Бодлогын хүүг бууруулж, нийслэлд гацсан иргэдийг буцаах шийдвэр гарсан долоо хоног
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн УОК болон Засгийн газраас хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн долоо хоног өнгөрч байна. Долоо хоногийн онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Бүх шатны боловсролын байгууллагын амралтын хуваарийг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтын хуваарийг тогтоолоо. Тодруулбал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр зааж, сурагчдыг 2021 оны 02 дугаар сарын 01 хүртэл амраах шийдвэрийг хэвээр үлдээв. Их, дээд сургууль, коллежийн оюутнууд 2021 оны 01 дүгээр сарын 05 хүртэл цахимаар хичээллээд 2021 оны 02 дугаар сарын 15 хүртэл амрах юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш улсын хэмжээнд цэцэрлэгийн 247 мянга, ерөнхий боловсролын сургуулийн 680 гаруй мянга, их, дээд сургууль, коллежийн 147 мянга гаруй оюутан хөл хорио, хязгаарлалтад байна.

Иргэдийг орон нутагт буцаах шийдвэр гарлаа

Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхэллээ. 2020 оны 11 дүгээр сарын 26-ны байдлаар Улаанбаатар хотоос орон нутаг руу 86 мянга орчим хүн явахаар бүртгүүлсний 30 гаруй мянга нь оюутан байна. Иргэдийн 70 хувь нь нийтийн тээврээр, 20 хувь нь хувийн автомашинаар, 10 хувь нь онгоцоор явахаа илэрхийлжээ. Харин орон нутгаас Улаанбаатар хот руу 5,300 гаруй иргэн ирэхээр бүртгүүлээд байна. Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс Улаанбаатар хотоос өдөрт 212 тээврийн хэрэгслээр 8,500 хүнийг тээвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 92 тээврийн хэрэгсэл нэмж гаргана. Иргэдийг хүргэсэн тээврийн хэрэгсэл буцахдаа орон нутагт байгаа иргэдийг авчрах юм. Хувийн автомашин болон онгоцоор явах иргэд мөн бүртгүүлж, шинжилгээнд хамрагдана гэдгийг журамд тусгасан байна.

Иргэд:

1. www.119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно
2. Товлосон газар, цагтаа шинжилгээ өгнө
3. Шинжилгээнийхээ хариуг www.119.mn вебсайтын “Шинжилгээний хариу авах” цэснээс регистрийн дугаараар шалгаж авна
4. Хариу сөрөг гарсан бол Автотээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn вебсайтаар тасалбараа захиална
5. Хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар луугаа хөдөлнө
6. Зам дундын хяналтын постуудад шинжилгээний хариу, бусад бичиг баримтаа шалгуулна
7. Орон нутагт очсоны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног байна
8. Тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ өгнө Цар тахлын халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш явуулахаар төлөвлөжээ.

Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Ерөнхийлөгчийн зүгээс “2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн” гэсэн юм. Мөн долоо хоногийн төгсгөлд чуулганы хуралдаан оролцож өргөн барьсан хуулийн төслүүдээ татан авч байгаагаа мэдэгдлээ. онгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, миний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцсэн мэт байдлаар буцаах болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрийн чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ гээд юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх ёстой шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал хэт улстөржсөн, иргэд олон нийтийг илэрхий төөрөгдүүлсэн, үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн, монгол төрийн уламжлалд үл зохицох арга байдлаар явагдах болсонд харамсаж байгаагаа илэрхийлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдээ татан авч буйгаа мэдэгдэв.

Бодлогын хүүг 2 нэгж хувиар буурууллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Энэхүү хуралдаанаар: 1. Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх; 2. Банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох; 3. Эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; 4. Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэрийг гаргалаа.

О.Онон
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-11-29 09:50:40
    замын ажил 10сарын 15нд дууссан байх ёстой доо. сайн дураараа замд ажиллж байна уу
  • зочин 2020-11-28 04:18:57
    Замын Ажлын зуны кемп нь буусан улирлын ажилчид хэцүү бна Хоол унд Дулаан гэр оронгүй болсон байна Хаанаас хариу авах вэ Хотод орж ирэх жүмүүсээ яаралтай авья...