А.Бакей: Гишүүд шинэ төхөөрөмжтэй харьцаж сурах шаардлагатай байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар УИХ-ын чуулганд өргөн мэдүүлэхээр болов. Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас дараах тодруулгыг авснаа хүргэж байна.

-Өглөө эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хо­рооны хуралдаан АН-ын бү­лэг завсарлага авс­наар хойшлох төлөвтэй бай­сан ч удалгүй хуралдаж төлөв­лөсөн асуудлаа хэлэлцэн шийд­вэрлэх шиг боллоо. Ямар тохи­ролцоонд хүрэв?

-Төрийн байгуулалтын байнгын хорооны үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдгээр хууль тог­тоомжийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо үдээс өмнө хэлэлцэж шийд­вэрлэхээр төлөвлөсөн байсан ч УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлыг дахин ярилцах шаардлагатай байна гэсэн үндэслэлээр түр завсарлага авсан юм. Гэхдээ АН-ын бүлэг асуудлаа нягталж дууссан тул Байнгын хороо үдээс хойш үргэлжлэн хуралдаж, Монгол Улсын Засгийн газ­рын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах ту­хай хуу­лийн төслийн анх­ны хэлэл­цүүлгийг хийсэн. Байн­гын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож гишүүдтэй сайтар ярилцаж, санал солилцлоо.

Хэлэлцэж буй хууль тог­тоомжийн төслүүдтэй хол­бог­дуулан Байнгын хо­рооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналуудаар санал хурааж шийдвэрлэлээ. Зас­гийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хууль тог­тоомжийн төслийн анхны хэ­лэл­цүүлгийг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

-УИХ дахь сөрөг хүчний зүгээс Засгийн газрын шинэ бүтцийн талаарх Ерөнхий сайдын зарим саналыг багагүй эсэргүүцэж байсан. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал­даанаар тэдгээр асуудлаар санал нэгдсэн хэрэг үү?

-Сөрөг хүчний зүгээс Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны яаманд тус тус шилжүүлэх санал гаргасан. Энэ санал анхны хэлэлцүүлгээр ги­шүүдийн олонхын дэмжлэг авлаа.

Цаашлаад УИХ-ын чуул­ганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн олонхын санал авбал Соёл спорт аялал жуулчлалын яамыг бусад яамдад нэгтгэх шийдвэр бат­лагдах байх. Гэхдээ сөрөг хүчний зүгээс Ерөнхий сай­дын оруулж ирсэн Засгийн газрын бүтцийн тухай асууд­лыг тийм ч их эсэргүүцэж байгаа гэж бодохгүй байна.

УИХ, Засгийн газарт үлдэж байгаа хугацаанд хийх ажил үнэхээр их байгаа. Тэгэхээр зарчмын тохи­рол­­цоонд хүрэх асуудлаа олонхоороо шийдээд яаралтай цаа­­шаа явах хэрэгтэй байгаа. УИХ-ын гишүүдийн олонх нь ч ийм бодолтой байгаа болов уу.

-Өглөө танай байнгын хорооны гишүүдийн ирц хүрэлцэхгүй, дээр нь Ерөн­хий сайдыг хүлээж цаг гаруй болсон. Үдээс хойш байнгын хорооны гишүүдийн ирц санал хураалт хүчинтэй болохуйц бүрдэж чадсан уу?

-Өглөө гишүүд нэг нэгнээ хүлээж жаахан цаг алдсан тал бий. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүд шинэ төхөөрөмжтэй харьцаж сурах шаардлагатай байгаа нь өнөөдрийн хурал­даанаар тодорхой харагдлаа.

Харин Төрийн байгуу­лалтын байнгын хорооны гишүүдийн ирцийн хувьд Засгийн газрын бүтэцтэй холбоотой цаг үеийн яаралтай чухал асуудал болохоор оролцвол зохих 19 гишүүний 16 нь оролцож санал бодлоо нэмэрлэсэн. “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг тусгай ажилтай байсан тул чөлөө авч бага зэрэг хоцорсон ч санал хураалтад оролцлоо.

-Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүтцийн талаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийхэд гишүүдийн зүгээс яамдын ажил үүргийн ху­ваарь дахиад л давхацсан, тодорхойгүй асуудал олон байна гэсэн шүүмжлэл явж байсан. Тиймэрхүү асуудлууд Төрийн байгуулалтын байн­гын хорооны хуралдаанаар яригдсан уу?

-Яг тийм асуудлуудыг гишүүдийн зүгээс нухацтай тавьж, нэлээн олон зарчмын зөрүүтэй асуудлуудыг цэг­цэллээ. Жишээ нь УИХ-ын гишүүн Д.Батцогт, Д.Эрдэнэбат нарын гаргасан Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа хүнд үйлд­вэрлэлийн салбарын асуудлыг Уул уурхай, Эрчим хүчний яаманд хариуцуулах гэсэн санал, Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа­лагдаж байгаа чөлөөт бүсийн эрхлэх асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд авчрах зэрэг санал байнгын хорооны гишүүдээс дэмжлэг хүлээсэн.

Түүнчлэн Ерөнхий сайдын хуулийн төсөлдөө тусгасан "Тэргүүн шадар сайд" гэсэн бүтцийг төслөөс хасах санал гарч дэмжигдлээ. Мөн Дэд бүтцийн хөгжлийн яам гэсэн төслийн нэрийг өөрчилж, Зам тээвэр, барилга хот бай­гуулалтын яам гэж нэр­лэхээр байнгын хорооны гишүүдийн олонх нь санал нэгдлээ.

Үүнээс гадна Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэсэн төслийн нэрийг өөрчилж Гадаад харилцаа, Эдийн засгийн хамтын ажил­лагааны сайд гэж өөрчлөх са­нал дэмжигдсэн.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны чиг үүрэгт хамаарч байсан хүнд үйлд­вэрийн салбарыг Уул уурхайн яамны чиг үүрэгт шил­жүү­лэхээр санал нэгдсэн юм байна. Тэртэй тэргүй ажлаа дийлэхгүй шахам байгаа Уул уурхайн яаманд дахин нэг ачаа үүрүүлэхэд хүндрэл үүсэхгүй юу?

-Ачаалал ихтэй байдаг Уул уурхайн яаманд ҮХААЯ-ны эрхлэх асуудлыг шил­жүү­лэх нь ихээхэн ачаалал үүсгэнэ гэж зарим гишүүн ярьж байсан.

-Яг энэ асуудлыг хэлэлцэх явцад зарим нэр бүхий гишүүдээс дээрх санал гар­сан, тэгээд ч яамдуудад дэд сайд гэж байгаа учраас хүнд­рэл үүсэхгүй байх боломжтой. “Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад ха­рилцааны сайд эсвэл Эдийн засгийн хамтын ажил­ла­гааны сайд” гэсэн нэршил хэл ам дагуулахгүй байгаа. Их л урт нэртэй сайдтай болох нь дээ?

-“Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд” гэдэг нь нэр нь л солигдсоноос биш чиг үүрэг нь өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Ер нь тэгээд ч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд оруулах өөрчлөлтийг Ерөнхий сайд оруулж ирээд, УИХ-аар хамтын зарчмаар шийддэг хууль­тай. Байнгын хороон дээр шийдэх асуудлыг дарга нь ганцаар шийддэг бол өөр хэрэг. Нэр өөрчилнө гэх саналыг хамтаараа шийдсэн.

Үүнийг дэмжихэд МАН, АН-ын гишүүд ялгаагүй л оролцсон. Энэ асууд­лыг УИХ дээр ярьж байж олонхоороо шийднэ.

Өглөөний сонин
Д.Энхтүвшин
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.