Сайт нь ажиллахгүй, хариу нь гараагүй, цагдаа нь ууртай
Нийслэлд “гацсан” иргэд энэ сарын эхнээс эхлэн орон нутаг руугаа буцаж буй. Ингэхдээ иргэдийг нэгдсэн зохион байгуулалтаар автобус, хувийн машин, агаарын нислэгээр тээвэрлэх ажлыг зохион байгуулж буй.

  Энэ хүрээнд иргэд
1.    www.119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно
2.    Товлосон  газар, цагтаа шинжилгээ өгнө
3.    Шинжилгээнийхээ хариуг www.119.mn вебсайтын “Шинжилгээний хариу авах” цэсээс регистрийн дугаараар шалгаж авна
4.    Хариу сөрөг гарсан бол Авто тээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn вебсайтаар тасалбараа захиална
5.    Хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар луугаа хөдөлнө
6.    Зам дундын хяналтын постуудад шинжилгээний хариу, бусад бичиг баримтаа шалгуулна 
7.    Орон нутагт очсоны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног байна
8.    Тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ өгнө

Энэхүү зохицуулалтын дагуу иргэд хүйтэнд дугаарлаж, дугаарлаж өгсөн шинжилгээний хариу гараагүй, 119 сайт ажиллахгүй, тусгай дугаарын утас ачаалал ихтэй гээд уртаас урт асуудлууд хөвөрсөн “зохицуулалт”-ыг давж энэ сарын 1-ээс орон нутаг руугаа буцаж эхлээд байна. Энэ үйл ажиллагаа энэ сарын 10 хүртэл үргэлжлэх товтой.

Арваннэгдүгээр сарын 29-нд өгсөн шинжилгээний хариу гараагүй байна
 
“Аль 29-нд өгсөн шинжилгээний хариу гараагүй. Явж чадсангүй”, “Тэр 119 сайт ерөөсөө ажиллахгүй байна”, “Утас нь ачаалал ихтэй холбогдож чадахгүй байна”, “Шинжилгээ өгөөд 72 цаг боллоо” гэх иргэд олон байна.
 
Нийслэлд гацсан иргэдийг орон нутагт нь буцаахын тулд заавал PCR-ийн шинжилгээ өгсөн байх ёстой. Албаныхны тооцооллоор иргэд орон нутаг руу буцахаас өмнө иргэд 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх ёстой. Гэвч өнгөрсөн ням гарагт өгсөн шижилгээний хариу нь гараагүй иргэд олон байна. Учир нь бүртгэлийн www.119.mn сайт ажиллахгүй, шинжилгээний хариу зөрүүтэй зэрэг саатлаас шалтгаалан иргэд хотоос гарч чадахгүй̆ байх тохиолдлууд гарч байна.

Улмаар иргэдэд шинжилгээний хариуг үүрэн холбооны компаниудаар дамжуулан иргэдэд мессэжээр хүргэх, нийслэлийн Мэдээлэл технологийн газраас хөгжүүлсэн программ хангамжийг ашиглан иргэний үнэмлэхний QR кодод мэдээлэл оруулж, хяналт тавьж буй цагдаагийн албан хаагчид гар утас болон одоо ашиглаж буй төхөөрөмж ашиглаж мэдээлэл авч байхаар шийдвэрлэж байгаач мөн л удаашралтай байна.

Автомашины зогсоолын 50 хувийг эзэлсэн цагдаагийн машин, зогсоолгүй иргэд


"Хөлтэй нь хөлөөрөө, хөлгүй нь мөлхөж автобусандаа суу" гэх хатуу зохицуулалтыг цагдаа хийж байна. Иргэн ч бай төрийн албан хаагч ч бай хорио цээрийн үеийн дүрэм журмын ёсчлон биелүүлэх ёстой. Гэвч Төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нар захирангуй, дээрэнгүй өнгө аяс иргэдийн бухимдлыг дээд  цэгт нь хүргэж байгааг онцлон дурдмаар байна.

Орон нутаг руу нийтийн тээврээр зорчих иргэд нийслэлд байрлах гурван авто вокзалаас автобусандаа сууж буй. Харин энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй цагдаа хууль хүчнийхний тооцоо төлөвлөгөөгүй байдал, иргэнээ үл тоосон үйл явц зорчигчдын бухимдлыг дээд цэгт хүргэж байна. Иргэн Д  Улаанбаатараас Говь-Алтай чиглэлийн унаанд суухын тулд нийслэлийн зүүн хэсэг дэх “Тэнгэр худалдааны төв”-ийн авто вокзал дээр иржээ. Тэрбээр удаан хугацаанд эмнэлгээр явснаас бие нь тааруу байгаа нь хэнд ч илт.

Иргэн Д: Зохион байгуулалт маш муу байна. Цагдаа нар их дээрэнгүй юм. Хэрэгтнүүд шиг хөөгдөж туугдаж явсаар автобусандаа ирлээ. Машин зогсоол дээр урт төмрөн хашаа тавьчихсан. Арай ойр замаар замын хүнс хувцас хунараа бариад орчих уу гээд гуйлаа. “Заавал тойрч ир” гээд халгаадаггүй. Энэ ойр хавьд зогсоол алга. Бараг нэг киломертаас хол зайнд хүүхэд машинаа тавиад намайг дөхүүлж ирлээ. Явах нь хүн ор гэх юм. Би чинь ачаа бараа байтугай өөрийгөө яаая гэж байгаа хүн шүү дээ. Гуйж гувшиж байж хүүхдүүд дөхүүлж ирлээ. Ширүүн юм.

Иргэн Б: Шинжилгээний хариу хүлээж байгаад гарангуут нь ингээд явах гэж байна. Хурдхан гэртээ л очвол сайхан байна. Бид нарыг очихоор тусгаарлана гэсэн. Тэр ч яахав. Нутагтаа л очиж байвал. Энэ хавиар машины зогсоол олдохгүй хүмүүст их хэцүү байх шиг байна.

Үнэхээр ч “Тэнгэр худалдааны төв”-ийн арын авто зогсоолд битүү төмөр хашаагаар зам гаргаж, цагдаа нар тэр дагуу зогсож иргэдэд “Наана чинь машин тавихгүй”, “Наагуур чинь орохгүй”, “Чи хаачих гэж байгаа билээ” гэх ширүүн өнгө аясаар зохицуулалт хийнэ. Дугаарлаж зогсоо иргэдийн хувьд энэ урт хашаалсан төмрийн 3-ны нэгд ч хүрэхгүй байгаа харагдана. Харин авто зогсоолын 50 хувьд цагдаагийн машин байрлуулж, иргэд нарийхан төмөр хашааны дундуур ачаатайгаа арайхийн багтаж яваа дүр зурагт өгөх тайлбар байсангүй.

Бага насны хүүхэдтэй ээжүүд, өндөр настнуудаа машинтай хашаа руу оруулаад автобусанд суулгая гэх гуйлтыг  цагдаа нар үл тоож харц дээгүүр зогсоо дүр зураг үргэлжилж байна... Гадаа хүйтний хэм -18 зааж байна.

О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus