрүүл мэндийн болон нийтийн эрүүл мэндийн чадавхийг сайжруулах нь хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байна. Одоогийн тархвар зүйн нөхцөл байдлыг дараагийн долоо хоног хэвээр нь хадгалж чадна гэж үзвэл өвчлөл бүртгэгдсэн аймаг, хотын бэлэн байдлын зэрэглэлийг дахин авч үзэх шаардлагатайг мөн анхаарууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus