А.Амбасэлмаа: Улаанбаатарт 1, Сэлэнгэд 6 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 2-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораториудад нийт 16599 шинжилгээ хийгдсэн. 500 гаруй хавьтлын давтан шинжилгээ хийгдсэнээс 7 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улаанбаатар хотод 1 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Ойрын хавьтлын хүний гурав дахь давтан шинжилгээнээс илэрсэн. Улаанбаатарын батлагдсан тохиолдол нийт 91 боллоо. Дүүргүүдээр хэлвэл Баянгол 23,  Сонгинохайрхан 13, Баянзүрх 25, Сүхбаатар 12, Хан-Уул 15, Багануур 1, Чингэлтэй 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Сэлэнгэ аймагт 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь нэг гэр бүлийн таван хүнээс илэрсэн.  Нийт батлагдсан тохиолдол 189 боллоо.  Дотоодын халдварын тохиолдол нийт 376 болсон. ХӨСҮТ-ээс 7 хүн эдгэрч гарсан.  Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 819, эдгэрсэн 365  хүн байна. ХӨСҮТ  болон Цэргийн төв эмнэлэгт нийт 445 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 360 хүн, хүндэвтэр  77, хүнд 5, маш  хүнд 3 хүн  байна.

COVID-19-ийн батлагдсан тохиолдлын хавьтлуудыг илрүүлэх тандалт судалгааны явцад ШЕЗ-ийн ажилтныг илрүүлэн, шинжилгээ хийхэд  илэрсэн. Энэ хүн тус байгууллагад үйлчлэгч хийдэг. Энэ хүн тухайн албан газрын хоёрдугаар давхарт ажилладаг учир ойрын болон дам хавьтлын 50 гаруй хүнийг тусгаарласан. Ойрын хавьтлыг эмнэлэгт, дам хавьтлыг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авсан. Хавьтал болсон хүнийг албан тушаалаар ялгаварлан тусгаарлана гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар тус байгууллагын 37 хүний шинжилгээний хариу гарсан, COVID-19  илрээгүй" гэв.


С.Цог
Бусдад түгээх
  • gplus