Ши Жиньпины санал болгосон QR код цар тахлын үеэр аялах гарц мөн үү?

Хятадын тэргүүн  Ши Жиньпин цар тахлын үеэр хүмүүсийг чөлөөтэй зорчих олон улсын “эрүүл мэндийн код” бүтээх санал тавилаа. Их-20 онлайн чуулганы үеэр Хятадын тэргүүн улс орнуудын коронавирусын эсрэг PCR шинжилгээний хариун дээр үндэслэн QR код үүсгэхийг санал болголоо. Өөрөөр хэлбэл гадаад явж байгаа иргэдийн коронавирусын шинжилгээний хариуг нэгдсэн нэг системд бүртгэх юм. Энэ механизм яаж ажиллах, ямар аппликейшн суулгах, хэн мэдээлэл боловсруулах талаар Ши Жиньпин юу ч хэлсэнгүй. Тэрээр “Энэ механизмд аль болох олон орон нэгдэх байх гэж найдаж байна” гэсэн биллээ. Энэ санал нь дэлхийн хэвлэл мэдээлэл, интернэтэд багагүй шуугиан тарьсан юм. Хятадын саналыг зарим нэг нь асуудлыг шийдэх гол түлхүүр гэж үзэж байхад, өөр нэг нь хүний эрх, эрх чөлөөнд халдаж байна гэж эсэргүүцэж байна.

Хүний эрх хамгаалагчдын үл итгэл ба ГХЯ-ны хариу арга хэмжээ

Ши Жиньпины дэлхийг “кодчилох” саналыг барууныхан сөргөөр хүлээж авсан. Тухайлбал хүний хувийн мэдээллийг хамгаалах асуудлыг хөндсөн.

Олон улсын хүний эрхийг хамгаалах Human Right Watch нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Кеннет Рот өөрийн Twitter хуудаснаа “Хятадын Засгийн газраас гаргасан бүх дэлхийг QR кодчилох санаанаас болгоомжлоорой. Эхэндээ эрүүл мэнд рүү чиглэж байгаад өргөн хүрээтэй улс төрийн хяналт болж хувираад Трой хотын модон морины домог болох вий дээ” гэжээ.

Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Жао Лижянь Хятадын тэргүүний хэлснийг тайлбарлахдаа “Энэ механизм зохион бүтээх эхний үе шатан дээрээ явж байгаа. Цаашдаа бид хамтдаа “эрүүл мэндийн кодыг” хүлээн зөвшөөрч, ашиглаж, мэдээллийг хадгалах зэрэг асуудлыг шийднэ” гэв. Цар тахал ноцтой хэвээр байна. “Үйлдвэрлэлийн гинжийг дахин сэргээх”, хүмүүсийг хөдөлгөөнд оруулахыг мартаж болохгүй гэж тэрээр нэмж хэлэв.

Хятадын ГХЯ-ны Олон улсын эдийн засгийн хэлтсийн дарга Ван Сяолун сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Хятад улс олон улсын “эрүүл мэндийн код” бүтээх талаар ганцхан Их-20-той яриад зогсохгүй өөр улс орнуудтай хэлэлцээр хийж байгаа” гэлээ. Яг ямар улстай гэдгээ хэлээгүй юм.

Хятадад асуудал ямар байна?

Дэлхий даяар цар тахал хүчээ авч байгаа энэ үед анх Хятадад бүртгэгдэж байсан уг вирус сүүлийн хэдэн сар Хятадад тогтвортой байгаа бөгөөд заримдаа хоногт хэдэн арван хүн бүртгэгддэг ч, ард түмэн нь хэвийн амьдралдаа эргэж орж чадсан юм. Халдвар авсан хүний тоо албан ёсны мэдээгээр нийт 90 мянга даваагүй ба нас барсан хүний тоо сүүлийн 6 сард тогтвортой 4634 хэвээр байгаа.

Ийм тогтвортой байдал нэг өдрийн дотор бүрдээгүй. Коронавирусыг ялахын тулд Хятадын Засгийн газар бүх хүч нөөц бололцоогоо дайчлан ажилласан. Гадны ажиглагчид Хятадыг  “луугийн” мэт хатуу хөл хорио тогтоосон гэж үзэж байгаа ч хятадууд коронавирусын эсрэг тэмцэхэд өөрсдөө эмх цэгцтэй, Засгийн газрын гаргасан дүрэм, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахин, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа техникийн шинэчлэлийг сайн ашигласан зэрэг нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Улаан, шар, ногоон

Дотоодын шинжээчдийн үзэж байгаагаар энэ тэмцэлд “эрүүл мэндийн код” чухал байр суурь эзэлсэн ба хятадууд өөрсдөө үүнийгээ “жяньканбао” гэж нэрлэдэг. Хятадын программчид хоёрдугаар сард цар тахал дөнгөж эхэлж байхад үүнийг бүтээжээ. Уг программ нь Хятадад алдартай WeChat мессенжер, төлбөрийн Alipay карт дээр суурилсан. Анх энэ программыг туршилтын журмаар баруун бүсийн Чежянь тосгонд ашигласан ба дараа нь бусад хотоор түгээжээ. “Эрүүл мэндийн код” авахын тулд бүртгүүлээд, хувийн мэдээллээ оруулан, иргэний үнэмлэхний дугаар, зургаа хийнэ. Мөн сүүлийн 2 долоо хоног хаагуур явснаа оруулахад цаашаа программ өөрөө таныг аюултай бүсэд зорчин, өвчтэй хүнтэй уулзаж уу гэдгийг тодорхойлон гаргана.

Бүртгэгдсэн мэдээллийн үндсэн дээр тухайн хүний эрүүл мэндийн мэдээлэл гар утсан дээр 3 өнгөөр гарч ирнэ. Ногоон нь тухайн иргэн өндөр эрсдэлтэй бүсээр яваагүй ба өвчтэй хүнтэй хавьтаагүйг илтгэнэ. Шар нь тухайн хүний явсан газар эрсдэлтэй байсан тул 2 долоо хоног гэртээ өөрийгөө тусгаарлана. Улаан нь тухайн хүн өндөр эрсдэлтэй газраар явж, өвчтэй хүнтэй хавьтсан тул 14 хоног тусгаарлагдан, шинжилгээ өгнө. Мөн энэ үед автоматаар эмнэлэгт хандан цаашаа яах заавраа авна уу гэсэн сануулга гарч ирдэг.

Өдөр бүр “эрүүл мэндийн код” шинэчлэгдэх ба өнгөө өөрчилж болдог. Одоогийн байдлаар Хятадад ногоон өнгөгүй хүн худалдааны төв, музей, ресторанаар үйлчлүүлж болохгүй. “Эрүүл мэндийн кодыг” ямар ч албан газрын үүд, орон сууц, нийтийн болон соёлын төвд хамгаалалтыхан шалгадаг.

“Эрүүл мэндийн кодын” нууц юу вэ?

“Эрүүл мэндийн кодын” гол зарчим нь тухайн утасны эзэн Хятадаар хаагуур аялсан, нийтийн тээврийн унаагаар зорчсон, ресторан, кафе бусад олон нийтийн газраар үйлчлүүлсэн, дэлгүүрээс худалдан авалт хийсэн зэрэг дээр үндэслэгддэг. Үүний мэдээллийг худалдан авалтын карт уншуулах, хаа сайгүй өлгөөтэй байгаа QR код уншуулахад бүртгэгддэг. Та хаашаа ч хамаагүй, кинотеатр, цэцэрлэгт хүрээлэнд салхинд гарсан ч QR код уншуулна. Энэ мэдээлэл нь автоматаар таны явсан газар дээр нэмж бүртгэгдэх ба дараагийн удаа хувийн мэдээллээ шинэчлэхэд эрүүл мэндийн статус дагаад шинэчлэгдэж байдаг.

Хэрвээ тухайн хүнтэй хамт кинотеатрт коронавирус тээгч кино үзсэн бол шинжилгээнд хамрагдан, тусгаарлалтанд орно. Кинотеатрт ирээд QR код уншуулах ба эсвэл попкорн худалдаж авхад төлбөр хийсэн баримтаар тухайн хүнийг олж тодорхойлно.

Орчуулагчийн хүндрэл

“Эрүүл мэндийн код” дөнгөж эхэлж байх үед Хятадад амьдардаг гадны иргэдийг бүртгэхэд асуудал үүсч байсан. Программ гадны иргэдийг бүртгэхгүй, паспорт дээрх дугаар, зургийг танихгүй, нэрийг нь бүртгэж чадахгүй, ханз нэхэж байсан байна. Энэ тухайн үед Хятадад амьдарч байсан гадныханд тодорхой хүндрэл учруулж байжээ. “Ногоон кодгүйгээр” гадны иргэд олон нийтийн газраар явж чадахгүй байв. Хэсэг хугацааны дараа программд англи хэл нэмж суулгаснаар Хятадад амьдардаг гадны иргэд “кодлогдсон” юм.

Итгэлцлийн асуудал ба шинэ бодит байдал

Шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын “эрүүл мэндийн код” нь үр дүнтэй гэдгээ харуулсан ба тэр дундаа хэсэг газрын дэгдэлтэд сайнаар нөлөөлсөн гэж үзэж байна. Жишээ нь, зургадугаар сард Бээжингийн томоохон бөөний төвд халдвар илрэхэд тухайн захын худалдагчаас гадна тухайн цаг үед захаар үйлчлүүлж байсан хүмүүсийг олж тогтоожээ. Удалгүй тэр дэгдэлтийг дарж Хятадын нийслэл эргэн хэвийн амьдралдаа орж эхэлсэн юм.

Бусад орнууд Хятадын замаар явж дэлхий нийтээрээ QR кодтой болох уу гэдэг амаргүй асуулт. Улс орны соёлын ялгаа, сэтгэлгээ өөр, ард түмний техникт бэлэн байдал харилцан адилгүй, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг бүгд биелүүлэх эсэх, сахилга батаас их зүйл шалтгаална.

Олон шинжээчид итгэлцлийн асуудлыг хөндөж байна. Нарийндаа бол итгэлцэл дутах талаар. Хоёр улсын хооронд шийдэгдээгүй асуудал хэвээр байхад олон улсын “эрүүл мэндийн код” механизмд нэгдэх үү? Дэлхийн улс орнуудад өдөрт хэдэн арван мянгаараа өвчлөл бүртгэгдэж байхад Хятад улс өөрсдөө хаалгаа нээхэд бэлэн үү? Хятадын иргэд ч бай, гадаадын иргэн ч бай хил давж орж ирэхэд Хятад маш хатуу арга хэмжээ авч байгаа.

Олон улсын аяллыг сэргээх нөхцөл бүрдүүлнэ гэдэг амаргүй даалгавар. Хятадад амжилттай ашиглаж байгаа “эрүүл мэндийн код” нь вирусын эсрэг тэмцэхэд бүх зүйлийг ашиглахад сайн ба тэр дундаа техникийг хэрэглэх нь зайлшгүй шаардлагатайг нотолж байна. Хятадуудын өөрсдийн хэлж байгаагаар нь хэн ч одоо энэ программ хэрэгтэй юу гэж асуухаа больсон. Бүгд үүнийг шинэ бодит байдал хэмээн хүлээж авч байгаа гэнэ. 

www.tass.ru 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
З.Батцэцэг

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.