Т.Мөнхсайхан: Ковид-19 халдварын эсрэг вакцинд зориулж төсөвт 47 тэрбум төгрөг суулгасан
Эрүүл мэндийн яам Ковид-19 халдварын эсрэг вакцин дээр ямар байр суурьтай байгаа талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.

Ковид-19 халдварын эсрэг вакцины захиалга, бэлтгэл хэрхэн хийгдэж байгаа вэ?

Ковид-19 халдвар дэлхий нийтэд гарсан цагаас эхлэн улс орнууд судалгаа хийж, вакцины талаар ярьж, үр дүнтэй, чанартай, аюулгүй вакциныг дэлхий нийтээрээ хүлээж байна. Монгол Улсын хувьд “Дархлаажуулалтын тухай хууль”-тай дэлхийн цөөн орны нэг. Манай улс хүн амаа дархлаажуулатанд хамруулах ажлыг олон жилийн хугацаанд өөрийн тогтсон мэргэжлийн баг, бүтцээр дамжуулан хийдэг системтэй болсон. Үүний нэг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба юм. Харин Ковид-19 халдварын эсрэг вакциныг сонгох, судлах, захиалга хийх бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэд хэдэн ажлын хэсэг гараад ажиллаж байна. Эдгээр ажлыг ЭМЯ-ны дэргэдэх Дархлаажуулалтын Зөвлөх хороо удирдан чиглүүлж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Ард иргэдээ ковидын вакцинд хамруулах төлөвлөгөөний дагуу энэ оны төсөвт тодотголоор 20 тэрбум, ирэх оны төсөвт 27 тэрбум гээд нийт 47 тэрбумыг тусгасан. Мөн нэмэлт санхүүжилт дээр Дэлхийн банк болон бусад донор байгууллагуудтай хамтран ажиллана.

Дэлхийн банкны хувьд  вакцины нийлүүлэлттэй илүү оролцоотой байдаг учраас бидэнд цаг алдахгүй авах боломжийг илүү олгох юм. Бидний зүгээс вакцин авах хүсэлтээ албан ёсоор өгсөн, нийлүүлэлт хийнэ гэдгээ бидэнд илэрхийлсэн байгаа.

ДЭМБ-аас ямар зөвлөмж өгч байгаа вэ?

ДЭМБ-аас арваннэгдүгээр сарын 16-нд гаргасан удирдамж, зөвлөмжийн дагуу үндэсний хэмжээнд Коронавируст халдварын эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулах удирдамж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг шинэчлэн боловсруулж байна. Энэхүү удирдамжийн хүрээнд вакциныг хүлээн авснаас хойш нэг долоо хоногийн хугацаанд дархлаажуулалтын нэгжид хүргэж, зорилтот бүлгийн хүн амыг богино хугацаанд вакцинжуулах, шинэ вакциныг хэрэглэх талаар эрүүл мэндийн ажилтныг сургах зэрэг цогц үйл ажиллагааг зохион байгуулна. 

ДЭМБ-аас боловсруулсан вакцин нэвтрүүлэх бэлэн байдлын үнэлгээний аргачлалын (VIRAT) дагуу үнэлгээг хамтрагч байгууллагууд болон олон улсын байгууллагуудын оролцоотой хийж, төлөвлөгөөний дагуу ВДГА байгууллагад хүсэлт хүргэнэ.

Ковид-19 халдварын эсрэг вакцинд хамрагдах зорилтот бүлэг гэдэгт хэн хэн орох вэ?

Дархлаажуулалтын хуульд зааснаар “заавал хийх дархлаажуулалт”, “нөхөн дархлаажуулалт”, “нэмэлт дархлаажуулалт”, “сайн дурын дархлаажуулалт”, “тархвар судлалын заалт”-аар дархлаажуулахыг заасан байдаг. Ковид-19 халдварын хувьд эдгээрийн “тархвар судлалын заалт”-аар буюу халдварт өвчний голомтод халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний үндэслэлээр хийгдэнэ. Аливаа вакцинд хүн амыг хамруулахдаа дэлхий нийтэд баримталж буй чиг хандлага, дархлаажуулах стратеги, үйлдвэрлэгчийн заавар, халдварын тархвар зүйн судалгаа зэрэг шинжлэх ухаанч нотолгоонд тулгуурлан маш хянамгай байдлаар тухайн вакцинд хамруулах хүн ам, зорилтот бүлгийг тодорхойлдог. Олон улсад Ковид-19 вакцинд зорилтот бүлэг уушги, зүрх судас, бөөрний эмгэг, хавдар, чихрийн шижин өвчний 1, 2 дугаар зэрэгтэй архаг суурь өвчтэй хүмүүс,  60-аас дээш насныхан, халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, тусгай чиг үүрэг бүхий ажил мэргэжлийн хүмүүс, албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийг хамруулахыг санал болгосон. Харин 0-18 насны хүүхдийг хамруулахгүй бөгөөд манайд энэ насны 1.2 сая хүүхэд байна.
 
Ковид -19 халдварын эсрэг манай улс дэлхийн улс орнуудын жишгийг дагаж байгаа вt?

Дэлхий нийтийг хамарч буй цар тахлын үед улс орнууд өндөржүүлсэн, хатуу хөл хорионы зарчмаар урьдчилан сэргийлэх, эрсдэл багатай даван туулахыг хичээж байна. Бид ч мөн энэ сургамж, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шаардлагатай бүх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. ДЭМБ-аас мэдээлснээр Ковид-19 халдвараас сэргийлэх чиглэлд 48 вакцин эмнэлзүйн туршилт судалгаанд, 164 вакцин эмнэлзүйн туршилт судалгааны өмнөх шатанд явж байна. Эмнэлзүйн туршилт судалгаанд орсон 48 вакцинаас 21 вакцин I дэх шатанд, 13 вакцин I-II дахь шатанд, 3 вакцин II дахь шатанд, 11 вакцин III шатны судалгааг давж гарахад нэлээн ойртоод байна.

Монгол Улс цөөн хүн амтай, нөгөө талаар эдийн засгийн болон эрүүл мэндийн салбарын өнөөгийн чадавхаа тооцон Монгол Улсын Засгийн Газраас боломжит бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Ковид-19 халдвар гарснаас хойш вирусний халдварыг эрт илрүүлэх антиген суурьтай түргэвчилсэн сорил, халдварын дараах эсрэг бие, иммуноглобулин (IgM,IgG), мөн оношлох, эмчлэх аргууд гарсан. Үүний дагуу бид оношилгоо, илрүүлгийг хийгээд явж байна.

Өнөөдрийн манай улсын ашиглаж буй оношилгооны систем, оношлуур нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн улс орнуудаас албан ёсны бичигтэй нь авч байгаа. 

 Ковид-19 дээр бид эрүүл мэндийн тогтолцоо, үр нөлөөний судалгаа хийн урьдчилсан үр дүнг тооцон, судалгааг өргөжүүлээд явж байна. Энэ талын судалгаа тасралтгүй хийгдэж, бид ололт, сургамж дээрээ дүгнэлт хийн сайжруулах тал дээр анхаараад ажиллана.

 
Бусдад түгээх
  • gplus