Л.Мөнхтүшиг: Ойрын хугацаанд 2-3 нислэг хийхээр судлаж байна
ЭМЯ-аас хийсэн 11:00 цагийн ээлжит мэдээллийн дараа  ГХЯ-ны Консулын газрын дарга Л. Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Л. Мөнхтүшиг "Арваннэгдүгээр сарын тусгай үүргийн нислэгүүдийг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан цуцалсан. ГХЯ-аас нэн даруй гадаад улсад байгаа иргэд ялангуяа тийз нь баталгаажсан байсан иргэд санхүүгийн хүндрэлд орох, орон байргүй болох зэрэг хүндрэлүүд гарсан учраас ЭСЯ-дад чиглэл өгөн өнөөдрийн байдлаар 17 улсад 100 орчим иргэн ийм хүндрэлтэй нөхцөлд орсон гэсэн мэдээллийг нэгтгээд байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн бид гадаадад гацсан монголчуудад туслалцаа дэмжлэг үзүүлэх, ялангуяа санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд дэмжлэг үзүүлэх үүднээс НҮБ-ын ОУШХБ-тай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд бид өнгөрсөн хугацаанд гадаадаас 544 монгол иргэнийг эх оронд нь авчирсан. Өнөөдрийн байдлаар ГХЯ-д ирсэн мэдээллээр гадаадын улс орнуудаас нэн яаралтай буцах хүсэлтэй байгаа иргэд 2154 байна. Европын бүсээс 647, Азиас 1113, Австрали 95, Африкт 4, Америкт 295  иргэн байна. Ингээд энэ хүмүүсийг татан авахын тулд дотоодын нөхцөл байдалтай уялдуулан ойрын хугацаанд 2-3 нислэг хийхээр судлаж байна. Тийз нь баталгаажсан арваннэгдүгээр сарын нислэгээр ирэх гэж байсан иргэдийг тэргүүн ээлжинд хамруулна.

Өнгөрсөн хугацаанд 107 удаагийн нислэгээр 27184 иргэн эх орондоо ирсэн. Арваннэгдүгээр сард яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо буурсан байсан боловч тусгай үүргийн онгоцны нислэгүүд хойшилсонтой холбоотойгоор буцах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсэн. Хүндрэлд орсон 17 улсад байгаа 100 иргэнийг ОУШХБ-тай мэдээлэл солилцон хамтарч ажиллан зарим иргэдийн зардлыг бүрэн гаргах, /ингэхдээ санхүүгийн хүндрэлд орсон гэсэн баримт нотолгоог авч байгаа/ зарим иргэдийн тусгаарлах байрны зардлыг гаргах зэрэг ажлууд хийгдэж байна.

Арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн БНХАУ руу хийж байгаа ачаа тээвэрлэлт ялангуяа нүүрсний тээвэрлэлтэд тодорхой хязгаарлалтуудыг тавьж эхэлсэн. Ачаа тээврийг аль болох хурдан хугацаанд хэвийн болгох нүүрсний экспортыг тасалдуулахгүй байх тал дээр ГХЯ өнгөрсөн өдрүүдэд өндөр ач холбогдол өгөн ажилласан. Урьдчилсан байдлаар Хятадын талаас нааштай хариу өгч байгаа. Замын-Үүд боомтод 50 жолоочийг 2 талдаа карентины бүсэд байлган явуулья, МУ-д хийгдсэн PCR шинжилгээг Хятадын тал хүлээн зөвшөөрөх гэх мэт асуудлаар  тохиролцоонд хүрээд ажиллаж байна" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus