Х.Цэндсүрэн: Хүүхдэд теле хичээл үзүүлэхээс бусад цагт аль болох дэлгэцийн хэрэглээг хязгаартай үзүүлэх нь чухал
СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар тус төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эмч Х.Цэндсүрэн зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Хүүхдийн хүчирхийллийг ДЭМБ-аас хүүхдийн Конвенцод заасны дагуу дөрвөн бүлэгт хувааж авч үздэг. Үүнд:
Бие махбодын хүчирхийлэл нь: Тухайн хүүхдийн өөрийн эрхшээлд байлгахыг тулган шаардсан, хүчээр хариу арга хэмжээ авч байгаа үйлдэл юм. Жишээ нь: Хүүхдийг гараар болон эд зүйлээр цохих, зодох, өшиглөх, чимхэх, хазах болон хордуулах үйлдэл гаргахыг хэлнэ.

Сэтгэл санааны хүчирхийллийн хувьд маш өргөн агуулгатай байдаг. Тухайн хүүхдэд янз бүрийн нэр өгөх, энүүгээр шоолох, доромжлох, гоочлох, хайрлахгүй байх, тухайн хүүхдийн хийж чадахгүй зүйлийг хийхийг шаардах нь сэтгэл санааны хүчирхийллийг үүсгэдэг.

Бэлгийн хүчирхийлэл нь:  Тухайн хүүхдийн бэлгийн халдашгүй байдал болон эрх чөлөөнд нь халдах  энэ хүчирхийлэлд  ордог. Үүнд нь:  тухайн хүүхдийг санаатайгаар бэлгийн хүчирхийлэлд оруулахыг завдах мөн бэлгийн хүчирхийлэлд оруулах, садар самууныг сурталчилсан буруу зан үйлд уруу татах, шаардах зэргийг хүчирхийлэлд оруулж авч үзнэ. Бэлгийн хүчирхийлэл нь хоруу чанар ихтэй. Тухайн хүүхдэд сэтгэл санааны болон төрх үйлийн маш хүнд хариу урвал өөрчлөлтүүдийг өгдөг.

Үл хайхрах хүчирхийлэл нь хүүхдийг асран хамгаалагч, эцэг, эх, эгч, ойр дотны хүмүүс нь эрүүл мэнд болон хувцас, орон байраар хангах зэрэг үүргийг биелүүлээгүйн улмаас тухайн хүүхдийн аюулгүй байдал эрсдэлд орох нь хүчирхийлэлд орно.

Хүүхэд хүчирхийлэлд өртсөний улмаас дараах шинж тэмдгүүд илэрдэг. Бага насны хүүхдүүдэд хар дарж зүүдлэх, орондоо шээх, хумсаа  мэрэх, хөгжил нь хоцрогдох, хэлд удаан орох зэрэг шинж тэмдгүүд илэрч байдаг.

Сэтгэл санааны хувьд айсан, санаа зовсон, мартамхай болох, анхаарал төвлөрөлт муудсан, уур уцаартай болох, сургуульдаа явах дургүй болох, аль болох цагийг ганцаараа өнгөрүүлэхийг эрмэлздэг болж эхэлдэг. Энэ талаар сурган хүмүүжүүлэгч багш, эмнэлгийн мэргэжилтэн, тодорхой хүүхэдтэй харилцдаг албан байгууллагууд хүүхдийн биед үүссэн шарх сорвийг харах, сэтгэл хөдлөлийн хувьд ямар өөрчлөлт гарч байгаа дээрх шинж тэмдгүүдийг ажиглан хүчирхийлэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой юу гэдгээс хамааран

  • Цагдаагийн байгууллагын 102 утас
  • Түргэн тусламжийн 103 утас
  • Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх 107 утас
  • Хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх 108 утас зэрэг дугааруудад мэдээлэх шаардлагатай.

Хэрэв сум орон нутаг бол сумын цагдаа, засаг даргад мэдээлж болно. Эсхүл хамгийн ойрын хүмүүс болон багшдаа мэдээлэх нь хамгийн зөв алхам болно.

Гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл нь дахин давтагдах хандлагатай учир энэ тохиолдлыг мэдсэн бол заавал холбогдох байгууллагад хандаж байх нь иргэн хүний үүрэг юм.

Ковид-19-тэй холбоотой хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд эцэг, эхчүүд

  • Хүүхдийн хийж буй үйлдэлд нь анхаарна. Энэ үед хүүхдүүд ихэвчлэн дэлгэцийн хамааралд орох гээд байдаг учраас дэлгэцийн хэрэглээнд хязгаарлалт тавих хэрэгтэй. Теле хичээл үзүүлэхээс бусад цагт аль болох хязгаартай үзүүлэх нь зөв.
  • Бага насны буюу 2 хүртэлх насны  хүүхдэд дэлгэц огт хэрэглэхгүй байхад нь анхаараарай. Харин энэ үед хүүхэдтэйгээ хамт тоглож, ярилцаж, амьд харилцаа тогтоох нь чухал байдаг.
  • 2-5 буюу сургуулиас өмнөх цэцэрлэгийн насны хүүхдэд дэлгэцийн хэрэглээнд хяналт тавьж, өдөрт 1 цагаас хэтрүүлэхгүйгээр зохицуулалт хийх хэрэгтэй.
  • 6-12 насны буюу сургуулийн бага ангийн хүүхдүүдийн хувьд дэлгэцийн хэрэглээг өдөрт  1 цаг 30 минутаас 2 цагийн хооронд тохируулж хэрэглүүлэх ёстой. Ингэхдээ мөн адил завсарлагааг мартаж болохгүй.
  • 13-19 насны буюу  өсвөр насны хүүхдийн нийт дэлгэцийн хэрэглээ хоногт 3 цагаас хэтрэхгүй байх тал дээр анхаарч хяналт тавиарай.
Бусдад түгээх
  • gplus