Долоо хоногийн тойм

Цар тахлаас үүдэн УОК бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг 10 хоногоор сунгасан шийдвэр үргэлжилсэн нэг долоо хоног өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт батлагдсан тохиолдол 831 хүрээд байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 365 байгаа юм. Нийт 457 хүн эмчилгээ хийлгэж байна. 

Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

 

Хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, малын өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө

 

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж, уг хуулийн төслийг батлагдсан өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр Засгийн газраас  боловсруулсан хуулийн төслүүд ийнхүү батлагдлаа.

Эдгээр бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, импортын хамааралтай хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг өнтэй даван туулахад дэмжлэг болно гэж үзжээ.

 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй 

 

Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавиад байсан юм. Хоригийг долоо хоногийн байнгын хороо чуулганы хуралдаанаар хэлэлцэж, олонхын саналаар гишүүдийн олон саналаар хүлээж авсангүй. 

Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын 2021 оны улсын төсөвт нэгд, төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах, хоёрт, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох, гуравт, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дөрөвт, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавиад байсан юм. 

 

Орон нутгийн иргэдийг буцааж эхэллээ

 

Хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт мягмар гарагт эхэллээ.  Иргэдийг нэвтрүүлэх ажлыг Драгон, Лавай, Тэнгэр авто буудлууд дээр тус тус зохион байгуулж байна.

Орон нутгийн иргэдийг буцаах, нэвтрүүлэх ажлыг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг, нийслэл, аймгийн онцгой комисс, ЗДТГ хамтран зохион байгуулж байна.

“Ковид 19” вирусын тархалт голомтлон гарсан Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай, мөн стратегийн гол ордууд байрлаж байгаа Өмнөговь аймгийн иргэд, их дээд сургуулийн оюутнуудыг дараагийн ээлжид үе шаттайгаар зохион байгуулж зорчуулах ажлыг хийхээр төлөвлөөд байна. 

 

Сайжруулсан түлшний үнийг 50 хувиар буурууллаа

 

Засгийн газрын долоо хоногийн ээлжит хуралдаанаар сайжруулсан түлшний үнийг 50 хувиар бууруулах шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдахаар болов. Иргэд маргаашаас 2021 оны 04 дүгээр сарын 01 хүртэл нэг тн сайжруулсан шахмал түлшийг 75 мянган төгрөгөөр авах боломжтой. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ ч 50 хувь буурна гэсэн үг юм. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг байна. 


О.ОНОН
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus